Тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сард ЭЕШ-д хамруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл авснаар 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 8 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон билээ. 

Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож, бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Хэрэв өмнөх товын дагуу долоодугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулсан бол тухайн үед халдвартай байсан 3000 орчим сурагч, орон нутагт хөл хорионд орсон 7600 орчим шалгуулагч гээд нийт 10 мянган хүн шалгалтад орж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байв. Мөн 40 мянга хүүхэд шалгалтад орно гэж тооцоход тэдний 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэж эрдэмтдийн баг тухайн үед зөвлөж байсан юм.

Харин өнөөдрийн тухайд Элсэлтийн Ерөнхий Шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9000 гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагджээ. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн учир 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасаж байна.

Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.

Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.

Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэх ба ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж, нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар зохицуулж байгаа ажээ. 

 Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд 2 удаа авдаг болохоор төлөвлөж байгааг БСШУ-ны яам өмнө нь мэдэгдсэн билээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top