“Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр Э.Адъяасүрэнг томиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

“Оюунлаг Монгол хүн танаа зориулав” уриа, соён гэгээрүүлэх нийтлэлийн бодлоготойгоор хэвлэгдэн гардаг “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр Эрдэнэбилэгийн Адъяасүрэнг томиллоо.  

Эрхэт Монгол медиа группээс эрхлэн гаргадаг “Зиндаа” сэтгүүлийн анхны дугаар 2016 онд олны хүртээл болж байсан бол өдгөө тус хамт олон 16 дугаараар (№11,12 нэг сэтгүүл болж гарсан) нийт 15 сэтгүүл эрхлэн гаргаад байгаа билээ. “Зиндаа” сэтгүүлийн анхны Ерөнхий эрхлэгчээр тус сэтгүүлийн Үүсгэн байгуулагч, Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Хархүүгийн Мандахбаяр, анхны Ерөнхий редактораар нийтлэлч Д.Дамдинжав, удаах Ерөнхий редактор, Ерөнхий эрхлэгчээр Ц.Оюунчимэг нар ажиллаж байв.

“Зиндаа” сэтгүүл өнөөдөр хөгжлийн хоёр дахь үе шатандаа шилжих бэлтгэл хийж, энэ үе шатыг удирдан авч явах Ерөнхий эрхлэгчээрээ Э.Адъяасүрэнг сонгон томилж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай сэтгүүлч Э.Адъяасүрэн нь олон салбарт хүчээ сорьсон авьяаслаг уран бүтээлч төдийгүй нийгмийн мэдрэмжтэй манлайлагч, ирээдүйтэй удирдагч байж чадна хэмээн үзэж байна. Түүний ажлын туршлагаас дурдвал, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 2001-2012 онд парламентын сурвалжлагч, улс төрийн тоймч, МОНТА теле студийн ахлах редактор, 2012-2016 онд ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэст мэргэжилтэн, АСЕМ-ын Мэдээлэл, сурталчилгаа, цахим хуудасны ажлын хэсэгт Ахлах редактор, 2017-2021 онд МХАҮТ-ын Сонин, сэтгүүлийн эрхлэгч, Маркетинг, Олон нийттэй харилцах газрын даргаар тус тус ажиллажээ. Тэр УБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, Спортын сэтгүүл зүй болон англи хэлний орчуулагчийн бакалавр зэрэгтэй, Төрийн удирдлагын менежер. 

Э.Адъяасүрэн Монголын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнуудын холбооны үүсгэн байгуулагч, Тэргүүн бөгөөд Улстөрч Н.Алтанхуягийн “Оргил өөд 1, 2” номын зохиогч-редактор, “Эхлэлээс экспорт руу” ярилцлагын ном, Каламбура төрлийн эсээ бичвэрийн “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” номын зохиогч, ном бүтээлүүдийн редактор, Авторын булан хөтлөгч, сургалт, PR consulting мэргэжилтэн зэрэг өргөн цар хүрээнд оюуны бүтээлч үйл ажиллагаа явуулж ирсэн байна.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болоро(64.119.19.144) 2021 оны 08 сарын 13

Амжилт хүсье

1  |  0
Zoogii(202.126.89.94) 2022 оны 09 сарын 19

Энэ Мандахбаяр ямар бядтай сда вэ… ёстой нэр цэвэр гайгүй бичлэгтэй сэтгүүлчийг урвуулчихаж

3  |  0
Wow!(202.21.124.2) 2021 оны 08 сарын 13

Bayar hurgie ee. Amjilt!!!\n

2  |  0
Top