“Санваартан” гэж Америкийн олон ангит кино бий. Бурхан, сахиусан тэнгэр, цус сорогч, лам, алуурчин, бохир бизнесмэн, гэмгүй нэгэн гээд бүгд холилдон аж төрж байгаа фантастик ертөнц л дөө.
Энэ кинонд нэг сонирхолтой дүрслэл гараад байдаг. Тэр нь аливаа хүн тамд очвол өөрийнхөө хамгийн хүсдэггүй өдөрт л дахин, дахин амьдраад байдаг тухай юм. Тодорхой хэлбэл, там нь нэг том шорон маягтай.
Тэгээд хүн тэндээ өөрийнхөө зугтахыг хүссэн өдрийнхөө бичлэгийг олон дахин үзнэ гэсэн үг. Тухайлбал, идэр залуу зураач Гитлер найз бүсгүйнхээ дэргэд урлаг шүүмжлэгч еврей хөгшинд дорд үзэгдсэн тэр өдөртөө л амьдарна. Тамд байгаа бусад хоригдлууд дэлхийг цус нөжинд үйж байсан хамгийн алдартай дарангуйлагч хэрнээ яагаад чухам тэр өдөрт гацчихаад байгааг нь асуудаг. Харин Гитлер “Би энэ өдөр хамгийн сүүлд хүнээрээ байсан юм” гэж хариулна. Бид тамд очоогүй ч сэтгэл дотроо хамгийн их харамсдаг үйлдэлдээ, өдрөө олон дахин амьдардаг мэт санагддаг шүү дээ. Түүнийг л үзүүлсэн хэрэг.
Хүн гэдэг амьтан өгөөмөр сэтгэл, хяслант бодлын дунд тарчлан амьдрах хараалтай ч байж мэднэ. Өөрөө мэдсэн, мэдээгүй алдаа дутагдал гарч л байдаг. Гэхдээ бас алдаагаа засах, сэтгэлээ хөнгөлөх боломж бидэнд байнга байдаг. Тэр боломжоо зориглоогүйнхээ төлөө, өөрийнхөө нэрийг хайрласныхаа уршгаар хойшлуулж, үгүй хийж болохгүй шүү гэдгийг сануулах гэж үүнийг бичлээ. Бид сэтгэлийнхээ хүнд ачаанд л хамгийн их түүртдэг билээ.
Сэтгэгдэл ( 0 )