Та бүхний нэрнээс цааш төдийлөн сайн мэддэггүй “Нийтийн байр” гэх түм бужигнасан амьдралын “0” зогсоолын зах зухаас хүргэхийг хичээе.
Би нийтийн байранд амьдардаг. Ганц бие залуу хүний хувьд амьдралаа эхлүүлэхэд үнэ хөлсний хувьд тохирох газар гэж боддог юм. Би ч өөрийн амьдарч байгаа энэ газраас санаа зовдог ч тэгтлээ ичээд байх зүйл биш “амьдралын эхлэл” гэж бодож байна. Одоогийн нийгэм, эдийн засагт тохирох бизнес гэж хардаг. Залуу хүн энд үүрд байхгүй, өөрийн гэрэлт ирээдүйг бий болгохын тулд хичээж түр зогсох зогсоол байгаа юм. Түүндээ ч би энэ газрыг орон нутгийн оюутан, ганц бие залуус амьдардаг гэж боддог байлаа. Гэвч яг амьдрал дээр тийм хүмүүс цөөн оршин суудаг нь сонин. Энэ “Нийтийн байр” үнийн хувьд ч, байршил ч, өрөөний хувьд ч боломжийн давуу талуудтай. Тэгэхээр энэхүү газарт амьдралын нэгэн өдөр хэрхэн өнгөрч байгааг таньд сонирхуулъя.
Өглөө эрт босдог хүн нэг ч байхгүй, ажил төрөл хийдэггүй юм уу гэмээр тэд унтаж л байдаг. За тэр ч өнгөрч ажилдаа явж ирэх үед энд жинхэнэ амьдрал өрнөж байдаг. Хашаа дүүрэн хүүхэд гүйх нь гүйж, орилох нь орилж, уйлах нь уйлж байдаг. Хашааны буланд их хуучирж зовсон өнгө үзэмж муу, халтар матрас байна. Тэнд л тэд сууж, үсрэх нь үсэрч, хэвтэх нь хэвтэнэ. Тэнд л гарахын тулд балчируудын дайн дэгдэж байгаа нь энэ.
Энд нийт 15 айл оршин суудаг. Над шиг ганц бие залуу хүн яг энэ өрөөнд амьдардаг гэж хэлж мэдэхгүй. Хүн зөрөхөд л шүргэлцэх нарийн коридор, ойр ойрхон хаалгануудтай. Айл болгоны үүдээр өнгөрөхөд өөр өөр үнэр, хоол, тамхи, архи гэх мэтчлэн сайхан, муухай үнэр танар, дуу чимээ юу эс мундах билээ. Энэ байрны хана их нимгэн, өнгө үзэж муу хоёр давхар байшин. Дуу чимээ их, нярай хүүхдийн уйлах чимээ, зурагтны чимээ, хоёр хүний яриа, сонсгол муу утсаар ярих эгч, хүүхдээ загнах ах гээд л бүхий л чимээ нэг дор.
Би ийм зүйлсийг дамжин алхаад хоёр давхарын 10 тоот өрөөндөө орж ирнэ. Миний хажуу талын айл энэ байрны нийт оршин суугчдын “хамгийн, хамгийн” нь гэж хэлж болно. Уцаартай аав, чанга дуутай ээж, дүрсгүй гурван хүүхдийн чимээнээс гадна зурагтны дуу чанга. Би өөрийгөө эхний хэдэн өдөрт их азгүй гэж бодсон, гэхдээ доод айл бүүр азгүй байх.
Би нэг юмыг их гайхдаг. Унтах хүртэл би гурван удаа бие засна. Энд нийт 15 айл байдаг. Хүн өрөөнөөсөө хаалгаа нээгээд гарах хүртэл бүх айлд мэдэгдэнэ. Гэтэл энд оройн цагаар бие засахын тулд гарч буй хүн тун ховор. Өрөөндөө л ямар нэгэн аргаар болгож байна гэж хардана. Дийлэнх нь хүүхэдтэй айл учраас гайхна. За тэгээд л шөнийн амьдрал эхэлнэ. Хэвийн амьдралтай айлын хувьд шөнийн амьдрал бол унтахыг л хэлэх байх. Гэвч энд шал өөр.
Дуу тавьж дагаж орилох хэдэн залуус, хүүхдээ унтуулах гэж дайн болж буй гэр бүл, архиа хэтрүүлж хэрүүл хийнэ, уйлалдаж, зодолдож буй хүмүүс. Тэсвэр тэвчээрээ дээд цэгтээ барсан нэг нь очиж хэрүүл хийнэ. Даанч гарч буй үр дүн бага. Өөрөө архичин, тэнэг мангар болоод хөөгдөнө. “Чи ууддаггүй юу, уухгүй юу, үхсэн баас” гээд л хаалга шидлэнэ. За тэгээд +18 бол оргил хэсэгт тооцогдох байх, “Иш чааваас” ч гэх айл бий, гайхмаар ч айл байна, ер нь энд тайван амгалан амрахад чихэвч зүүж л унтана. Гадаах орчинд 00, хогийн цэг зэрэгцээ тэнд үнэр танар, өнгө үзэмж тун хэцүү. Тэрхүү орчинд л хүүхдүүд өдөр болгон орно гэж бодохоор бие зарайна. Одоо үдшийн 21 цаг өнгөрч байна, хүүхдүүд гадаа тэд тоглосоор л байна. Магадгүй эцэг, эх нь шөнийн амьдралдаа бэлдэж байгаа байх. Тэд яг одоо инээлдэж, баярлаж байна, харин харанхуй болж гэртээ ороод инээх нь цөөн. Ийм орчинд энэ улсын ихэнх гэр бүл амьдарч байна. Энэ улсын ирээдүй, хойч үе юунд амьдарч, юугаар хүмүүжиж, юугаар амьсгалж байна вэ. Өдөр бүр энэ нялх хүүхдүүдийн ирээдүйд эмзэглэж сууна. Таны уншсан бүхэн зүгээр захын асуудал.
Дөрвөн жил тутамд бид өөрчлөлт, сайхан орчинг хүсэж, амьдралаа дээшлүүлэх нийгмийг хүсэж сайхан үгэнд итгэж төрд долоон сонголт хийж байна, гэвч үг бол үг. Амьдрал хэвэндээ л удахгүй энд байгаа бүх гэр бүлд тэнгэрээс мөнгөөр бороо орж, хувийн орон сууцанд аж төрж, хүүхдүүд нь энгийн хүүхдийн адил суралцаж нийгмийн байр сууриа зөв тодорхойлоосой гэж би бурханд л залбирая даа.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм амьдрал одоо хүртэл байсаар л байгаа юм уу
Нүдэнд харагдтал бичжээ яг ийм л байсан ийм хэвээрээ 30 жил болжээ