Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гарган авах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралджээ.
Тодруулбал, нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжинд 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдсан юм байна.
Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулахаар болж байна.
Монгол Улсын хувьд өмнө нь ийм том хэмжээний хөлөг татан гаргах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь ойролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх аж. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй Ажлын хэсгийн гишүүд санал нэгджээ. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )