Спортын арбитрын шүүх Токио-2020 олимпын 91 кг жингийн шөвгийн дөрөвт Их Британийн тамирчин Фрейзер Кларктай тулалдаж, хасагдсан Францын боксчин Мурад Алиевын нэхэмжлэлийг хүлээн аваагүй байна.
Энэ сарын 1-нд болсон тулааны хоёрдугаар үед Алиевыг толгойгоороо аюултай үйлдэл хийсний төлөө шүүгчид Алиевыг хасаж, Их Британийн тамирчинд ялалт өгсөн билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Алиев рингэн дээр нэг цагийн турш сууж, эсэргүүцэл илэрхийлсэн.
Тэрбээр тулааны хоёрдугаар үеийг өөр шүүгчидтэй дахин эхлүүлэх хүсэлт тавьж, Спортын арбитрын шүүхэд хандсан байна.
Спортын арбитрын шүүх шүүгч алдаа гаргасан байж болохыг үгүйсгээгүй ч шүүгчийн шийдвэрийг баталгаажуулсан байна. Учир нь шийдвэрийг рингэн дээр гаргажээ. Спортын арбитрын шүүх тулааны талбайд гаргасан шийдвэрийг туйлын ховор тохиолдолд өөрчилдөг гэж мэдэгдэлд онцолсон байна. Алиевын хэргийн хувьд рингний шүүгчийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлыг батлах нотолгоо байхгүй байсан гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )