Замын-Үүдийн үйл ажиллагааг сайжруулах 30 хоногийн хугацаа дууслаа

Д.Дорж | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

-Замын-Үүдийг зорьсон дарга нар Л.Оюун-Эрдэнийн даалгаврыг биелүүлж чадсангүй-

Одоогоос яг нэг сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн боомтыг зорьж хилийн гацааг арилгах 30 хоногийн хугацаатай үүрэг өгөөд ирсэн байдаг. Замын-Үүд боомтын ачаа нэвтрүүлэлтийг сайжруулах Засгийн газрын төлөөлөгч нарыг томилсон. Гэвч өнгөрсөн хугацаанд үр дүн гараагүй. Харин ч бараа бүтээгдэхүүний тээврийн зардал өссөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “30 хоногийн дараа үр дүн гарахгүй бол томоохон хэмжээний хариуцлагын асуудал яригдана” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэнчлэн хариуцлагын асуудал яригдах хугацаа нь өнөөдрөөс эхэлж байна. Засгийн газраас томилогдсон албан тушаалтнууд хугацаанд нь ажлаа хийж чадаагүй учраас Замын-Үүдийн гааль, шалганыхантай холбоотой гомдол мэдээллийг авч эхэлжээ.

Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн араас Замын-Үүдийн хилийн боомтод очиж ажилласан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлига албан тушаалын хэргээр хэд хэдэн албан тушаалтныг саатуулсан. Тухайн үед “Замын-Үүдийн мафи” гэдэг ноцтой хэллэгийг ашигласан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. АТГ, ТЕГ, Эрүүгийн  цагдаагийн газар хамтран тус сумын Онцгой комисс, Авто тээврийн газрын дарга, Засаг дарга, түүний орлогчтой холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлж, нийт зургаан хүнийг түр саатуулан, цагдан хорьж шалгахаар зөвшөөрөл авсан болохыг салбарын сайд мэдээлсэн. Нийгмийн сүлжээнд иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан тус боомтын ариутгах хаалгыг стандартад нийцүүлж, БНХАУ-ын талтай тохиролцон, ачааны эргэлтийг сайжруулах ажлыг яаралтай хийнэ гэж амласан. Үүнийг засаж залруулах Засгийн газрын төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг томилж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Л.Эрдэнэчулуун, ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх нарыг түүний хамтаар илгээгээд байгаа. Тус ажлын хэсэг Замын-Үүдэд газардсан цагаас хойш ачаа тээврийн нөхцөл байдлыг бүрэн шийдэж чадаагүй бөгөөд тээврийн хөлсөөр дамжин бараа  бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн гэдэг муу мэдээ тархсан. Ийнхүү бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсээр Замын-Үүдээс Улаанбаатарт ирэх ачааны үнэ хэвийн үеийнхээс зургаан дахин өсжээ. Улсад нэн шаардлагатай байгаа чухал тоног төхөөрөмжүүд хүртэл таг гацсан. Өчигдөр л гэхэд Улаанбаатар хотын захиргаанаас Хятадын Эрээн хотод 600 тонн гаруй хоолой бөөгнөрсний улмаас зам  засварын ажил гацсан гэдгийг мэдээллээ. Энэ мэт хүнс, бараа, эрүүл мэндийн салбарын хангалт хүртэл Замын-Үүдэд түгжигдээд байгаа. Уг түгжрэл Замын-Үүдийн боомтын удирдлагуудтай шууд холбоотой бөгөөд буруутнуудыг нь хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Замын-Үүдэд ажиллаад ирсэн Шадар сайд С.Амарсайхан  хилийн боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болсон эсэхийг шалгаад иржээ. Өнгөрсөн хугацаанд ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна.  Мөн Замын-Үүд суманд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд “ковид-19” цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхигүй болжээ.

Энэ хүрээнд Эрээн,  Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн гэж мэдэгдэж байгаа. Хилээр өдөрт  нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170  болжээ. Дээр нь 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж эхэлсэн бөгөөд төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байгаа гэнэ. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин  ачаа хилээр нэвтэрч орж ирэх болжээ. Гэсэн хэдий ч тээврийн хөлс олон дахин нэмэгдсэн явдлыг халж чадаагүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top