М.Бадамсүрэн: Халдвар гараагүй 13 хонож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Энэ удаагийн “Засаг дарга ярьж байна” буландаа Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг урьж оролцууллаа.


 

-Аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Дорнод аймгийн хувьд Хүний хөгжил, Эдийн засгийн хөгжил гэсэн хоёр зүйлийг бодлогын хэмжээнд төлөвлөж ажлаа эхлүүлсэн. Анх намайг ажил авахад хүний хөгжлийн индексээрээ манай аймаг дундажаас доогуур үзүүлэлттэй байсан. Одоо бол улсын хэмжээнд Орхон аймгийн ард хоёрдугаарт орсон. Энэ бол бидний хүрсэн бас нэгэн томоохон үр дүн хэмээн бодож байна. Харин цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын дэмжлэгийг авч томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлын байрыг олноор нь гаргах зайлшгүй шаардлага байгаа. Өргөн уудам нутагтай, аж үйлдвэржсэн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан учраас бүрэн боломж бий. Хэрэв ингэж томоохон үйлдвэрүүдийг бүтээн байгуулж, ажлын байр олноор нь бий болгож чадвал эдийн засгаас гадна хувь хүний хөгжлийн хувьд нилээд томоохон түлхэц болох учиртай. Өөрөөр хэлбэл орон нутаг өөрийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, өөрсдөөс шалтгаалах бүхий л ажлаа хийж байгаа боловч Засгийн газрын түвшний дэмжлэг хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт, манай аймаг нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ мөн л Орхон аймгийн ард хоёрт бичигдэж эхэлсэн. Татвар төлөлтийн идэвхи их сайн, улс болон орон нутгийн төсвийн орлого байнга давж биелэж байна. Энэ нь цаашид томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын баг, аж ахуйн нэгжүүдэд нилээд урам болж байгаа. 

-Дорнод аймгийн хувьд хаваржилт хэр болсон бэ. Мал төллөлт дууссан уу?

-Мал төллөлт одоогоор 80 орчим хувьтай явж байна. Өнгөрсөн жилийн хувьд манай аймаг өнтэй сайхан өвөл, сайхан хавар болсон. Энэ жилийн хувьд ч хаваржилт их сайхан байгаа. Өдийд гэхэд л цас, бороо холилдож ороод газрын чийг их сайтай байна. Өмнө жилүүдэд хуурайшилт ихтэй, гал түймрийн аюултай байдаг байсан бол энэ жил их сайхан хавар болж байна.  

-Энэ жил хэдий хэр талбайд тариалалт хийх вэ. Тариалалтын ажил хэр явж байна?

-Жилдээ 40 гаруй мянган га талбайд тариалалт хийдэг. Улаан буудай, үр тариа, тос, эм, тэжээлийн ургамал зэргийг тариалдаг онцлогтой. Бусад орон нутгаас ялгаатай нь намар нэг сар орчим илүү хугацаанд дулаахан байдаг учраас сүүлийн жилүүдэд бусад төрлийн ургамлыг ихээр тарьж байгаа. Манай аймагт байдаг “Дорнод гурил” компани жилдээ 10 гаруй мянган тонн улаан буудай хүлээж авч тэр хэмжээгээрээ гурил үйлдвэрлэн зүүн бүсийнхээ хэрэгцээг бүрэн хангадаг. Цар тахалтай холбоотойгоор хаврын тариалалт бага зэрэг хойшилж, удааширч байгаа явдал байгаа. Хөл хорио, техник хэрэгсэл, шатахуун, дагалдах хэрэгслийн үнэ ханш нэмэгдсэн зэрэг нь бэрхшээл болж байна.

-Коронавирусний нөхцөл байдал одоо ямар байгаа вэ?

-Дорнод аймаг бол хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн аймгуудын нэг. Өнөөдрийн байдлаар улс орон даяар хамгийн бага халдвар бүртгэгдсэн байгаа нь Баян-Өлгий, Увс, Дорнод аймаг. Халдвар анх илэрснээс хойш нийтдээ 47 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 10 орчим нь зөөвөрлөгдсөн тохиолдол. Аймгийн төвөөс гадна гурван суманд энэ өвчний халдвар илэрсэн. Гэсэн хэдий ч эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид, онцгойгийнхон маань сайн ажилласнаар өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар аймгийн төвд халдвар гараагүй 13 хонож байна. Дахиад 15 хоног өвчлөл бүртгэгдэхгүй бол буцаад ногоон бүс болох боломжтой. Дорнод аймгийн хэмжээнд иргэдийн 70 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тунд, 20 орчим хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байдалтай байна. Вакцинжуулалт манай аймгийн хувьд бусдыгаа бодвол харьцангуй сүүлд эхэлсэн. Учир нь өвчлөл их, хилийн боомт, уул уурхайтай аймгуудыг эхлээд вакцинжуулах бодлогыг төрөөс барьсан. Гэвч бид бүхэн шат, шатандаа хичээж энэ сарын 15 гэхэд нийт хүн амаа нэгдүгээр тунд бүрэн хамруулахаар ажиллаж байгаа.

-Нийслэл, бусад аймгаас очиж байгаа, дамжин өнгөрөх хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Бид бүхэн Засгийн газар, УОК-иос гаргасан тогтоол шийдвэр, Шадар сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 42-р журмыг үндэслэн зорчих хөдөлгөөнийг зохицуулж байна. Энэ журамд маш тодорхой зааж өгсөн. Зайлшгүй тохиолдол буюу эрүүл мэнд, буяны ажил зэргээр зорчиж байгаа, уул уурхай, эрчим хүч, газар тариалан, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа бол вакцины нэг, хоёрдугаар тунд бүрэн хамрагдаж 14 хоносон байх, вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Мөн халдвараас хамгаалах амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг дүрмийг мөрдүүлэн ажиллаж байна.

-Засгийн газраас хаврын тариалалт, малчдад хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Танай аймгийн хэмжээнд уг зээлд малчид, тариаланчид хамрагдаж чадаж байна уу?

-Дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу улаан түвшинд шилжсэнтэй холбоотойгоор банкууд иргэдэд үйлчлээгүй. Тийм учраас зээл олголт дээр хэсэг хугацаанд завсар гарсан. Үүнээс өмнө амжаад зээл авсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс байгаа. Одоо бол банкууд хүсэлтүүдээ судлаад тухайн зээлийг дариухан өгөх тал дээр ажиллаж байгаа байх. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top