Олимпын наадмын нээлттэй зэрэгцэн Монгол Улс Олон улсын математикийн 62 дугаар олимпиадаас бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 6 медаль хүртэж, багаараа 11 дүгээрт орсон сайхан мэдээ байна.
Тодруулбал, ОХУ-ын Санкт Петербург хотноо долоодугаар сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй математикийн олимпиадаас сурагч М.Өнөболд, А.Нямдаваа нар алт, О.Мишээл, Ц.Сайханбилэг нар мөнгө, Д.Энэрэлт, Б.Батсамбуу нар хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэхүү үйл явдалтай холбогдуулан гаргасан мэдээлэлдээ:
Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын математикийн олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа.
Монголын сурагчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.
Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм. Та бүхэнд улам их амжилт хүсье" гэжээ.
Харин Монгол Улсынхаа багийг удирдсан Балхүүгийн Батбаясгалан хэлэхдээ:
Олон Улсын Математикийн 62-р олимпиадад манай сурагчид тун амжилттай оролцож багийн дүнгээр дэлхийн 105 орноос 11-р байрт орж түүхэн амжилт үзүүллээ. Сурагчдын маань амжилт санамсаргүй зүйл байсангүй. Олон жилийн туршид бага, дунд ангиас нь олимпиадад бэлтгэн оролцуулж байсан Б.Батцэнгэл, Н.Баянбат, Д.Алтангэрэл багш, Д.Ганчимэг зэрэг багш нарын тавьсан маш сайн суурь болон сүүлийн жилүүдэд олон улсын олимпиадын бэлтгэлийг өндөр түвшинд хүргэж хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа математикийн олимпиадын хорооны гишүүн Г.Баярмагнай (өмнөх дарга), Ү. Отгонбаяр, Г. Батзаяа, У. Батзориг, Т. Хулан багш нарын нарын ажлын үр дүн юм. Түүнчлэн математикийн олимпиадыг Монгол улсад өндөр түвшинд хүргэн хөгжүүлж ирсэн ахмад үеийн багш нарын гавъяа зүтгэлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь ойлгомжтой юм. Амжилт бол 1% авъяас, 99% нь хөдөлмөр гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа авъяаслаг сурагчдын маань олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн өнөөдөр гарч байна. Та бүхэндээ нийт математикчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Математикийн олимпиадын хорооны үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллаж байгаа ММОХ-ны удирдах зөвлөл, БШУЯ-ны Бага, Дунд Боловсролын газрын холбогдох хүмүүст мөн гүн талархал илэрхийлье.
Энэ багийг удирдаж олон улсын олимпиадад оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол улс мандран бадрах болтугай" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүүдээ баяр хүргэе