Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг есөн аймаг газар хөдлөлтийн ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.22/ Барилга хот байгуулалтын яаманд ажиллалаа.

Газар хөдлөлийн голомтуудын идэвхжил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учраас гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд тооцоо судалгаа нэн чухал.

Одоогоор Улаанбаатар хот болон 12 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргаад байгаа ч сүүлийн үеийн бодит нөхцөл байдлаар хамгийн эрсдэлтэйд тооцогдож буй Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг есөн аймгийн төв суурингийн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалын ажил санхүүжилтгүйн  улмаас хийгдэлгүй өнөөг хүрчээ.

Иймд Шадар сайд дээрх есөн аймгийн газар хөдлөлийн мужлалын зураглалын судалгаанд шаардлагатай санхүүжилтийг нэн даруй шийдүүлэхээ онцлон хэллээ. Мөн нийслэл дэх 8800, улсын хэмжээнд байгаа 8600 гаруй барилга байгууламжийг яаралтай паспортжуулж дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй болон эрсдэлтэй барилгуудыг хүчитгэх зэрэг арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг 2022 оны улс, нийслэлийн төсөвт суулгахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн хэмжээнд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байгаа бөгөөд эдгээрийг шинэчлэхэд санхүүжилтээс гадна хууль эрхзүйн орчинг шинээр бүрдүүлж холбогдох баримт бичгүүдийг боловсруулж батлуулах шаардлагатай байгаа аж.

Цаашдаа шинээр баригдах барилга байгууламжуудад газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чанар стандартын шалгуур, шаардлагыг анхнаас нь тодорхой болгож хяналт тавьдаг байх тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг  энэ үеэр талууд онцолж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.85.215) 2021 оны 07 сарын 22

ЭНЭ СЭТГЭГДЭЛ ГЭДЭГ ЮМАА АВААЧ МАЛАА. МАРТЧИХАЖ АВАХАА МАЛАА.

0  |  0
ЗОЧИН(192.82.85.215) 2021 оны 07 сарын 22

ХӨРСӨӨ СУДЛААГҮЙ БАЙШИН БАРИАД ГАЗРЫН АЛБА НЬ ГАЗАР ОЛГООД6 ГАЗАР ХӨДЛӨӨГҮЙ БАЙХАД ЦУУРАЛТ ҮҮСЭЭД БАЙХАД ГАЗАР ХӨДЛӨВӨЛ ЯАХ ЮМ БОЛ?

0  |  0
Top