Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцлаа. Дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар болон албаны хүмүүс сургуулийн барилгын явц, ажлын талаар мэдээлэл өглөө.
Тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ПГС” ХХК ажиллаж байгаа бөгөөд барилгын явц 85 хувьтай байна. Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль нийт 3300 гаруй сурагчтай, өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас 3-4 дүгээр ангийн 6 бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм.
Тиймээс 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахаас гадна сургууль орчмын туслах авто замыг нээх шаардлагатай байгааг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн уламжилсан юм. Учир нь тус сургууль 3 автобустай бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд эдгээр автобуснууд зогсох зогсоол хүндрэлтэй болоод байгаа юм. Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн үндсэн барилга 1957 онд ашиглалтад орсон бөгөөд НМХГ-аас 2019 онд тус барилгад сургуулийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлт гаргасан юм. Тиймээс сургуулийн барилгын ажлыг хурдан хугацаанд барьж ашиглалтад оруулахыг нийслэлийн удирдлагын зүгээс үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )