Беларусийн дасгалжуулагчдыг олимпын тосгоноос хөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Беларусийн хөнгөн атлетикийн багийн дасгалжуулагч Юрий Моисевич, Артур Шумак нарыг тамирчин Кристина Тимановскаягийн хэрэгтэй холбогдуулан олимпын тосгоноос хөөжээ.

Олон улсын олимпын хорооны мэдэгдсэнээр, Беларусийн үндэсний олимпын хорооны тамирчдын сайн сайхны үүднээс болон түр хугацааны арга хэмжээ болгон ОУОХ пүрэв гарагт дасгалжуулагч Шумак болон Моисевичийн итгэмжлэлийг хүчингүй болгосон байна.

Дасгалжуулагчдад олимпын тосгоныг орхих шаардлага тавьсан бөгөөд тэд шаардлагыг биелүүлсэн гэжээ. Тэдэнд өөрийн байр сууриа илэрхийлэх боломж олгоно гэж ОУОХ мэдэгджээ.

Тимановская Токио-2020 олимпын 100 м болон 200 м зайд гүйх ёстой байжээ. Шаардлагатай тооны сэргээшний шинжилгээ хийлгээгүй Беларусийн хоёр тамирчныг олимпын 4х400 м тэмцээнээс хассаны дараа дасгалжуулагчид Тимановскаяг энэ төрөлд өрсөлдүүлэхээр шийдсэн байна. Гүйгч энэ шийдвэрийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эсэргүүцэж, хариуцлагагүй үйл ажиллагаагаа тамирчдыг золиосолж, засахыг оролдож байна гэж удирдлагуудаа шүүмжилжээ. Үүний дараа Беларусийн олимпын хороо Тимановская эмчийн дүгнэлтийн дагуу сэтгэл санаа, сэтгэл зүйн байдлын улмаас олимпыг орхиж байна гэж мэдээлжээ. Тамирчин өөрөө Европт орогнол эрэх хүсэлтэй буйгаа мэдэгдэж, ОУОХ-д хандан тусламж хүсжээ. Тимановскаягийн хэлснээр, түүнд дарамт шахалт үзүүлж, өөрийн хүслийн эсрэг эх орон руу нь буцаахыг оролдсон байна.

Өнгөрсөн лхагва гарагт Тимановская Токиогоос Вена хотод ирж, Австрийн нийслэлээс Варшавт ирээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top