Хоёр хөршид шатахууны үнэ өсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

БНХАУ-д энэ оны эхний хагасын байдлаар дотоодын зах зээл дэх нефтийн үнэ есөн удаа нэмэгдсэн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлжээ.

Зургаадугаар сарын сүүлчээр шатахуун, дизель түлшний үнэ нэг тонн нь 225 болон  215 юаниар тус тус хоёр удаа өсчээ. Мөн эрчим хүчний зах зээлийн талаар мэдээлдэг “Oilchem.net” цахим хуудасны шинжээчид дотоодын шатахуун, дизель түлшний үнэ цаашид тонн нь 230 орчим юаниар буюу литр нь 0.17-0.20 юаниар нэмэгдэж магадгүй гэх  таамаг дэвшүүлээд байна. Харин санхүүгийн салбарын мэдээ, мэдээлэл нийтэлдэг “Economic View” цахим хуудаст мэдээлснээр, дотоодын нефтийн үнэ 11 гаруй удаа өөрчлөгдсөн байна. Тухайлбал, шатахуун, дизель түлшний үнэ 2021 он гарсаар 1180 юань, 1140 юаниар тус бүр өсжээ.

Шатахуун болон дизель түлшний үнэ өсөж байгаатай холбоотойгоор өнөөдрөөс үнийг нь буулгах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Олон улсын газрын тосны үнийн сүүлийн үеийн өөрчлөлтийг үндэслэн бензин, дизелийн жижиглэнгийн үнийг  тонн тутамд 100 юаниар (15.44 орчим доллар) бууруулна гэж БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлээд байна.  Одоогоор дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хамгийн тогтворгүй байгаа юм. Бээжингийн зүгээс Хятадын үндэсний нефтийн корпорац, Нефть химийн холбоо, Үндэсний оффшор газрын тосны корпорацид хандан газрын тосны олборлолтоо тогтвортой байлгаж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгах үүрэг өгчээ. Олон улсын зах зээлд нефтийн үнэ зургаадугаар сараас хойш тасралтгүй өссөөр байна.  

БНХАУ-аас гадна  хойд хөрш ОХУ-д он гарснаас хойш  шатахууны үнэ 2.9 хувиар мөн өсжээ. Хэдийгээр шатахууны үнэ өссөн ч гэсэн ОХУ хамгийн хямд  АИ95  шатахуунтай орнуудын  жагсаалтын хоёрдугаарт жагсаж байгаа тухай “Риа Новости” агентлаг өнгөрсөн сарын 26-нд мэдээлжээ. Харин хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар16 дугаарт жагссан байна.  “Tass” агентлагийн мэдээлснээр, АИ-92 маркийн шатахууны үнэ ОХУ-д өнгөрсөн сарын 19-23-нд долоон копейкоор нэмэгдэж, литр нь 45.86 рубль болжээ. Харин АИ-95 шатахууны үнэ есөн копейкоор нэмэгдэж, 49.35 рубль, дизель түлшний үнэ дөрвөн копейкоор нэмэгдэж, 50.16 рубльд тус бүр хүрсэн байна. 

Дотоодын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Засгийн газар бензиний экспортод түр хориг тавих талаар хэлэлцэж буй талаар ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгджээ. Энэ талаарх асуудал тус улсад хавраас хойш яригдаж байгаа аж. Биржүүд дээр үнийн дарамт учирснаас гадна нөхцөл байдал нэлээд тогтворгүй хэвээр байгаа юм байна. Шатахууны экспортыг түр хязгаарлах саналыг Эрчим хүчний яам ойрын хугацаанд танилцуулна гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдсэн байна. Тэрбээр  “Ерөнхийдөө бид дээрх саналыг нэмэлтээр авах арга хэмжээ гэж харж байгаа. Учир нь, эрэлт хэрэгцээ нэмэгдэж, бид дотоодын зах зээлийг бүрэн хангах шаардлагатай байна” хэмээжээ.

Харин тус улсын Сангийн дэд сайд Алексей Сазанов  “Шатахууны экспортыг бууруулвал онцгой албан татвар нэмэгдэнэ. Тодруулбал, шатахууныг экспортлохгүй учир шатахуун онцгой албан татвар төлөгдөж буй дотоодын зах зээлд шилжинэ гэсэн үг юм” хэмээжээ.ОХУ-ын нефтийн компаниуд тавдугаар сард шатахууны экспортоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25 орчим хувиар бууруулжээ. Дотоодын зах зээлийн байдал хэцүүдвэл газрын тосны бүтээгдэхүүний экспортод хориг тавих тухай асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Александр Новак өнгөрсөн тавдугаар сард онцолж байсан юм. Гэсэн ч тухайн үедээ эрэлт хэрэгцээг хангах хангалттай хэмжээний нөөц байсан аж. Новак “Хориг тавих алхам нь эгзэгтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд л авах арга хэмжээ юм” хэмээн  мэдэгдээд Оросын түлшний зах зээлийн нөхцөл байвал тогтвортой, газрын тосны бүтээгдэхүүний үнэ инфляцийн түвшинд хүрч өсөж байгааг онцолжээ. Дэлхий даяар КОВИД-19 халдварын тархалт дахин нэмэгдэх болсонтой холбоотойгоор нефтийн үнэ өссөөр байгаа билээ.

Нью-Йоркийн бирж дээр WTI маркийн нефтийн есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 33 центээр нэмэгдэж, нэг торх нь 73.95 ам.долларт хүрчээ. Мөн Брент маркийн  нефтийн үнэ Лондоны биржид 28 центээр нэмэгдэж, 76.33 ам.долларт хүрсэн байна. Германы “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич нефтийн эрэлт энэ оны хоёрдугаар хагаст эрс өсөх төлөвтэй байгаа тухай мөн онцолсон байна.  АНУ-ын нефтийн нөөц урьдчилан тооцоолж байснаас их хэмжээгээр буурсан нь нефтийн үнэ өсөхөд мөн нөлөөлжээ. Тухайлбал, АНУ-ын нөөц долоодугаар сард 4.1 сая торхоор буурсан талаар тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ мэдээлсэн юм. Харин шинжээчдийн хувьд нефтийн нөөцийг 2.5 сая торхоор буурна хэмээн тооцоолж байжээ. Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт шатахууны нөөц 2.3 сая торхоор, нэрмэл түлшийн нөөц 3.1 сая торхоор буурсан байна. Ийнхүү тухайн долоо хоногт WTI маркийн нефть 2.6 хувиар, Брент маркийн нефть гурван хувиар өсжээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top