Газар хөдлөлтийг бүртгэх 5 шинэ станцтай болно  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж ихээхэн нэмэгдсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 3.5 магнитудаас дээш 240 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдээд байна. Тухайлбал, зөвхөн 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 4.6-6.5 магнитудын хүчтэй 8 удаагийн газар хөдлөлт болсныг өнөөдөр Төрийн ордонд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлаар талууд ярилцлаа.

Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлаар, олзошгүй хүчтэй газар хөдлөлт, гал түймрийн эрсдэлийг бууруулах, барилга дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр,

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц, амжиж анхааруулах системийн станцуудын сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,

Газар хөдлөлтийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж батлуулах,

Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,

Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг ажил хариуцсан хүмүүст даалгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top