Талийгаач нөхрөө цагаатгахыг хүссэн 75 НАСТАЙ ХӨГШИН суулт хийгээд 45 хонож байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 27

Төрийн ордны баруун хаалганы үүдэнд 75 настай, иргэн С.Цэвээн суулт зарлаад 45 хонож байна. Тэрбээр 1990 онд онгоцны ослоор амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэж, цагаатгахыг хүсэж байгаа юм.

Учир нь, түүний нөхрийн сууж явсан онгоц нь 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт осолдож, 30 гаруй  хүн амиа алдсан байна. Улмаар саяхан Хил хамгаалах ерөнхий газраас тухайн үед талийгаач нөхрийнх нь ар гэрт 702 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх албан бичиг иржээ.

Харин 75 настай С.Цэвээн гуай тэрхүү мөнгийг аваагүй гэх бөгөөд нөхрийнхөө нэр төрийг цагаатгах хүсэлтэй 45 дахь хоногтоо суулт зарлаад байгаа аж.

Тэрбээр "Ханийн минь нэр төрийг харлуулсан ийм муухай зүйлийг оройтож мэдсэндээ шаналж байна. Хүн чинь шаналах юм аа, дэндүү муухай шаналж байна. Аваагүй зүйлийг авсан гэхээр шаналж, гомдож байна. Ямарч байсан талийгаач нөхрийнхөө нэр төрийг цагаатгахыг хүсэж байна" хэмээн ярьж байна.

Түүнчлэн "Өнөөдөр 45 дахь өдрөө сууж байна. Өдрийн цагаар сууж, шөнө нь гэртээ харьж амарч байгаа. Энэ хугацаанд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа нар гарч ирж, уулзсан. Тэд цааш нь асуудлыг тавьж, бичиг явуулдаг бололтой юм. Тэр бичигт нь хариу ирэхгүй их уддаг юм байх. Би хувьдаа тэгж ойлгоод байгаа юм. Энэ чинь 30 хоног байтугай гурав хоног хүлээх хэцүү байна шүү дээ. Амьд байхдаа л энэ асуудлыг шийдэх гэж сууж байна. Түүнээс тэр мөнгийг авах гээд байгаа зүйл биш. Нэр төрийг нь л цагаатгахыг хүсэж байна" гэдгийг хэвлэлийнхэнд дайлаа.

Тэрбээр дээрх асуудлыг Засгийн газраар шийдүүлэхийг хүсэж байгаа бөгөөд төрийн гурван өндөрлөгт хандаад байгаа аж. Гэвч тэдний хэн нь ч өнөөг хэр нь хариулт өгөөгүй байгаа гэдгийг онцолж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top