Оорцог-Энгэрийн өртөөнд ажилчдын байрны ХАНА ЦУУРЧЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдсэн газар хөдлөлтийн талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн Шилийн тээг гэх газар (Сумын төвөөс хойд зүгт 16 км-т) өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар Төмөр зам"-ын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна" гэж мэдээллээ.
 


Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ.

Газар хөдлөлт болсон хугацаа
 

  • Улаанбаатарын цагаар: 2021.03.23, 22:46:54
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.75 108.33
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд): 5.5
  • Болсон газар: Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Хойд зүгт 16 км зайд.

Гуравдугаар сарын 24: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах Олон Улсын өдөр

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”. Гэтэл яг энэ өдрийн өмнө Монголд газар хөдөлсөн нь сонин тохиол боллоо. 

Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд  чичирхийлэл нь мэдрэгджээ. 

АНХААР I Газар хөдөлбөл бид юу хийх ёстой вэ!
 

ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ: Дэлхийн царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.

ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫН ӨМНӨ ЮУ ХИЙХ ВЭ?
 


 

  • Хэрвээ газар хөдөлбөл танай гэр, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
     
  • Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
     
  • Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Хамгийн аюул багатай хэсэг бол коридор (Хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
     
  • Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах зэргээр дадлага, сургуулилт хийх
     
  • Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
     
  • Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
     
  • Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
     
  • Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
     
  • Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
     
  • Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
     
  • Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
     
  • Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
     
  • Гар чийдэн (Нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
     
  • Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
     
  • Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
     
  • Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
     
  • Галын хор ашиглаж сурах

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
059(103.14.38.134) 2021 оны 03 сарын 24

Elegnii uvhcnuur shou khiideg tanai emnelgiig ard tumen meddeg bolsoor udlaa....ardiin zasag bas meddeg blson yum blgui dee....zuv sh dee....shoumen bolichikhdoo chamaar l dutav gej...

0  |  0
Top