Бразилд Энэтхэгт тархсан коронавирусний шинэ омгийн анхны тохиолдол бүртгэгджээ.
“O Globo” сонин мэдээлснээр Бразилын Мараньян мужид усан зам дээр зогсож буй Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас ирсэн “Mv Shangon Da Zhi” хөлөг онгоцон дээр энэтхэгийн вирус илэрчээ.
Хөлөг дээр илэрсэн 15 тохиолдолд геномын судалгаа хийхэд зургаад нь B.1.617.2 төрлийн вирус илэрсэн байна. Энэ нь Энэтхэгийн шинэ омог юм.
Халдвартай хүмүүсийг тусгаарлаж, хөлөг онгоцыг эрэг рүү ойртохыг хориглосон байна.
Бразил улс коронавирусний халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт явж байгаа билээ. Тус улсад 24 цагийн хугацаанд 79219 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 15.8 сая болсон бол нас баралт хоногт 2641-ээр нэмэгдэж, 442 мянгыг давжээ.

Сэтгэгдэл ( 0 )