"Хоёр Өлзий" гэхээр эгэл даруу хоёр зураачийн дүр санаанд бууна. Тэд саяхан "Огторгуйн нүүдэл"-ээ эхлүүлж олон олон жинчидийг араасаа дагуулсаар байна. Цар тахлын хөл хорио уран бүтээлч хүмүүст "олз" болж урландаа нам бүгсэн. Зураач нь зургаа зурж, зохиолчид нь номоо бичсээр нэг л мэдэхэд хоёр жилийг ардаа үджээ. Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан хоёрын бүтээлийн санаа, цараа, ур хийц, утга учир, өгүүлэмж эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж, огт ондоо ертөнцөөр аялуулав. Яг л огторгуйд дүүлэх мэт тийм цочмог халуун, сэлүүн тэнүүн мэдрэмжийг өгч, зарим үед уужим амьсгаа аван тайтгарч, зарим үед амьсгал давхцуулан "сандаргав". "Уран бүтээлч хүн ямар нэг урсгалд баригдахгүй, үргэлж эрэл хайгуул хийж шинэлэг байх ёстой. Урьд нь зурсан арга барилаараа өөрийгөө давтаж болохгүй" гэж тэд нэгэнтээ дуу нэг хэлж байсан. Үнэхээр л тэд энэ удаа удаан бясалгаж, холын нүүдэл хийж, хорвоог даялахаар шийджээ.
Т.Өлзийжаргал хэмээх даруухан бор залуу өөрийн бүтээлээ имперсионист, модерн урсгалаар язгуур зан заншил, монгол ахуй, морь мал, байгаль орон, дорно дахины философийг шингээж зурдаг билээ. Энэ удаа түүний бүтээлд эртний баатрууд амилж, домогт хүлгийн үүрсээн сонсогдов. Чингис хаан, Жамухтай хөх тэнгэр дор, хөрст газар дээр андгай тавьж буй сүрдэм үйл явдалтай ч нүүр туллаа. Жаахан л урагш алхчих юм бол тэдний шигэлбэр гэзэг салхинаа хийсэж, намрын өвсний сөл хөл дор шаржигнам, ялалт, ялагдлыг зөгнөсөн зүрхнийх нь цохилт сонсогдом амьд ажгуу. Бас тэдний харц тулгарсан огтлолцол дунд хавчуулагдаж, хайрагдаж, хазуулж ч мэдэхээр тийм догшин, дагшин байх ажгуу.
"Дуут сум" бүтээлээрээ зураач маань юу илэрхийлэхийг зорио юм бол... Урт хар гэзэгтэй нүцгэн гоолиг бүсгүй морины нуруун дээр дээш харан хөндөлдөн тэгнэжээ, бараг л агаарт жингүйдэн хөвж байна уу гэлтэй. Түүний царай харагдахгүй байх хэдий ч биеийн хэлэмж нь ямар нэгэн зүйлд тэмүүлээд байгааг илтгэнэ. Царай төрх нь гоо үзэсгэлэнтэй гэдэгт итгэнэ. Нүцгэн биеийг нь хальтхан ороосон шаргал алчуур салхинд хийсэн үзүүр нь наранд шатах мэт гэрэлтэнэ. Морь нь хайрга чулуунд халгах мэт арагш суун тусаж, толгойгоо бөхийлгөн духайлгасан нь нүүр нүдгүй шуурах дуут сумыг сөрж буй мэт харагдана. Ямартай ч хүлэг, хүн хоёр эсэргүүцэл бүхнийг тэмцэх үнэний дуу хоолой, эсвээс магадгүй хайр сэтгэлийн төлөө давшин тэмцэгч байх. Тэнгэрээс шунгинан бууж буй дуут сум тэдэнд баяр авчрав уу, гуниг авчрав уу гэдгийг та очоод мэдээрэй. Өлзийжаргалын бүтээл ийнхүү илүү амьд халуун, илүү шилжсэн хөдөлгөөнтэй, сэтгэлийн хөөрөлтэй, басхүү гүн гүнзгий бодролтой болжээ.
Шавилхан биетэй, урт хар гэзэгтэй, хонин бор нүдтэй бүсгүйг А.Өлзийжавхлан гэдэг. Биедээ баймгүй том бүтээлийг туурвиж яваа энэ бүсгүй Дундговь аймгийн Өлзийт сумын унаган охин. Өлзийтийн талаас урлаг соёлын олон алдартнууд төрдөг бол бийр бүжүүлэгч уран гартанг эрин галавын хөндийгөөсөө, эртний чулуужсан тууриасаа төрүүлжээ. Түүний бүтээлийн амин сүнс нь монгол гэр, монгол банхар, монгол ахуй бөгөөд энэ ахуйдаа энэ удаа араг дүүрэн аргалыг овоолон шивээлсэн нь бүр ч дулаан илч гэгээг төрүүлэв. “Хүн хамгийн сайн мэддэг зүйлээ л зурах дуртай байдаг. Мэдээ орохын л эсгий гэрт эрхэлж өссөн энхрий жаахан охины хурга ишигтэй тоглож өнгөрүүлсэн гэрэлт өдрүүд зүүд зэрэглээ мэт зүрхний угаас ундран боргилж тэжээж тэтгэж байдаг юм” гэж Өлзийжавхлан инээмсэглэн өгүүлж байсан.
"Огторгуйн нүүдэл" үзэсгэлэнгээр зураач бүсгүй маань байгаль эх, хүн хоёрын шүтэн барилдлага, амьд оршихуйн мөн чанар, эрт үеэс зохицон амьдарч ирсэн нүүдэлчин ахуйн, зан заншил, монгол сэтгэлгээг харуулсан гэгээлэг, өнгөлөг зургуудаа дэлгэжээ. Ялангуяа гэрийн гадаа, хотоо манан налайж байдаг дөрвөн нүдтэй сүрлэг банхараар зураг бүхнээ мануулсан нь учиртай. Банхар нохой эртнээс монгол хүний анд нөхөр байсаар ирсэн. Магадгүй Өлзийжавхлангийн багын анд нөхөр нь нохой байсан байх. Тэр банхар одоо ч бүсгүйн зүүд нойрыг манан, бийр янтайг нь хамгаалж байдаг аж.
"Огторгуйн нүүдэл" үзэсгэлэнгээр зураач бүсгүй маань байгаль эх, хүн хоёрын шүтэн барилдлага, амьд оршихуйн мөн чанар, эрт үеэс зохицон амьдарч ирсэн нүүдэлчин ахуйн, зан заншил, монгол сэтгэлгээг харуулсан гэгээлэг, өнгөлөг зургуудаа дэлгэжээ. Ялангуяа гэрийн гадаа, хотоо манан налайж байдаг дөрвөн нүдтэй сүрлэг банхараар зураг бүхнээ мануулсан нь учиртай. Банхар нохой эртнээс монгол хүний анд нөхөр байсаар ирсэн. Магадгүй Өлзийжавхлангийн багын анд нөхөр нь нохой байсан байх. Тэр банхар одоо ч бүсгүйн зүүд нойрыг манан, бийр янтайг нь хамгаалж байдаг аж. Монгол айлын гэрэл гэгээ, илч дулаан, амьдралыг тэтгэгч бол араг дүүрэн аргал шүү дээ. Эмээгийн, ээжийн минь үүрээд гарсан арагт бидний бага насны дурсамж дүүрэн бий дээ. Түүний "Хатад" зэрэг бүтээлд энэ л дурсамж бүгд багтсан. Харин "Зөн", "Анчин" зэрэг бүтээлээс нь тэнгэр, хүч чадал, нислэг, салхи үнэртэнэ. Хүчирхэг далиараа дэлхийг хураах мэт дэвэх хүрэн бүргэдийн нуруун дээр анчин эр зайдалсан байгаа нь маш өвөрмөц сэтгэлгээг харуулжээ. Энэ л зургуудаас бүргэд ташиж, эр хүн хашхирах, салхи исгэрэх чимээ сонсдов. Түүний зургийн хаа нэгтээ санамсаргүй байдлаар гэрэлтэх лааны дөл, гэрийн тооноор цацрах гэгээ бүхэн дом шившлэг мэт уран санааг нь гайхалтай холбож өгч, өөр өөр утгыг илэрхийлнэ.
Монгол гэр гэдэг Өлзийжавхлангийн хувьд уран бүтээлийнх нь амин сүнс мэт. Аглаг талд дэлгэрч буй алаг цэцэгсийг анхааралтай ажвал монгол гэр тодорно. Арман тарман цастай өвөл дундаас ч ахиад л мөнөөх жижигхэн гэрүүд ялгаран гарч ирнэ. Уран зургийг ойлгохын тулд анхаарлаа төвлөрүүлж, удаан харах хэрэгтэй. Энд, тэндгүй бидний төрж өссөн монгол гэрүүд гэрэл сүүдэр, жаргал зовлон, өвөл зун, баяр гунигийг илтгэн борооны дараах мөөг шиг, намрын болсон жимс шиг товойн тодрон нүднээ ургах нь сонин. Гэрүүд хаяа хярхаггүй уудам цагаан цасан дундаас ч, оргил өндөр хясааны нөмөр доороос ч цухуйн энд амьдрал байгаа шүү хэмээн зарлана.
Удаан хөл хорионд байсан би "Огторгуйн нүүдэл"-д оройлон орж, дотроо дуу алдсаар буувай. Тэдний бүтээлүүд цогцоороо өгүүлэхүйн тайтгарал, үхлийн эхлэл, амьдралын төгсгөл, үргэлжлэхүйн утга, хязгааргүйн хязгаар, чанадын мэлмэрээн, чимээгүй хашхираан, дурсамжийн хэлтэрхий, дууны аялгуу, бүдэг бадагхан үнэр, бүүр түүрхэн гялбаа, сэтгэлийн шуурга, өвсний амь, өлгийн бүүвэй, талын чоно, эрмэг хүлэг, эрчит салхи, борооны үүл, эмээгийн залбирал, эрхиний бөөр, хатдын инээмсэглэл, хоточ нохой, хүрэн бүргэд, араг савар, аргалын үнэр, цэцэгсийн шивнээ, цэлмэг тэнгэр, цаст орон, цагаан бүхэн бий.
Сэтгэгдэл ( 0 )