БНСУ хатуу хөл хориогоо сунгалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

БНСУ-ын Засгийн газар ковидын халдварын тархалтын эсрэг одоо хэрэгжиж байгаа хөл хориогоо гурван долоо хоногоор сунгажээ.

Тавдугаар сарын 23-ныг хүртэл хэрэгжих хөл хорионы үеэр тус улсад 4-өөс дээш хүнийг хамарсан ямар ч хурал, цуглаан болохгүй.

БНСУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурахгүй байна.

Халдварт өвчин судлалын төвийнх нь мэдээллээр тус улсад хоногт 661 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт халдварын тоо 122007 болсон бол хоногт гурван хүн нас барж, нийт нас баралт 1828-д хүрчээ.

БНСУ-д коронавирусний халдварын дөрөв дэх давлагаа эхэлж болзошгүй талаар эрүүл мэндийн байгууллагууд нь энэ сарын эхээр мэдэгдсэн юм. БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр шинээр халдвар авсан хүний ​​тоо хоногт 500-гаас давж байгаа нь халдвар бүрийн цаана нэгээс илүү тохиолдол байгааг харуулжээ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл хөл хорионы арга хэмжээг чангатгахаас өөр аргагүй гэж БНСУ-ын Эрүүл мэндийн яам анхааруулсан билээ.

БНСУ-д вакцинжуулалт хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн юм. Тус улс хэд хоногийн өмнөөс 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Вакцинжуулалт үр дүн өгч, коронавирусний халдвараас хамгаалах ажилд тус болно гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top