Монголын сурагчид Олон улсын 4 олимпиадаас 12 медаль, шагнал хүртээд байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, Монголын сурагчид Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.
Мөн Олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон байна.
Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан.
Тэгвэл Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол Улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Халуун баяр хүргэе.
Ингээд олон улсын 4 олимпиадын нийлбэр дүнгээр Монголын сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байрын шагнал хүртээд байна. Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )