КОВИД 19 I БНСУ-д халдварын тоо 100 мянгыг давжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 506-аар нэмэгдэж, нийт тохиолдол 103088 болжээ.

Шинээр илэрсэн 506 тохиолдлын 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Өмнөд Солонгост нийт 95030 иргэн эдгэрсэн бол 1731 хүн нас баржээ. Хоногт 2 хүн нас барж, 400 гаруй хүн эдгэрсэн байна.

Тусгаарлалтад хоногт 37 иргэн орсон нь коронавирусний халдварын гурав дахь давлагаа маш хүчтэй байсан БНСУ-д одоо халдварын тоо буурсныг илтгэнэ.

Өмнөд Солонгост нийт 852202 хүн вакцинд хамрагджээ.

Манай улсын хувьд ирэх сард хийхээр төлөвлөсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, дөрөвдүгээр сард Сөүлээс бусад чиглэлийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжсэн юм. Зөвхөн транзит зоригч авах дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэд мөн адил энгийн горимоор тийзээ авна. Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Асиана Эйрлайнс, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Кореан Эйр компанийн нислэгээр Сөүл-Улаанбаатар чиглэлд ирэх хүсэлтэй иргэд дээрх компаниудад шууд хандан тийзээ авч болно.

Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг ЭСЯ-нд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top