АНУ-ын шүүх анх удаа зааны нэхэмжлэлийг авч хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

АНУ-ын Нью Йоркийн давж заалдах шатны шүүх Хэппи хочтой эм зааны нэхэмжлэлийг авч хэлэлцэхээр болжээ. Түүнийг амьтны хүрээлэнд хуулийн дагуу байлгаж буй эсэхийг тогтоолгох зорилгоор “Nonhuman Rights Project” сан нэхэмжлэл гаргасан байна.

Энэ нь амьтны нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэлийг англи хэлээр ярьдаг орны шүүхээр авч хэлэлцэх гэж буй түүхэн дэх анхны тохиолдол гэж мэдэгдэлд онцолжээ.

Энэ түүх 2018 онд эхэлжээ. Тухайн үед тус сангийн амьтан хамгаалагчид Хэппи заан эрх чөлөөтэй байх, Бронксын амьтны хүрээлэнгээс зааны дархан цаазат газар руу шилжих үндсэн эрхтэй гэж үзэн шүүхэд хандсан байна. Хэппи заан тус амьтны хүрээлэнд 40 гаруй жил амьдарч байгаа бөгөөд амьтны хүрээлэнд буй нь хууль ёсных эсэх нь шүүхээр шийдвэрлэгдсэн дэлхий дээрх анхны заан болжээ. Гэвч анхан шатны шүүх энэ асуудлыг авч хэлэлцэхээс татгалзсан тул давж заалдах шатны шүүхэд хүрээд байна.

Хэппи эм зааныг 1977 онд АНУ-д авчирчээ. Анхандаа тэр бусад заануудын хамтаар байдаг байсан бол зарим заан нь үхэж, заримтай нь байнга сөргөлдөж байсан тул тусад нь байрлуулжээ. Хэппи арав гаруй жил ганцаараа амьдарч байгаа бөгөөд бусад заантай харьцах боломжгүй байгаа гэнэ.

Сангийн төлөөлөгчид зааныг дархан цаазат газарт шилжүүлэх цахим шаардлага тавиад байгаа бөгөөд одоогийн байдлаар үүнийг 1.5 сая хүн дэмжээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top