-Алтныхны ашигладаг цианид натри, мөнгөн усаар бохирлогдсон хортой ус Орхон гол руу хальж оржээ-
Улаанбаатараас 600 орчим километр давхисаар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ирлээ. Өндөр сүрлэг уулын өвөр бэлийг сэтэлж үүсгэсэн шороон далан үерийн усанд нурж, хаа сайгүй шар шавар урссан байдал биднийг угтах нь тэр.
“Орхон голын эх улаанаараа урсаж байна” гэх мэдээллийн мөрөөр явж буй манай сонины сурвалжлах баг үйл явдлын учир шалтгааныг дээрх байдлаас хараад бараг л олов. “Жаахан л устай бороо орохоор шавар шалбааг нь дийлдэхээ больсон. Хэд хоногийн өмнөхөн орсон ширүүн борооноор уурхайнхны ухаж орхисон шороон далангаар үерийн ус урсаж, улмаар алт угаадаг байсан тогтоол устай том нуур хальж, Орхон голын урсгал руу урссан” тухай орон нутгийн иргэд халаглаж ярихтай таарлаа. Алтныхны ашигладаг цианид натри, мөнгөн усаар бохирлогдсон тийм хортой ус Орхон гол руу урсаж орсон гэдэг бол маш ноцтой асуудал юм.
Ч.Бармид: Нөхөн сэргээлт хийлгүй хаясан уурхайнхнаас л болсон хэрэг
Бодит нөхцөл байдлыг тодруулахаар Цэнхэр сумын Орхон багийн Засаг дарга Ч.Бармидаас дараах тодруулгыг авлаа.
-Орхон голын эх ундарга улаан шавраар урсах болсон байна. Энэ талаар та Багийн Засаг даргын хувьд ямар мэдээлэл өгөх вэ?
-Хэд хоногийн өмнө орсон ширүүн борооны улмаас хуучин байсан далан сэтэрч, тогтоол нуур үерийн усанд хальж урссанаас болсон хэрэг л дээ.
-Тухайн үедээ нэлээн их үерлэсэн үү?
-Тиймээ. Борооны дараа хэсэг хугацаанд нэлээн их үерлэсэн. Одоо бол арай гайгүй болсон.
-Тэр нуур гэдэг нь уурхайнхны алт угаахдаа ашигладаг байсан тогтоол ус гэсэн үг үү?
-Тиймээ. Угаасаа уурхайнхны ухаж сүйдэлсэн шороон овоолго, алтаа угаадаг байсан тогтоол нуур нь л үерийн усанд хальсан гэсэн үг. Энд тэндгүй л баахан нуур үүсгээд хаячихсан байдаг.
-Нуурын ус алт угааж байсан болохоор асар их хортой биз?
-Тэгэлгүй яахав. Алтныхны тэр их хортой ус, шавар голын ус руу ороод ирэхээр орон нутгийн иргэд бидэнд асар их хүндрэлтэй шүү дээ. Хүн, малгүй уудаг голын усанд тэр их бохир ус цутгаад ирэхээр мэдээж хэцүү. Алтны уурхайнууд нөхөн сэргээлт хийгээгүй, ухаж байгаад л хаячихаад явснаас болж, энэ бүх хүндрэлүүд үүсээд байгаа юм.
-Яг энэ ойр орчимд амьдардаг хэчнээн өрх айл байдаг вэ?
-Зөвхөн манай Орхон баг л гэхэд малтай 90 гаруй өрх айл байна. Үүнээс гадна ойр орчмын өөр баг, хил залгаа аймгийн иргэдэд ч энэ асуудал хамаарна. Тэр бүх өрх айлын хүн, малын уух ус, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэсэн үг.
Төрийн тахилгат Суварга хайрхан уулаас эх аван урсаж, таван аймгийн 130 гаруй сум, багийн хүн малыг ундаалсаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын эх ундарга орших алдарт Орхоны хөндий өдгөө шар шаварт “живж”, шалбааг болсон байгаа бодит байдал энэ. “Малын мөрнөөс өөр мөр гарч үзээгүй онгон байгалийг минь алтанд шунагчид ингэтэл сүйтгэж орхисон нь дэндүү харамсалтай” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярих нутгийн хөгшний яриаг сонсоход сэтгэл өвдөм. “Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгч ардын зүйр үг энд л жинхэнэ утгаараа оршиж байгаа санагдлаа.
М.Алтантөр: Орхон голын эх загасгүй болсон нь ажиглагдсан
Архангай аймгийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч М.Алтантөрөөс дараах тодруулгыг авлаа.
-Орхон голын эх юуны учраас үе, үе улаанаар урсах болов?
-Хаврын шар усны үер, зун намрын борооны үерийн үед бол шар шороо нь тэр чигээрээ л гол руу урсаад ордог юм билээ. Алт угааж байгаа юм шиг л улаанаараа эргэсэн ус урсчихдаг.
-Улирлын чанартай ийм үерийн улмаас гол байнга бохирлогдож байна гэдэг уурхайн эзэд нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас л болж байгаа хэрэг биз дээ?
-Тийм. Одоогийн байдлаар “Өлзий тээл”-ийн аманд нөхөн сэргээлт давгүй сайхан явагдсан. Бага зэргийн газар л сэргээлт хийгдээгүй үлдсэн байна лээ. Шийртийн эхэнд бол ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй. Техникийн нөхөн сэргээлт ч хийгдээгүй хаясан байдаг. Зүгээр онгичоод онгичоод тэр чигээр нь ухаад хаячихсан. Амандаа жижигхэн газар техникийн нөхөн сэргээлт хийсэн байдаг. Цаашаа бол огт хийгдээгүй хаясан байгаа. Одоо нэн даруй л нөхөн сэргээлт хиймээр байгаа юм.
-Уурхайнхны бохир ус голд цутгагдсанаас болж олон сөрөг үр дагавар гарна биз?
-Орхон гол урагшаа урсаад Өвөрхангайн Бат-Өлзий сумын Улиастайн гол гэдэг рүү нийлдэг. Яг тэр залгаан дээр очиж үзэхэд бөөн булингар улаанаараа урсаж байдаг юм билээ. Сая судалгаа хийгээд явж байхад Орхон голын эх болсон голууд загас их муутай болсон нь ажиглагдсан. Энэ бүх зүйл уурхайн шар шавраар булингартаж байсны л нөлөөлөл болов уу гэж бодоод байгаа юм. Үүнийгээ ч Тусгай хамгаалалттай газрын холбогдох хүмүүстээ дуулгасан.
-Энэ бүс нутагт олгогдсон ашиглалтын 13 лицензийг цуцалсан байдаг ч, зарим нь шүүхээр сэргээгдсэн гэх мэдээлэл бий. Таньд ямар мэдээлэл байна вэ?
-Зарим нь лицензээ шүүхээр сэргээгээд ялсан гэж сонссон. Хүмүүсийн яриагаар бол “Алтайгоулд” гэдэг компани ажиллах л юм шиг зүйл сонсогдоод байгаа. Ойр зуур техник хэрэгсэл нь хөдөлцгөөгөөд эхэлсэн байна билээ. Одоо Мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид, Экологийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гараад байнгын л хянаж байгаа гэв.
Орхон голыг тэжээдэг амин судлууд болох Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын урсац тасарч, ойр орчмын хүн мал ундаалах усгүй болж, амны усаа зөөвөрлөж уудаг болсноо учирлаж байна. Үе удмаараа амьдарч ирсэн уугуул нутаг нь уурхайн лицензийн газар болж, малын бэлчээр байтугай таван ханатай гэрээ тааваараа барьчих эрхгүй болсон эмгэнэлт явдал энэ нутагт болж өнгөрсөн байдаг юм. Болж өнгөрсөн гэдэг нь Орхоны хөндийд олгогдсон ашигт малтмалын 13 лицензийг Засгийн газраас 2019 онд цуцлах шийдвэр гаргаж байв. Тодруулбал, Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг ч өнөөдөр нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийсэн гэхэд тун хэцүү байдалтай байна. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг. Гэвч хариуцлагагүй уул уурхайнхан нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас уршигт хор дагавар нь өнөө хэр нь үргэлжилж байгаагийн илрэл энэ удаагийн үерийн асуудал юм.
Б.Дэмбэрэлсүрэн: Уурхайнхан дахиад олборлолт хийвэл бид тэмцэнэ
Одоогийн байдлаар алтны уурхайн үйл ажиллагааг зогсоосон ч өнгөрсөн хугацаанд тарьсан балаг өнөө хэр нь орон нутгийн иргэдийн аж амьдрал, байгаль экологийн асуудалд хүндээр туссаар байна. Энэ талаар Шийртийн аманд олон жил нутагласан, нутгийн уугуул иргэн Н.Дэмбэрэлсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Алтны уурхайн олборлолтоос болж орон нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан байдаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Уурхайг одоогоор зогсоосон байгаа ч хор уршиг нь өнөөг хэр нь байсаар л байна. Манайх уг нь Шийртийн аманд нутагладаг байлаа. Гэвч алтны уурхайн олборлолтоос болж, тэнд амьдрахад хэцүү болсон. Одоо хойшоо даваад Ширдгийн голын эх рүү оторлож байна. Уг нь Шийртийн ам маань уурхайн хөлд нэрвэгдэхээс өмнө өвс ус сайтай, отрын бэлчээр нутаг байлаа шүү дээ.
-Нөхөн сэргээлт хийгдсэн гэсэн мэдээлэл гарсан байдаг. Нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн үү?
-Нөхөн сэргээлт хийж байгаа л гэдэг. Бодит байдал дээр хийсэн зүйл байхгүй шүү дээ. Орхоны хөндийн амаар дүүрсэн уурхайнхны сүйтгэсэн газар тэр хэвээрээ л байна. Урьдын адил байгалийн онгон дагшин хэвээр болгоно гэдэг мэдээж чадахгүй. Хэдэн ухсан нүхийг шороогоор дүүргэснээ нөхөн сэргээлт гэвэл хэцүү л байх.
-Өнгөрсөн хугацаанд энд нийтдээ хэчнээн компани олборлолт хийж байсан бэ?
-Ойролцоогоор 40-50 компани байсан байх. Ам, аманд дүүрчихсэн байсан. Манайх хуучин “Алтай гоулд” гээд компанийн олборлолт хийж байсан Шийртийн аманд нутагладаг байхад малын нүд их сохордог байлаа. Бодвол тоос шороо, алт угаадаг байсан хорт бодисоос нь шалтгаалдаг байсан байх.
-Алтны уурхайнхан дахиад олборлолт хийхээр зэхэж байгаа сураг байна. Та бүхэнд энэ талаар ирсэн мэдээлэл байна уу?
-Одоогоор аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул зэрэг газраас алтны шороон ордны хажууд харуул хамгаалалт гаргасан байгаа юм билээ. Мэдээж дахиад уурхай эхэлбэл, нутгийн иргэд бид эсэргүүцнэ гэв.
Орхон голын ай савд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр аюулын ангал “ухсан” алтны компаниудын шунал ханаагүй бололтой. Тэдний тарьсан балаг байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулж, нутгийн иргэдийн аж амьдралд хэдэн үеэр нь хор хөнөөл үүсгэсээр байна. Ийм байхад нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй, бодитойгоор хийж хэрэгжүүлэхгүй бол сүйрсэн байгаль, сөнөсөн гол усаар Монгол орон минь дүүрэх нь ээ. Хэдийгээр үйл ажиллагаа нь зогссон байгаа ч өмнө тарьсан балаг нь арилахгүй өнөө хэр нь үргэлжилж байгааг холбогдох газрууд нь анхааралдаа авч, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдлээс сэргийлэх цаг нь нэгэнт болжээ. Ширүүхэн бороо орох тоолонд алт угаасан бохир шавар Орхон гол руу хальж ороод байвал тунч хэцүү. Алтны угаадсаар бохирлогдсоор байгаад Орхон голын ай сав дахь амьд бүхэн хэзээ нэг цагт мөхөхөд ч гайхах зүйлгүй болжээ. Эхнээсээ загас жараахайгүй болж байгааг ч сонслоо. Энэ бүхэн хангалттай. Эх болсон байгаль дэлхийгээ энэрэн хамгаалах эрх бас үүрэг хүн зонд буйг санацгаая.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Орхоны хөндийгөө алт ухагчдаас хамгаалж тэмцэх хэрэгтэй шүү. Ялангуяа Заамарт алт ухахыг зогсоох хэрэгтэй. Ухаж байсан бүх компанийн нэрсийг гаргаж нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй
Ямар гайхалтай үзэсгэлэнтэй, ариун онгон, баян тансаг байгаль байсныг мэдэх хүний хувьд туйлын их харамсаж явдаг. 20 гаруй жил энэ байгаль сүйтлээ. Сэтгэл зүрх үнэхээр эмтэрч сууна. Эх нутгаа ийм болгоод Цэнхэр сумынхан, Архангайнхан, ард түмэн юу хожив... Ахуй амьдрал нь хир дээшлэв гэвэл хэлэх юм ганц ч алга. Байгалаа хамгаал хэзээ ч дахин олдохгүй нутаг усаа хамгаал.
Нөгөө экологийн цагдаа хаачихваа
Алт угаадаг хорт бодистой тогтоол нуур үерийн усанд хальсан байна. Энэ бол ноцтой асуудал
Алт угаадаг хорт бодистой тогтоол нуур үерийн усанд хальсан байна. Энэ бол ноцтой асуудал
Хурга биш дээ, угжигдаад байхдаа ч яахав.
Шороон ордод цианид натри мөнгөн ус зэрэг бодис хэрэглэдэггүй шүү. Бичиж байгаа юмаа жоохон судлаж байж бичиж болдоггүй юм уу. Орхон гол цианид натри мөнгөн усуур дүүрцэн юм шиг л юм бичих юм. Бас сайнтай муутай л байгаа байх.
Орхон голын хөндийг хамгаалах хэрэгтэй дээ. Нилээн дээрээс бохирдоод эхэлсэн байсан одоо бүр аймаар болоо биз дээ
Жирийн иргэд газар нутгаа хөндөх нь бүү хэл хайрлан хамгаалж бдаг. Хари н улс төрчдийн гар хөл болсон компани ААН л алт мөнгөнд улайрч байгалийн тэнцвэрийг алдагдуулж бна. Монголын хууль хахуульд идэгдээд үйлчлэх чадваргүй болсныг харуулж бна. Эх оронч сэтгэл гэж худал цээжээ дэлдэгчдийн явуулж буй үйл ажиллагаа. Шударга ёс алдагдсан.
Бидний өвөг дээдэс ямар ч эдийн шуналгүй ариун хүмүүс байжээ. Одоогийн монголчууд ямар аймар шуналтангууд болоо вэ? Ичмээр юм
Ene ulsad er ne ezen baina uu
Шинэ Ерөнхийлөгч л өмнөх ажлаа үргэлжлүүлнэ гэж үнэхээр найдаж байна. Бусдад нь бол алт мөнгөнөөс өөр зүйл харагддаггүй бололтой.
Хянан шалгаж нөхөн сэргээлтийг нь сайн хийлгүүлэх хэрэгтэй