Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШИ ЧЯНЬ “ЦҮЙ ЮНЬ ЛУ-ЦОМОРЛИГ ҮҮЛТ ТАГТАД” ГАЛ ТАВИВ
Ү ЮН АРГААР ДАМИН ФҮГ АВАВ
Өгүүлэх нь: Сүн Жяний өвчин эдгэж. Тэр үе цагаан сарын шинийн хоёр гурваны цаг тул, Ү Юн Сүн Жяний зүг өгүүлрүүн: - Эдүгээ шинэ жил гарч, ахын өвчин амарлиж, бас хувилгаан эмчийг олсон ба бүгдээр нас нэмсэн их баяр. Манай Лян Шань уул өнө удаан батыг олов. Одоо Дамин Фү хотын эвдэж, Ши Сю, Лү Жюнь И нарыг авчирваас аливаа хэрэг цөм бүтмүй. Гагцхүү би энд энэ хэргийн тухай хүн зарж, дахин дахин мэдээ авахуулбаас Лян Жуншү сайд ихэд айн, цаг бүр сэргийлэн, цэрэг ба агтыг хотын дотор тэжээж байдаг гэнэм. Гуань Шэнг урвасан мэдээг бас Цай Тайшид бичиг явуулсан боловч уламжлан эзэнд айлтгасангүй гэнэм. Одоо миний санаа болбоос, энэ цагаан сарын арван тавны өдөр Дамин Фү хот урьдын адил цэцэгт зул, зүйл бүрийн сонин дэн, дуу хөгжим болмуй.
Тэр үймээний шөнө завдаж арга үүсгэн, их хэрэг бүтээвээс зохимуй хэмээн хэлж байхад хажуугаас нэг хүн гарч өгүүлрүүн: - Энэ явдалд дүү би тэргүүлэн очиж, ахыг үзэж, нэг удаа тэмдэгт гал шатааж, олон нөхдөд тэмдэг болгон мэдэгдвээс ямар? хэмээсэнд Ү Юн хараваас тэр нь Ши Чянь ажгуу. Ү Юн сайшаан өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн энэ арга маш сайн. Гагцхүү чи тэндэх газрын байрыг сайн мэдэх буюу? хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Би урьд Дамин хотын доторхи “Цүй Юнь Лу” “Цоморлиг үүлт тагтны” газар хэдэн жил явсан хүн. Намайг тагт очиход бусад хүн ер үл сэжиглэмүй. Би мөн тагт очиж, хуучин ёсоор гадуур дотуур явж, танил хүн лугаа сэлгүүцэн явсугай. Цүй Юнь Лу нь өндөр зуун хос алд илүү, нэг зуу гаруй тасалгаа гэр буй. Арван тавны шөнө дэн үзэх олон хүн цөм тэр өндөр Лу гэр дээр цуглармуй.
Тэр үед би ах нарын очсоныг мэдээд, чөлөө үзэж үймээнээр ташааруулан, мөн тэр тагтанд гал тавьж, дөрвөн зүгт тэмдэг болгоё хэмээсэнд Ү Юн: - Чи өн энэ ёсоор очиж хүлээгтүн хэмээв. Ү Юн маргаашийн эрт Зежин, Зебао хоёрыг дуудаж өгүүлрүүн: - Та хоёр гөрөөчин хүн болж, Дамин Фү хотод мах худалдахаар очинтун. Арван тавны шөнө тэмдэгт гал хармагц Лю Шүсы яамны үүдэнд очиж, мэдээний хүнийг хөндөлд хэмээсэнд тэр хоёр хүлээн гарав. Бас До Чэнь, Сүн Вань хоёрыг дуудаж: - Та хоёр будаа худалдах хүн болж, хэрмийн дотор очиж хүлээн, гал гармагц зүүн хаалганы амыг бөглөж байгтун. Бас Кунмин, Күн Лян хоёрыг дуудаж: - Та хоёр үйлдвэрийн хүн болон очиж, гал гарахыг хүлээн, бусад нөхөддөө туслагтун хэмээв. Бас Ли Ин, Ши Жинь хоёрыг дуудаж: - Та хоёр торгоны гийчин болон очиж, зүүн хаалганы дяньд бууж хүлээгтүн. Гал гармагц дотогш орж гар хөпдлөгтүн хэмээв.
Бас Лү Жишэнь, Ү Сүн хоёрыг дуудаж: - Та хоёр явдлын хуушаан болон хувилж, Дамин Фүгийн өмнөд хаалганы гаднах сүмд сууж, гал гармагц гаднаас ирэх замыг хааж, дотогш бүү оруул хэмээв. Бас Зоу Юань, Зоу Рунь хоёрыг дуудаж: - Та хоёр цэцэгт дэнлүү худалдах хүмүүн болон, Дамин Фүд хүрч, арван тавны шөнө гяндангийн үүдийг сахиж хүлээгтүн хэмээв. Бас Лю Тан, Ян Сюн хоёрыг дуудаж: - Та хоёр албаны хүний дүрээр хувцаслан, Лян Жуншүгийн яамны үүдний амыг авч, гадна дотноос мэдээг таслагтун хэмээв. Бас Гүн Сүньшэнг явдлын тоог болгож, Линжэнийг шавь болгон хэдэн зуугаад цаасан буу авахуулан, та хоёр гал гармагц, газар газар хэсч тэмдэг буу тавин мэдээ өгөгтүн. Бас Жан Шүнь, Янцинийг дуудаж: - Та хоёр худалдааны хүн болон очиж, тэмдэг гал гармагц Лү Жүнвэйгийн гэрт очиж зальхай эр эм хоёрыг барьж авагтун хэмээв. Бас Ван Вэйху, Сүнь Синь, Жан Чинь, Ху Саньнян, Гү Дасао, Сүнь Эрнян энэ зургаан хүн нь эр эм болон хувилж, Лү Жюнь Игийн гэрийг эрэн очоод, гал тавьж үхэгтүн хэмээв. Бас Цай Чинь, Юэ Хэ хоёрыг дуудаж: - Цай даргын гэрт очиж, Ши Сю, Лү Жюнь И хоёрын амийг хамгаалагтун хэмээн тушаасанд, олон жанжин нар цөм өөр өөрийн тушаагдсан хэргээ бүтээхээр цаазыг хүлээн тус тус уулнаас бууж, Дамин Фүгийн ирэхийг үл өгүүлмүү.
Өгүүлэх нь: Лян Жуншү сайд гар доорхи жанжин Личэн, Вэньда, бас Ван Тайши түшмэл зэрэг олон түшмэдийг дуудаж ирүүлээд, зөвлөрүүн: - Нэгэн зөвлөх эрхэм хэрэг буй. Эдүгээ цагаан сар эхэлж, чухам баяр хуримын цаг тул, урьд манай энэ хотод жил бүр цагаан сарын арван тавны шөнө их зээлийн төв дунд галын наадам гаргаж, зүйл бүрийн дэн шатааж, түшмэл, цэрэг, иргэн бүгдээр хөгжилтэйеэ найрлан жаргадаг билээ. Энэ жил хуучин ёсоор үйлдвээс болох эсэхийг олноор зөвлөе. Гагцхүү эмээх нь Ляншаний хулгай нар энэ дашрамд сэмээр хулган ирж, хэрэг өдүүлэх болов уу хэмээн санамуй хэмээсэнд Личэн өгүүлрүүн: - Тэдний хулгай нар урьд нэргүй хоосон бичиг нааж, манай этгээд эс хэрэгссэн тул, хожим хоёр удаа цэрэглэн ирж эс дийлсэн тул, дахин аймшиггүй халдахаар ирэхийг одоо нэгмөсөн зогссон. Сайд энэ тухай сэжиглэх хэрэггүй. Харин баяр хуримыг үүсгэхгүй. Галын наадмыг урьдын ёсоор эс үйлдвээс, даруй тэд нараас эмээсэн болмуй хэмээсэнд Лян Жуншү энэ үгэнд ихэд итгэмжлэн, даруй Дамин Фүгийн захирах ноёнд цагаан сарын арван тавны шөнө гарах галын наадмыг арван гурванаас үүсгэн арван долоон хүртэл Дунжин хотын ёсоор маш үзэмжтэй сайн сайхан үйлдэхээр тушаав. Бас доорхи түшмэдээс гаргаж, айл бүрт энэ айлын дэнлүүг элдэв зүйлийн будгаар өнгө ялгаж, загас шувууны зэрэг амьтны дүрс үйлдэж, баян үгээгүүгийн ялгал үгүй олон урчуудыг зарлаж, таван өнгийн янзтай сайхан дэнлүү үлэмж сонин хачнаар маш хээнцэр үйлдэж, олон зүйлийн галын наадмыг өдөр дараалан гаргаж, наадая. Бас нэгэн их тагт хотын дунд өндөр босгож, түүний дээр нэгэн асар үйлдэж, дөрвөн хаалгыг дөрвөн өнгөөр будаж, дотор нь олон сав хэрэглэл зүйлийг өнгө бүрийн цаасаар хийж, түүний дотор бас өөрөө хөдлөх хүн амьтан зүйл зүйл шувуу, гөрөөс тэргүүтнийг хоорондоо наадалцах зэргээр олон урчууд өөр өөрийн ухааны хирээр маш уран сайхан, хүний оюунд магтаж хүршгүй үзэмжтэй үйлдтүгэй хэмээн хотын дотор нийтээр зарлан тушаав. Бас “Дун Фу Сы” сүм ба тэнд бүхүй их усны дотор хоёр хоёр лууны биеийг босгож, дотор нь хэдэн амьд лууны адил ширтэж, мөн дотор нь хэдэн мянган зул шатааж үйлд. Цүй Юнь Лу тагтны өмнө нэг өндөр тагт босгож, нэг цагаан луу хийж, дөрвөн өнцөгт олон зүйлийн дэн шатааж олон хүн тэнд цугламуй. Дамин Фү хотын нэр алдаршсан тэргүүн зэргийн сайхан орон, хамаг амьтан хүн цөм тэнд ирж, найр жаргал хийж суумуй. Өдөр шөнө тасралтгүй хөгжим үүсгэж байдаг газар ажгуу. Хэрмийн дотор сүм хийд, пүүс, айл нэг ч дутсангүй дэнгийн баяр хэмээн олон дэн зул шатаасан нь дэлхий дахины хөгжмийн орон хэмээж болмуй.
Эдгээр учрыг Лян Шань Фүгийн тагнуулчин хүн хэдүйн очиж мэдээ өгсөнд Ү Юн сонсож ихэд баярлан өгүүлрүүн: - Сүн ах энэ удаа очиж болохгүй. Доорд бие очиж хэрэг бүтээгээд ирсүгэй хэмээн даруй найман салаа цэрэг авч уулаас буухад, тэргүүн ангид Хань Тао, Гуань Шэн, Жюньсан, Ху Саньняныг дагуулан Хуан Синь сүүлийг дагаж морьт цэрэг авч мордов. Хоёрдугаар ангид, Линь Чүн Ма Линь, Дөнфэй хоёрыг дагуулан, хойноос Хуа Рүн хашиж явав. Гуравдугаар ангид, Хү Яньжуо Хантао, Пэн Чи хоёрыг дагуулан Сүнь Ли хойноос харгалзан мордов. Дөрөвдүгээр ангид, Чинь Мин Оу Пэн, Жаншүнийг дагуулан Чэнь Даг хавсруулан, морин цэрэг авч мордов. Тавдугаар ангид, Мү Хүн Дүсинь хоёр Жэн Тяньшоуг дагуулан мордов. Зургадугаар ангид, Хэй Сюаньфэн Ли Күй Ли Ли, Цаожэн хоёрыг дагуулан мордрв.
Долдугаар ангид, Лэй Хэн Ши Энь, Мучунь хоёрыг дагуулан мордов. Наймдугаар ангид, Фань Руй Лигүнийг дагуулан мордов. Дэс дараалан анги хувааж Дамин Фүгийн замаар одов. Ү Юн хамгийн сүүлд мордов. Үлдсэн цэргүүд Сүн Жяний хамт уулыг сахиж үлдэв. Урьдын зарж илгээсэн Ши Чянь Дамин Фү хотод хэлэлцсэн ёсоор хүрч ирээд Цүй Юн Лу дяньд хонох хэмээвээс тэнд гагцаар хүнийг агуулахгүй тул, сүмийн саравчны ёроолд хонож байв. Тийм байсаар цагаан сарын арван тавны өдөр болсонд Ши Чянь гагцаар зээл явж байтал Се Жэнь, Се Бао гөрөөсний мах дамнаж, хотод орж ирэв. Үүнийг үзэж бие биеэ таньж, үг хэлэлцэхийн зуур, бас До Чэнь, Сүньвань хоёр явж байхыг үзээд, түүнээс цааш явж Цүй Юнь Лу тагтны дээр хүрч ирвээс Күн Мин үсээ сэгсийлгэн навтархай нэхий дээлний үсийг гадагш эргүүлэн өмсч, гуйранчийн байдлаар сууж баймуй.
Үүнийг үзэж байтал, бас маш ядмаг чичрэн дагжсан нэг гуйранч ирэв. Үүнийг үзвээс Күнлян ажгуу. Үүнд Ши Чянь өгүүлрүүн: - Хоёр нөхөр хэдүй гуйранч янзаар чимэвч царай байдал ангид өөр. Энэ мэт яваваас овт хүнд сэжиглэгдмүй хэмээн хэлэлцэж байтал, гэнэт ар биенээс хоёр хүн ирж, зандран өгүүлрүүн: - Та нарын нууц явдал илрэв. Одоо хаашаа очмуй? хэмээсэнд тэд эргэн хараваас Ян Сюн, Лю Тан хоёр ажгуу. Үүнд Ян Сюн зандран өгүүлрүүн: - Та нар нааш ирэгтүн хэмээсэнд тэд Ян Сюнийг дагаж гадагш гарсанд, Ян Сюн тэднийг сургаж өгүүлрүүн: - Миний ирсэн нь угаас Ляншаний олны дотроос гагцхүү зовлонд унасан Ши Сю Лү Жюнь И хочрын учир болой. Та нар энд хүрч ирээд энэ мэт чөлөөтэйгээр явж болдог буюу? хэмээсэнд тэд “мөн мөн хэмээв. Ян Сюн бас өгүүлрүүн: - Одоо би нэгэнт учирсан тул ийш тийш сарних хэрэггүй хэмээсэнд Күнлян өгүүлрүүн: - Өчигдөр манай Зоу Юань, Зоу Рүнь хоёр зээл дээр цэцэгт дэнлүү худалдахаар явсан. Бас Лү Жишэнь, Үсүн хоёр хотны гаднах сүмд байхыг үзсэн хэмээн хэлэлцэж байтал, мөн нэгэн хүн үл мэдэгчнээр явмуй. Үзвээс тэр нь Гүн Сүньшэн, Лижэнь хоёр болой. Эд нар бүгдээр толгой дохилцон мэндлэлцэж зүг бүр тархав.
Тэр өдөр арван тавны үдэш болж, сарны гэрэл маш тунгаланг сайхан. Үүнд Лян Жуншү гарын жанжин Вэньдаг дуудаж: - Чи морьтой цэрэг авч Вэй Ху Гү хөтлийн тэнд сэргийлэн суугтун. Ляншаний цэрэг халдахаар ирэх магадгүй хэмээв. Бас Личэнийг дуудаж морин цэрэг таван зууг өвч, Дамин Фү хотын гадуур тойрон цаггүй сэргийлэн манаж байгтун хэмээн тушаасанд, хоёр жанжин тус тус цэрэг авч мордов. Тэр өдөр хотын гадна дотно хол ойрын хүн галын наадам үзэхээр цугларсан нь Дамин Фү хот зургаан уудам гудамж, гурван их зээлд багтаж ядтал хуралджухуй. Гянданы ялтныг сахих дарга Цай Пү өөрийн төрсөн дүү Цай Чиньд захируун: - Би эртхэн гэртээ харьж, дээл хувцсаа халж өмсөөд ирье. Чи намайг иртэл гянданг сайхнаар сахиж байтугай. Энэ шөнө олон хүн цуглажухуй. Баахан болгоомжлох хэрэгтэй хэмээн хэлээд гяндангаас гарч гэрийн зүг явж үүдэндээ хүрч орсонд, түүний хойноос хоёр хүн дагалдан орж ирэв. Цай Пү хойш эргэж харваас тэд нь Ляншаний нөхөр Цай Чинь, Лэхэ хоёр аж. Үүнд Цай Пү тэр хоёрыг мөн таних тул гэртээ оруулж, бэлэн архи зууш авчран идүүлж байтал, Цай Чинь өгүүлрүүн: - Бид энэ өдөр Ши Сю, Лү Жюнь И хоёрыг аварч гаргахаар ирсэн хэмээсэнд Цай Пү дарга албаны хүн тул, эд нар лугаа илэрхийгээр нам нийлж болохгүй.Хэрвээ хожим гэм учир гарваас гэр биеийг хамгаалах аргагүй болох тул, дотроо сэтгэрүүн: - Энэ удаа эднийг туслах хэмээн явж болохгүй. Гагцхүү манай гянданы дотор албаны хүн олон. Хэн хэн нь бас сайн лавлан танихгүй. Шөнийн цаг тул эдэнд албаны хүний дээл өмсгөж, зүгээр сэм дагуулан оръё. Эд өөрөө учирч, гаднаас бас Ляншаний цэрэг ирж гяндан эвдвээс, тэр цагт зохисыг үзэж нуун гаргагтун. Мөн доор Лян Жуншү ноёнд хүчирхэг хулгай лугаа эсэргүүцэн чадсангүй.Гянданг эвдэхэд хүрэв хэмээн мэдүүлбээс барав хэмээн санаж тогтоод, эдгээр учрыг эд нарт хэлсэнд даруй зөвшөөрөн, тэр малгайг сольж өмсөв. Тэндээс гурвуул яаран гарч гянданд хүрч, Цай Фү олонд мэдэгдсэнгүй удирдан оруулж Ши Сю нар лугаа учруулахыг хэлэх газар үгүй.
Ляншаний газраас Ү Юнгийн цааз хүлээн ирсэн Ван Вэйху, И Жан Чин, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чинь, Сүнь Эрнян нар аяны эр эм мэт явалцан, Дамин Фүд орж ирэв. Гүн Сүньшэн, Лин Жэнь нар Эрлэгийн сүмийн үүдэнд хүрч ирээд байтал, Зоу Юань, Зоу Рүнь, До Чэнь, Сүн Вань нар цөм Лян Жуншүгийн их яамны үүдэнд ирээд, саравчны дотор нуун зогсов. Ляншаний тэргүүн ангийн хүн нар цөм Дамин Фүд орж ирж гүйцэв. Энэ цагт чухам бүрий өнгөрч, сар дээр мандаж, тэргүүн жингийн цаг болов. Тэр үед Ши Чянь тохойдоо нэг сагс эгэлдэрч, цэцэг худалдах хүн мэт болж, Цүй Юнь Лу тагтанд хүрвээс тэнд баян ноёдын авхай нар тэргүүн зэрэг худалдааны иргэд, баялаг бичиг цэргийн идэр залуу хүмүүн нар, олон газрын зочид зуу илүү тасалгаа гэрийг эзэлж, байшин бүрийн үүдэнд зүйл бүрийн хачин сонин дэнлүү өлгөж, дээд гуч шахам өндөр Лу гэрт эр эм олон хүн нар шахцалдан, найр хөгжмийн дуу тасралтгүй үүсгэж, дуулах бүжиглэх дуу чимээ зохилдон, их хашааны дотор жууз тэрэг, морь, луус үргэлжлэн, тэр энэ хэмээн ялгаж таних аргагүй байхад, Ши Чянь баярлан, шууд өндөр тагтны дээр гарч дөрвөн зүгт ажиглан харваас, бараг хаалганы гадна их тоос бүрхэж, Ляншаний цэрэг ирсэн мэт. Хажуу тийш харваас Се Жэнь, Се Бао нар гөрөөсний мах худалдах хүн болж ирээд, мөн олны дотор хутгалдан явж баймуй.
Тийн атал тэр хүү их хүрээлэнгийн дотор цугларсан олон хүн нар нэг зүг хомрон ирж, зэрэг зэргээр бархиралдан өгүүлрүүн: - Лян Шань уулын олон хулгай нар хэрэмд орж ирээд, Дамин Фү хотын баруун хаалганы амыг авч зогсож баймуй хэмээн хашхирсанд, Се Бао Ши Чяньд өгүүлрүүн: - Ай, чи сонсов уу? Тэмдэгт галыг одоо тавихгүй юу хүлээмүй хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Би мэдмүй. Та хоёр урьдаар гарч бай хэмээн тагтны Лу гэрээс бууж одсоны хойно, өөрийн сурсан эрдмээ гаргаж, цэцгийн сагсыг амандаа зууж, хормойгоо шууж, өвдгөө нэгэнтээ алгадан, өндөр Лу гэрийн орой нэгэн хөндлөн нуруунд элгээр түрүүлгээ хэвтэж, сайхь галын тарни, хүхэр бялт тэргүүтнийг нэг нэгээр асааж, Лу гэрийн дээд оройгоор дорогш хаясанд Цүй Юнь Лу тагтны оройгоос үүсвэрлн гал бадрав. Ши Чянь яаран дорогш дэвхрэн бууж, олон зул шатаасан дэнлүү бүрт галын бялт хаясанд, нэг агшнаа цөм шатаж, нэг их хүй хүрээлэн цөм галын цогц болон, улаан гал тачигнан шатав. Энэхүү мэдээг хотын түшмэл яаран ирж Лян Жуншүд мэдүүлэв. Лян Жуншү тэр өдөр баяр хийж, архи уусаар байн маш үлбэртэл согтсон аж.
Хүн үг хэлэвч огт ажрах ч үгүй, дэмий л нүд хялар. “Бушуу морь бэлд, морь бэлд” хэмээх ээс өөр үггүй.Гэрийн хүн нар сандран Ван Тайшоу түшмэлд очиж хэлсэнд, Тайшу яаран хүрч иртэл, Лү Ши Сы яаманд бас гал гарав. Хоёр газар ихэд шатаж, цэрэг, игэн их л бачимдаж байтал, хотын дээрхи харуулын цэрэг ирж мэдүүлэв: - Ляншаний олон жанжин, цэрэг хэдүйн ирээд, хотын баруун хаалга тулж зогсон үргэлжид хашхирмуй. Лян Жуншү сайд ихэд согтсон боловч өчүүхэн мэдрэл байсан нь бага сэхээрч, аргагүй морио унаж, өөрийн яамнаас гарч, зээл өөд явж байтал хоёр эр нэг тэрэг түлхэж явмуй. Лян Жуншү дэргэд нь хүрч нарийвчлан үзэх хэмээн дэнлүү оруулахад, тэрхүү тэргэн дээр ачсан юмнаас гал шатаж, зүг зүг үсрэн гарч гал бадрав. Лян Жуншү айн хойш дутаав. Тэрэг түлхсэн хоёр хүн нь Ляншаний До Чэнь, Сүньвань хоёр болой. Лян Жуншү тэндээс зүүн хаалга хүрч ирвээс Ли Ин, Ши Жинь хоёр сэлэм барьж зогсон баймуй. Тэд харин Лян Жуншүг үзээд сандран ирэхэд зүүн хаалганы сахисан дарга цэрэг зэвсэг далайн ирсэнд Ли Ин, Ши Жинь нар хөөн орж алалдаж, арваад хүнийг хорогдуулав. Лян Жуншү мөн айн өмнө хаалганд ирсэнд нэг барсын нүүртэй сүрхий хуушаан, нэг бумба хүнийг дагуулан дотогш дайран орж ирэв. Лян Жуншү мөн Лү Ши Сы яамны өмнө иртэл, Се Жэнь, Зебао хоёр гартаа шийдэм барьж урагшлан ирэхэд Тайшоу түшмэл галыг сөнөөхөөр очоод, огт чадсангүй санд мэнд давхиж явтал, Лян Жуншүг тэд согтуу зогсож байхыг үзээд, яаран мориноос бууж, сая учир хэлэх гэтэл Се Жэнь Се Бао, Ян Сюн Лю Тан хоёр ирээд Ван Тайшоугийн ар биенээс нэг бялуугаар цохисонд, Тайшоугийн тархи нь хагарч газар унаж үхэв.
Түүнээс Лян Жуншү Цүй Юнь Лугийн галд хүрч очсонд, хэдэн мянган лангийн үнэтэй тагт үнсэн товрог болж, гал дөрвөн зүгт тэлж, ойр хавийн айл аймаг бүрнээ шатаж, хотын дотор гаслангийн дуу үргэлжлэн, нялхсаа үүрч, хөгшнөө түшиж, орон орох олдохгүй, гал шатсангүй газрыг эрж нуун, уйлан бархиран байхыг Лян Жуншү үзээд сэтгэл уярч, мөн уур хүрч, гол их зээлд хүрч, өөрийн яамандаа буцахаар давхиж явтал, Ван Вэйху, И Жан Чин, Сүнь Синь, Гү Дасао, Жан Чин, Сүн Эрнян нар гарч, салхи мэт довтлон, зэвсэг далайн ирэхэд Лян Жуншү яаран хойш буруулж, хойд хаалганд ирвээс, нэг хэсэг жанжин дам илдийг барьж хаалганы амыг хааж зогсжухуй. Үзвээс их улаан тугийн далбаанд Да Дү Гуань шэн хэмээх дөрвөн үсэн бичжүхүй.
Лян Жуншү үүнийг үзээд аймшиггүй урагш явж чадахгүй, нэг харанхуй далд газар очиж, амь хоргодон зогсов. Хао Сывэнь,Хуаньсинь бас нэг салаа цэрэг авч, зүүн хаалганы зүг хашхиран одов. Бага сийрэг болсонд Ляэ Жуншү сая нэг зүгт бага явсанд Дэн Фэй, Хуа Рүн хоёр гурван зуу илүү морьтой цэрэг авч, замыг хөндөлдсөнд, Лян Жуншү одоо үхэж барав хэмээн бодож, хаашаа явах зүг олдохгүй байтал, нэг хэсэг цэрэг хашхиран дайрч ирэв. Үзвээс тэр нь Личэн ажгуу. Үүнд Лян Жуншү ихэд баярлан өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Мэргэн дүү үтэр ирж миний амийг тэнхрүүл хэмээсэнд Личэн аянга мэт хашхиран орж, Лян Жуншүг дундаа хавчин, Хуа Рүнгийн цэргээс авран гаргав. Яаран явж өмнө хаалга иртэл Вэньда өөрийн цэргээ авч Дамин Фүгийн хаалгыг дайран орж, Ляншаний цэргийг хөөн алж явтал, Лян Жуншү, Личэн нартай тохиолдож, хоёул хүч хавсран алалдаж, Лян Жуншүг хотын гадна гаргаж, баруун зүгт авч одов. Ли Күй, Ли Ли, Хү Яньжуо Чинь Мин, Хуа Рүн нэг мянга илүү цэрэг авч, Лян Жуншүгийн хойноос салхи мэт довтлон ирсэнд Лян Жуншү үзээд их л айж, зүрх хагарах мэт болов. Ляншаний олон жанжин Лян Жуншүг угаас занадаг тул, энэ өдөр бүгдээр барьж, махыг шавар болтол цавчих хэмээн довтлон ирээд, дүгэриглэн хааж, хараан өгүүлрүүн: - Дамин Фү хотын хөгшин чоно Лян Жуншү чиний үхлийн хэмжээ одоо гүйцэв. Бидний алахыг үзэгтүн хэмээгээд зэргээр зэвсэг хөдөлгөн орсонд, Лян Жуншү ухаан балартаж, гурван сүнс, долоон сүг нь сарниж, гагцхүү Вэньда, Личэн хоёрыг дуудаж өгүүлрүүн: - Мэргэн дүү нар энэ удаа өчүүхэн ахынхаа амийг аварч гаргагтун. Хүнд ачийг насад мартахгүй, сүслэн хариулъя хэмээн уйлахад Личэн, Вэньда хоёр өгүүлрүүн:
- Нэг хоёр зуун цэрэг жанжин болбоос бас ч гайгүй. Өдий олон тул, бид нар амь батлахад бэрх болов. Юу ч болов үхэн байлдаж үзье хэмээгээд чадахын чинээгээр байлдаж байхад, Хуа Рүн нум далайж нэг зэв харвасанд Личэнгийн баруун мөр оногдож, мориноос унасанд хажуугийн цэрэг түшин босгож, арай ядан Вэньда түүнийг хамгаалан алалдахыг байж, бусдын зэвсгийг хариулан морио гуядан зугтаж гарсанд, Лян Жуншү мориноос унаж, хоёр морины хооронд хавчуулагдан цэргийн дундаас амьд гараад, нэг гэрэлгүй харанхуй ёроолд нуун хэвтэв. Ли Күй тэргүүлэн, Ляншаний цэрэг тэднийг эргүүлэн Дамин Фү хотноо орж ирэв. Дуцянь, Сүньвань хоёр Лян Жуншүгийн гэрт орж, гэрийн эм хүүхдийг үхүүлж, зарим нь амьд дутаан зайлсанд гал тавьж сүйтгэв. Лю Тан, Ян Сюн хоёр Ван Тайшоугийн гэрт орж, залуу, хөгшнийг бүрэлгэв. Цай Чинь, Лэхэ хоёр хэдүйн гянданд орж, Ши Сю, Лү Жюнь И хоёртой учирч, тэр хоёрын учраа Ляншаний олон цэрэг нар хотын гадна дотно дүүрснийг хэлж байтал, гэнэт тэмдэгт гал шатав. Үүнд Цай Чинь яаран Лү Жюнь И, Ши Сю нарын дөнгө тушааг эвдэх гэтэл гянданы хаалгыг олон цэрэг эвдэж, Күн Мин, Күнлян, хоёр дайран орж ирсэнд Цай Пү дарга яаран шалтаг зааж өгүүлрүүн: - Айяа. Бид нь алба хүлээсэн өчүүхэн ард. Олон та нар миний амийг хэлтрүүлж өршөө хэмээн хэлээд, хэдэн албаны цэргүүдээ аваад гяндангаас гарч Лян Жуншүгийн яаманд ирж мэдүүлсэнд, тэр яамны бага түшмэд өгүүлрүүн: - Таны зэргийн өчүүхэн ард байтугай Ляншаний цэрэг лугаа эсэргүүцэж чадах хүн үгүй байтал яахимуй. Тэд өөрийн дураар хүлээн автугай хэмээсэнд Цай Пү ихэд баярлав. Цай Чинь, Лэхэ нар Лү Жюнь И, Ши Сю нарын дөнгө тушааг тас цавчиж, биеийг гяндангаас авч гаргахад, мөн гянданд хоригдсон хүнд ялтай ард энэ л чөлөөнд өөр өөрийн дөнгө тушаагаа эвдлэж, мултлан цөм оргож гарав. Ши Сю, Күнлян, Күн Мин, Зоу Юань, Зоурун тавуул, Лү Жюнь Иг авч тэдний гэрийн зүг ирж, зальхай эр эм хоёрыг амьд барьж авахаар ирэв. Энэ хоёрын эрийн нэр Лигү, эмийн нэр Зяши хэмээмүй. Эд тэр өдөр хотын дотор их гал бадарч, дөрвөн зүгт байлдаан гарч, олон амьтан хүн зүг бүр гэр орноо орхиж зайлан дутаахад, эр эм хоёр зөвлөлдөн, алт мөнгө, их үнэтэй сувд тана зэрэг хөнгөн юмыг боож аваад, хараахан дутаах хэмээж байтал, гадаад үүдийг эвдэж, нэг бүлэг улс орж ирэв.
Үзвээс цөм барс ирвэс адил сүрхий догшин, нүүр царай нь зэргээс ангид өөр, бүгдээр гартаа хурц зэвсэг барьжухуй. Нүд бүлтийн шууд орж ирээд, Лигү эр эм хоёрыг хараан өгүүлрүүн: - Адгуус нохой мэт эр эм та хоёр нүглийн сав одоо дүүрэв хэмээгээд хоёулын үснээс атгаж, хүлж аваад, зүүн хаалганы зүг ирэв. Лү Жюнь И гэрийн доторхи алт мөнгө, элдэв юмыг цөм тэргэнд ачиж, мөн зүүн хаалганд ирээд, Лян Шаньд очив. Энэ үед Ү Юн сяньшэн цэрэг дагуулан хотод орж ирвээс гал шатжухуй. Дамин Фү хотын нэг дундуур нь цөм үнс болжихуй. Олон иргэн үхэж сүйдсэн ба гэр орноо орхиж зайлан тархсан нь тоогүй. Зарим нэгэн явж чадахгүй болсон ард замын хажууд сөгдөж, “амь аврах ажаамуу” хэмээн эмгэнэн гуйж уйлахад Ү Юн дотроо сэтгэрүүн: - Дамин Фү хотын иргэн бүрэлгэсэн нь цөөнгүй болжихуй. Одоо Ши Сю, Лү Жюнь И хоёрыг нэгэнт олж аваад, зальхай эр эм хоёрыг барьж олсон тул,хамаагүй олон иргэнийг бусниулваас зохилдохгүй хэмээн бодож даруй газар газар цэрэг үлдээж, Ляншаний олон жанжин цэргүүд зарлиг цаазалж, харанга цохиж, гар хөдлөхийг зогсоов. Үүнд хотын олон иргэд сая сэтгэл бага амарч, гэр тэргээ засах, галыг сөнөөхөөр ирэв. Гагцхүү хотын гадна байсан нэг ангийн цэргийг Фань Руй авч доторхи байдлыг үзэх хэмээн ирж явтал, энэ гэрт Вэньда, харъяат сай Лян Жуншүг эрж олох хэмээн нэг салаа цэрэг авч довтлон явахад Фань Руй лугаа учирч тулалцан байлдав. До Чэнь, Жан Шүнь нар Лигү, Зяши хоёрыг авчирсанд Ү Юн өгүүлрүүн: - Эд нарыг хэвээр хадгалж бай. Аажмаар үгийг авч, яахин алахыг олноор зөвлөж мэдье хэмээв.
Тэндээс олон жанжин цэргүүдийг хураан авч байцааваас нэг ч хүн дутсангүй. Ши Сю, Лү Жюнь И нар ирж ёслон уулзав. Үүнээс хойш ямар болохыг хойд бүлэгт үзмүү.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ цувралыг хэзээнээс үлдсэнийг нь оруулах вэ?
зайл аа
Нацагдоржын зохиолыг нийтэлж тавиасаа, сэтгүүлч ээ энэ нийтлэл хэнд зориулсан бэ???