ТОМИЛОЛТ: Хүслийн хадны ЧИМЭЭГҮЙ ХҮСЭЛ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 08 сарын 09

Хөвсгөл аймгийн Хатгал гэх жижигхэн тосгон хэзээний олны хөлд дараатай байсаар ирсэн. Учир нь, тэнд байх Хөвсгөл далайг нүдээр үзэж, баясах гэсэн гадаад, дотоодын олон жуулчин жилийн жилд эл талын жижигхэн сууринг зорьж, хөл хөдөлгөөнтэй болгодог билээ.

Ялангуяа Хөвсгөл далайд очсон хүн бүр сүсэг бишрэлдээ хөтлөгдөж, хүслээ шивнэхээр Хүслийн хадыг зорьдог. Харин олон жилийн турш жуулчдын дотроо шивнэсэн хүслийг сонсож их бага хэмжээгээр биелүүлж ирсэн Хүслийн хад чухам юуг хүсдэг, шивнэдэг юм бол оо.

Хариулт нь маш энгийн. Хүслийн хаданд хүслээ шивнэхээр очиж байгаа тэр олон мянган жуулчин хаданд сүү өргөж, будаа цацаж, хадаг болон мөнгө тавихаа л больчиход болно. Дээр нь, хог, саваа ил задгай хаяхгүй байхад л хангалттай. Энэ бол Хүслийн хадны чимээгүй хүсэл юм.


-ХАДАГ ТАВЬЖ, СҮҮ ӨРГӨХ НЬ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ БОХИРДУУЛЖ БАЙНА-

Тиймдээ ч далай ээж, ялангуяа Хүслийн хадны "хүсэл"-ийг нутгийн зон олон, тэр газрыг "жолоодож" яваа хүмүүс нь дайж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар "Хүслийн хаданд гадаад, дотоодын жуулчид ирж хүсэл мөрөөдлөө Далай ээждээ даатгадаг. Гол сүсэглэлийн газар гэхэд болно. Харамсалтай нь, тэр олон жуулчин энд ирэхдээ хадаг сүү болон бусад цагаан идээг чихэр жимс зэргээр өргөл өргөдөг. Энэ нь хэдийгээр шашны үйл мэт боловч цаанаа энэ сайхан далай, байгаль дэлхийгээ бохирдуулж байдаг. Энд ирсэн, ирэх жуулчдад хандаж хэлэхэд Хүслийн хадандаа сайхан залбираад л явахад хүний хүсэл, мөрөөдөл биелнэ. Харин хадаг тавих, сүү өргөх зэрэг нь байгаль дэлхийгээ бохирдуулж, муухай үнэртэй болгож байна. Дараагийн ирж байгаа аялагчдад таагүй уур амьсгал үзүүлж байна. Тиймээс байгаль дэлхийгээ битгий бохирдуулаач ээ, ирээд сайхан залбирч, хүслээ шивнэчихээд явахад манай цэнхэр далай нийт аялагчдын хүслийг биелүүлнэ" гэдгийг учирлаж байна.

-ИРГЭД СҮҮ ӨРГӨСНИЙ УЛМААС ХҮСЛИЙН ХАДНААС ҮМХИЙ ҮНЭРТЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл далайн эко системийг хадгалж үлдэх, бохирдлыг бууруулах чиглэлээр Хүслийн хадны "хүсэл"-ийг ч сонсож эхэлжээ.

 

Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Д.Мөнхбат "Байгаль дэлхийд хандах хандлага, ялангуяа Хүслийн хаданд хүслээ шивнэж байгаа хүн цэвэр, ариун бодолтой байх ёстой. Гол нь байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байх нь тэр хүслийг гүйцэлдүүлэх шалтгаан болно. Тэгэхээр аялал зугаалгаар явж байгаа болон хүслээ шивнэхээр ирж байгаа уул, хадандаа сүсэглэж байгаа иргэдэд хэлэхэд сүү өргөх, хадаг уях, будаа тариа цацах нь тодорхой хэмжээгээр байгаль дэлхийгээ бохирдуулж байна. Сүү өргөсний улмаар Хүслийн хаднаас үмхий үнэртэж байх жишээний. Энэ ариун дагшин газарт хүслээ шивнэхээр ирдэг. Гэтэл тэр хад нь үмхийрчихсэн байвал онцгүй. Тиймээс хамгаалалтын захиргаатай нь хамтран Хүслийн хадаа цэвэрлэлээ. Нэлээдгүй олон тор хог гарч байна. Иймд нийт аялал зугаалж байгаа иргэдэдээ хандаж хэлэхэд байгаль дэлхийгээ хайрлаж, аливаа зүйлд ухамсартай хандах хэрэгтэй байна" хэмээн уриалж, зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2024 оны 07 сарын 27

Аялна гэдэг хариуцлага гэдгийг ойлгодоггүй мухар сүсэгтнүүд хэрэн тэнүүчилж байгаль орчныг завааруулж яваа юм байна. Байгаь эх мухар сүсгийн золиос болох ёсгүй шүү үхэр монголчууд аа.

2  |  0
Nernees bolj bgan (174.241.173.24) 2021 оны 08 сарын 09

Neg erguu sda ni khusluun khad gej nerleed shuugian tariad yavtsanii l gai sh dee

0  |  0
Зочин(192.82.81.189) 2021 оны 08 сарын 09

За нэг зүйл нийтэд хэлэхэд газар усны нэрээ битгий сольж бгаарай. Сүүлдээ өөр өөр аялгаар өөрөөр хэлээд ойлгохоо больж магадгүй шүү дээ. Сайхан нэрүүдийг. Сумдын нэр ч мөн адил.

0  |  0
hvisiin had sh dee(202.131.225.197) 2021 оны 08 сарын 09

ug ni hvisiin had gedeg yumaa. hvmvvs svvld hvseliin geed bgaa l dee..

1  |  0
Ард(110.7.218.159) 2023 оны 07 сарын 12

ШУУД Л ХОРИГЛОСОН ТУШААЛ ГАРГААЧ ЭЭ.

1  |  0
зочин(64.119.29.149) 2021 оны 08 сарын 09

Жинхэнэ нэр нь өөр л юм байна лээ ш дээ,манайхан л хүслийн хад гэж нэрлээд

0  |  0
Top