Хүн гэдэг амьтан сармагчин ажаагаасаа салж хөгжихдөө, бүр тэрнээс ч өмнө нэг зүйл заяагдмал байсан нь хүйс. Биологийн хувьд эр, эм гэж хүйс бий. Гэтэл жендэр гэж яриад байдаг. Эр, эм, гэх ойлголт бол өөрөө социологийн ойлголт юм. Хүй нэгдлийн үеэс, иргэншсэн нийгэм болох хүртэл аж амьдралын ачаа илүү хүчтэй дээрээ оногддог байж. Тиймээс хүчний ажлыг эрчүүд, чимхлүүр ажлыг эмэгтэйчүүд хийдэг байсан юм. Хүн гэдэг амьтан илүү нийгмийн амьтан болж хөгжихтэй зэрэгцэн энэ байдал алгуураар өөрчлөгдсөн билээ. Тиймгүй бол Альбрехт Дюрэрийн алдарт зургууд, Микеланжологийн баримал, Моцартын суут зохиолууд төрөхгүй байсан ч байж мэдэх юм. Олон зүйлийг эс нуршин Монгол эрэгтэй хүний эрх чухам хаана гээгдэж хоцорсныг хамтдаа хайя. Ингэхэд ер нь эрчүүдэд эрх гэж бий юу...
Нийгэм хэмээх хайрцаг
Эрхэм уншигч та элдэв төрлийн нийгмийн сурталчилгааг анзаараад нэг хараарай. Халаасны хулгайчаас болгоомжил, хүчирхийллээс ангид хүн бай зэрэг сурталчилгааг харвал хулгайч нь эрэгтэй, хүчирхийлэгч нь ч мөн адил эрэгтэй хүйсээр төлөөлүүлсэн байгаа. Архидалтаас сэргийлье гэж нийгмийн акц өрнүүлэхдээ ч эрчүүд рүү чиглэж байгааг анзаарвал эр гэх хүйсний хүмүүс л болохгүй зүйлсийн эх ундарга аж. Бэлгэдлээрээ бид айл гэрийн ноён нуруу ч, амьдралын болохгүй асуудлууд мөн адил биднийх л гэж өмчлөхөөр хэвшсэн ойлголтыг нийгэмд үүсгэжээ.
Хамтдаа эр хүнийг төсөөлөх гээд оролдъё л доо. Удирдагч, жанжин, цэрэг, хатуу чанга, манлайлагч, авран хамгаалагч, юунд ч бууж өгдөггүй сэтгэлийн тэнхээтэй ханагар эр мэт төсөөлнө. Монгол хүнд бол барагтай дуугараад байдаггүй, олон таван үггүй, юу ч болж байсан данхайгаад сууж байдаг эрээр төсөөлөгддөг. Бага ангийн сурагчдын монгол хэлний өгүүлбэр дээр ч хүртэл “Бат түлээ хагалж, Цэцэгээ цай чанав” гэж жишээлж байгаа улс бага байхаас нь эхлээд л хүйсийн тэгш эрх гэдгээ зөрчөөд эхэлдэг байна. Эрэгтэй хүн хаана ч амьдраад явчих чадвартай, охин хүүхэд хэцүү гээд сургууль соёлын барааг охин хүүхэд бараадсанаар эрэгтэй хүүхдийн сурах эрхийг зөрчинө. Сургууль завсардалтын хувь хөвгүүдийн дунд, тэр дундаа хөдөөгийн малчин айлын дунд өндөр байгаа нь нийгэм хэмээх хайрцагт хийгээд сэгсэрч байгаагийн тод жишээ.
Хайрцагладаг шалтгаанууд
Эрэгтэй хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн, тэмцэл түүхийн туршид багагүй өрнөж байжээ. Энэ бүгдийг харахад дараах байдлаар эрэгтэйчүүдийг нийгэм өөрөө хайрцагладаг байна.
Хүүхэд асрах: Гэр бүл салсны дараа аав, ээжийн хэн нь хүүхдээ асрахыг шийдэх шүүхийн шийдвэрүүд голцуу ээжийн талд гарсан байдаг. Салалтын дараа эмэгтэйчүүд зөвхөн өөрийн өнцгөөс эсвэл салсан нөхрөөсөө өшөө авах зорилгоор хүүхдийг эцэгтэй нь уулзуулахгүй, эцгийн талаар сөрөг мэдээлэл өгдөг, салалтын буруутан нь эрэгтэй хүн гэж ойлгуулдаг.
Гэмт хэрэгтэн: Аливаа гэмт хэрэгт хамгийн түрүүнд эрэгтэй хүнийг түрүүлж сэжиглэдэг. Мөрдөх ажиллагаа ч эрчүүд рүү голлон сэжиглэдэг. Шөнө орой явж байгаа эрэгтэй хүнийг нэг бол согтуу, нэг бол гэмт этгээд гэж харах нь элбэг.
Хүчирхийлэл: Бэлгийн болон сэтгэл санаа, бие махбодын хүчирхийллийг голдуу эрчүүд үйлдэж, хохирогчид нь хүүхэд эмэгтэйчүүд болдог гэх ойлголт нийгэмд түгээмэл. Эмэгтэйчүүд ямар нэгэн үйлдэл гаргахад эцсийн дүнд эрчүүдийн буруу болдог бол эрчүүд ямар нэгэн үйлдэл гарвал мөн л хамгийн түрүүнд гэмтэн болно. Хэрэв ямар нэгэн хүчирхийлэлд эрэгтэйчүүд өртлөө гэвэл эр хүн байж арчаагүй, доожоогүй гэж нийгмээрээ гадуурхана.
Эрүүл мэнд: Дэлхий дахинд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс дунджаар таван хувиар бага байдаг. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тухай ойлголт нийгэмд бараг байхгүйгээс өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай.
Боловсрол: Дэлхий дахинд сургууль завсардалтын түвшин эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Энэ нь хүйсийн тухай хэвшмэл сэтгэлгээтэй хамаатай болж таарч байгаа юм. Амьдралын нугачаанд эрчүүд сургуулиа хаях нь хэвийн үзэгдэл мэт болжээ.
Хөдөлмөрийн нөхцөл: Ажил үүргийн хуваарь дээр мэргэжлээс шалтгаалсан өвчин тусах магадлал өндөр, илүү ачааллыг зөвхөн эрчүүд л үүрдэг гэх судалгаа гарчээ. Дэлхий дахинд ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, осолд эрчүүд эмэгтэйчүүдээс 50 хувиар илүү өртдөг болох нь тогтоогджээ.
Амиа хорлолт: Дэлхий даяар амиа хорлож байгаа 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй хүн байгаа гэх сэтгэл эмзэглэм судалгаа бий. Амьдрал хөгжөөд, хотжихын хэрээр амиа хорлолтын дийлэнхийг эрчүүд эзлэх барайлгах мэдээ байна.
Одоогоос 11 жилийн өмнө 2010 онд нэгэн судалгааг хийжээ. НҮБ-ын Хүн амын сангийн захиалгаар Монголын эрэгтэйчүүдийн холбоо, “Идэр” дээд сургуулийн социологийн тэнхим “Монголын эрэгтэйчүүдийн үнэлэмж” гэх судалгааг Архангай, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 1000 хүнийг хамруулан хийсэн байдаг. Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 77.6 хувь нь эрчүүдийн үнэлэмж буурсан, эмэгтэйчүүдийн 86 хувь нь эрчүүдийн үнэлэмж алдагдсан гэж дүгнэжээ. Эр хүний үнэлэмж юунаас болж буурч байгааг асуухад архидалт, хүндэтгэл, эрчүүдийн биеэ авч байдал зэрэг голлох гурван шалтгаан гарч ирсэн байна.
Хайрцагнаас гарч чадах уу?
Хэвшмэл ойлголтыг цааш нь түлхээд, эр хүйстнээ хайрцагнаас гаргах гэж бид оролдож байгаа ч өнөө хэр нь үр дүнд хүрээгүй л байна. Эрэгтэйчүүдийн үнэлэмжийн тухай дээр дурдсан судалгааг хийж байх хооронд Монгол Улс “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан юм. Нийт зургаан бүлэг, 27 зүйлтэй уг хуульд өмнө нь дурдаж байгаагүй олон зүйлсийг тусгасан бий. Энэ хуулийн тав болон зургаа дугаар зүйл анхаарал татна. Уг хуулийн тавдугаар зүйлд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого” гээчийг тодорхойлж, улмаар 5.2-т “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлын гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэнэ” гэж тодорхойлжээ.
Уншигч та дээрх хуулийг хараад зөвхөн лоозон төдий байгааг гадарласан байх. Сайхан нэртэй эл хууль батлагдсанаас зургаан жилийн дараа 2017 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” гэгчийг баталсан юм. Хөтөлбөрийн эхэнд дандаа эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон дурдаад эрчүүдийн талаар бага дурдсан нь хөтөлбөр өөрөө жендэрийн асуудалд мэдрэмжгүй хандсаныг нотолдог. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрийг лоозон төдий байсныг батлах зүйл нь 2016-2020 онд энэ хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ. Нэгдүгээрт, Салбаруудын жендэрийн бодлого болон бүх аймаг, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр батлагдана, хоёрдугаарт, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөнө, гуравдугаарт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавх бэхэжнэ, дөрөвдүгээрт, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэнэ гэж тооцжээ. Үүнээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнээс харж болно. Бусад талаараа жендэрийн тэгш эрх гэдэг зүйл төдийлөн хэрэгжсэнгүй.
Монгол Улс 2050 он хүртэл хөгжих урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулаад удаагүй байна. Одоогоор нийгмийн зарим хэсэг нь үүнийг зөгнөлт зохиол, хэтэрхий урт хугацаанд төлөвлөсөн гэж шүүмжилж буй. Шүүмжлэл ямар ч байсан “Алсын хараа-2050” хөтөлбөрт жендэрийн тэгш эрхийн тухай нэг ч үг өгүүлбэр алга. Хэвшмэл ойлголтоо цэгцлэхгүйгээр дараагийн 30 жилийн төлөвлөгөө хэрэгжихэд амаргүй. 30 жил ярьж ирсэн лоозон болсон үгээ дараагийн 30 жилийн ерөнхий төлөвлөгөөндөө оруулчихаар яаж хол явах вэ гэдэг сонин асуулт урган гарч ирнэ. Монгол хүний удмын санд анхаараад, өндөр орлоготой улс болж цахим засаглалаар тэргүүлэх улс болно гэж амбицтай тооцсон атлаа жендэрийн тэгш эрх гэдгийг нэг ч удаа дурдсангүй. Яахав зарим салбарт тэгш байдал гэх үг байх авч тэр нь жендэр гэдэг утгаараа тусгагдаагүй байна.
Шагдар ба Жендэр
Гарын таван хуруу киног уншигч та санаж байгаа байх. Нэрт зохиолч Ч.Лодойдамбын ижил нэрт жүжгийн зохиолоос сэдэвлэсэн кино 1983 онд дэлгэцэд гарч байжээ. Кинонд Шагдар гэж эрэгтэй гарна. Гэр хороололд өнөр өтгөн аж төрж байсан сайхь эр гэнэт хувь заяаны хүрдээ өөр тийш нь эргүүлж хотын ганган эмэгтэйтэй дэр нэгтгэж байгааг зэрэгцүүлэн өгүүлнэ. Киноны агуулга, дүрийн сонголтын хувьд ярих юмгүй. Театрын драматургтай учраас “Гарын таван хуруу” кино өнөө хэр нь үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг тийм л зохиол. Гэхдээ Шагдар гэж чухамдаа хэн юм бэ? Зохиолч үнэхээр түүнийг үзэн ядуулахыг хүсэв үү?
Киноны эхэнд чиглэлийн автобуснаас Шагдар, Должин хоёр бууж байгаагаар гарна. Киноны дүрийн хувьд Шагдар нь цагаан футболк, Должин нь улаан цамцтайгаар гэр өөдөө зүглэнэ. Замдаа “Улс амьтнаас ичихэд яадаг байна аа, хэрэггүй хог цуглуулаад” гээд нөхрөө зэмлэж байгаа үзэгдэнэ. Цагаан хувцастай Шагдар нь “Хүүхдүүд маань урьдын улс юу хэрэглэж байсныг хараг л дээ” гэж өөрийгөө зөвтгөнө. Чухам үүнээс Шагдар хаашаа чиглэснийг, Шагдар чухам хэн бэ гэдгийг маш тодорхой харж болно. Эхнэртээ зэмлүүлсэн Шагдарыг хүүхдүүд тойрон бүчээд эхнэрийнх нь “хог новш” гэж харсан зүйлсээ хүүхдүүддээ гайхуулна. Гэвч ээж дээр аль ч хүүхэд нь очдоггүй. Яагаад юм бол. Бодож амжаагүй байхад сцена солигдоно. Шагдар гараа угааж, хувцсаа сольчихоод хүүхдүүддээ гартаа юу байгааг таалгана. Хүүхдүүд цөм “чихэр” гэхэд Шагдар “Маргааш үзэх жүжгийн билет бүгдээрээ явна шүү, долоон билет авснаа чамд хэлэхээ мартчихаж” гэх нь тэр. Эхнэр нь юу гэж хариулдаг гээч “Хүүхдийн юмаар яах вэ дээ... эд нар үзнэ биз... Би чадахгүй ээ...” гэж уцаарлана. Жүжиг нь “Алтан загасны үлгэр” байж таардаг. Эхнэр нь уурлаад яваагүй тэр жүжиг дээр Шагдар хотын эрхэмсэг хүүхэн Хорлоог олж хардаг юм. Зохиолчийн гайхалтай уран санаа. Должин бол нөхрөө бусдын юу гэж харахаар дүгнэдэг. Эр нөхрөө байгаагаар нь хүлээж авдаггүй, зөвхөн өөртөө тохируулах гэж уцаарлангуй ханддаг, “эхнэр” гэж дүгнэхэд хэцүүхэн эмэгтэй. Түүний адайр аашнаас Шагдар төрөн гарсан юм. Салсны дараа хүүхдүүд нь хэрхэн гомдож байгаагаар эцэг хүний нөмөр нөөлөг ямар байсныг дүгнэж болно. Зохиолч чухам үүнийг ойлгуулах гэж л диалог бүрдээ дурдсаар байна. Киноны төгсгөлд бүр сайхан хэсэг. Гэрлэх ёслолын ордонд том охин нь хуримлана. Эцэг хүний хувьд очиж чадахгүй Шагдар цэнхэр москвич машинтай алсаас харж зогсоно. Том охин нь уйлж байгаагаар кино дуусна. Тэр нулимс бол Шагдарын зөвтгөл юм. Шагдар хэн ч байж болно. Гагцхүү хааш нь залдаг вэ гэдгийг ханиас нь хай гэдгийг их зохиолч сод бүтээлээрээ бидэнд үлдээгээд оджээ.
Театрын тайзнаас, дэлгэцийн хойморт заларсан Шагдарын дүр өдгөө шинэ шатанд гарч ирлээ. Нийгэм солигдлоо ч хүн гэдэг амьтан байж л байна. Тиймээс Шагдар, Должин нар өнөө ч байж л байгаа. Хэдийгээр бид Шагдарыг үзэн яддаг болж, жендэрийн үүднээс авч үзвэл гэр бүл дэх уур амьсгал Шагдарын хувь заяаг өөр тийш нь эргүүлж орхидог. Чухам үүгээрээ жендэр гэж цуурах болсон, цээжээ дэлдэх болсон цагт “Гарын таван хуруу” бол гарын авлага юм. Чухам ирээдүйд Шагдарууд бий болгохгүйн тулд бид анхаарах ёстой. Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай, жендэрийн тэгш эрхийг зөвхөн эрчүүд зөрчдөг биш. Жендэр гэдэг бол эр, эм хоёр хүйсийн адил тэгш нөхцөлийг хэлнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )