ОХУ-ын дасгалжуулагч боксын ШҮҮГЧ НАРЫГ шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

ОХУ-ын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Фархутдинов Токиогийн олимпын -91 кг-ийн жинд тулалдсан боксчин Муслим Гажимагомедовын шүүлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Гажимагомедов -91 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх тулаанд Кубын боксчин Хулио ла Круст 0:5-аар шүүгч нарын санал нэгтэйгээр ялагдсан юм.

Харин ОХУ-ын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Фархутдинов “Энэ тоглолтод манай тамирчин ялсан гэж бодсон. Хоёрдугаар болон гуравдугаар раундад Гажимагомедов ялсан нь тодорхой мэдэгдэж байсан. Би ойлгохгүй байна. Бүх шүүгч бидний эсрэг шүүсэн. Өнөөдөр алтан медаль биднээс явчихлаа” гэжээ.

Оросын боксчин Муслим Гажимагомедов өмнө нь финалд шалгарсныхаа дараа боксын шүүгч нарыг шүүмжилж байсан билээ. Тэрбээр Шинэ Зеландын боксчныг 4:1-ээр ялахдаа “Аргентины шүүгчийн Шинэ Зеландын боксчинд өгсөн оноог ойлгохгүй байна. Тэр утсаараа өөр тулаан үзэж байсан бололтой. Ийм шүүгч нарыг ажлаас нь халж, эрхийг нь хасах ёстой. Тэгж байж л бокс шударга болно” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.209) 2021 оны 08 сарын 08

zugeer manaykhyg luiwardaa biz dee

1  |  0
Top