БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын асуудлаар өнөөдөр (2021.08.12) мэдээлэл хийлээ.
Мэдээллээр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад Ковид-19 цар тахлын хүндрэлтэй байдал үүсэж, боловсролыни байгууллага хамгийн их хохирол үзсэн салбар болсон. Хүүхдүүд маань суралцах ёстой хугацааныхаа тал хувьд нь зайны сургалтаар хичээллэж, танхимын сургалт тодорхой хэмжээнд тасалдсан явдал бол эргээд хүүхдүүдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүссэн.
Ковидын үед боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд юунд анхаарч, ямар зохион байгуулалтаар хичээл сургалтаа тасралтгүй явуулах вэ гэдэг чиглэлээр эрдэмтдийн зөвлөгөө, ЭМЯ-тай хамтарсан багийн ажлын үр дүнд үндэслэн сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгийн хичээл сургалтыг үе шаттайгаар эхлүүлье гэдэг байдлаар танилцуулсан.
Үндсэндээ ковид бол ханиад биш цар тахал. Тэр тусмаа сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг байна. Яагаад гэхээр ковидын эсрэг ямар нэгэн вакцинд хамрагдах боломжгүй. Дээр нь эдгээр хүүхдүүд хавар, намарт их тохиолддог улирлын томууд их нэрвэгддэг, халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар нь сул байдаг нас учраас үе шаттайгаар, нөхцөл байдалд нь үнэлгээ хийж, 4-5 насны хүүхдүүдийг эхний ээлжинд цэцэрлэгт авах эрдэмтдийн багийн санал дээр тохирсон. Харин 2-3 настай хүүхдийг ЭМЯ-аас аюулгүй, халдвар авах эрсдэл харьцанүй гайгүй байна гэсэн үед цэцэрлэгт хамруулна.
Цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 01-нд маш өндөр эрсдэлтэй нөхцөлд нээнэ. Үүн дээр боловсролын байгууллага, эцэг, эхийн хамтын ажиллагаа чухал юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэг доторх бүх зохион байгуулалт, ариутгал, халдваргүйтгэл, дотор мөрдөх бүх дэг журмын Боловсролын яамнаас боловсруулж, Эрүүл мэндийн сайдтай хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байна.
Энэ хүрээнд таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилтыг тавьж байна. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан дөрвөн настай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулна.
Цэцэрлэг энэ хичээлийн жилд бүгд танхимын сургалтаар эхэлнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт танхимаар сургахад эрсдэлтэй гэж үзсэн болон танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүд маань зайн сургалтад хамрагдах юм.
Мөн таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт авч, сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах нь энэ жилийн онцлог арга хэмжээ болно. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй болон орон нутгийнн малчин өрхийн хүүхдүүдийг бид хувилбарт сургалтаар дамжуулж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэнэ.
Өнөөдрийн байдлаар таван настай 77.185 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулах зорилгыг тавиад явж байна. Дээр нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдүүд орон нутагтаа болоод Улаанбаатар хотод бүртгэлийнхээ хүрээнд боломжтой.
Бүлэг дүүргэлтээ нэг ангид 20+\- 5 гэж явна. Анги танхимын зай талбайгаас шалтгаалаад цэцэрлэгүүд өөрсдөө бүлэг зохион байгуулалтаа хийж байгаа. Цэцэрлэгийн өдрийн сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг урьдын адил 8-10 цаг байна.
Эцэг, эхчүүдээр хүүхдийн хичээлийн бэлтгэлийг гурван сараар нь бэлтгүүлэхээр жагсаалтыг гаргасан.
Дараагийн нэг зүйл нь цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулж ажилладаг. Энэ хүрээнд хүүхдийнхээ эрүүл мэндийг дэмжих, ковидын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг эцэг, эхчүүдэд хүлээлгэнэ. Тухайлбал, зайлшгүй баримтлах ёстой дэгүүдийг хүүхдэдээ гэртээ болон гэр, цэцэрлэгийн хооронд бариулах хариуцлагыг эцэг, эхчүүд хүлээх ёстой. Цэцэрлэг дээр хүүхдүүдийн тоглоомыг хооронд солиулахгүй, мөн шүдийг угаалгы хийхгүй. Хүүхдийнхээ шүдийг гэрт нь сайн угаах хэрэгтэй.
Хэрвээ цэцэрлэг дээр ковидын халдвар гарвал зайн сургалтад шилжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв шийдвэр гаргажээ, дэмжиж байна