Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш /2021.08.19/ Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлж, ирэх ням /2021.08.22/ гарагт өндөрлөнө. Үүнтэй холбогдуулан шалгалтад ажиллах 9250 багш, албан хаагчдад “Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт”-ын талаар зөвлөгөө мэдээллийг цахим болон танхимаар өгч, бэлтгэл ажлыг хангаж дууссан байна. Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах аж. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнадмидаас тодрууллаа.
-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хэчнээн шалгуулагч бүртгүүлээд байна вэ?
-Нийт 40420 шалгуулагч шалгалтад орохоор бүртгүүлсэн. Үүнээс өмнөх оны төгсөгч 8638, энэ оны төгсөгч 31782 байна.
-Цар тахалтай холбоотойгоор анги дүүргэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Нэг ангид 1.5-2 метрийн зайтай 12-15 шалгуулагч суухаар бэлтгэсэн. Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ шалгуулагч булангаараа нэвтрэн орж шинэчлэгдсэн суудлын хувиараа хэвлэж авна. Суудлын хувиар дээр шалгалтад ирэх цаг болон орох хэсгийг зааж өгсөн. Ингэснээр хүүхдүүд шалгалтад ирэхдээ тухайн заасан цагт орох хэсгээрээ орж бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулж байна. Хэрвээ тухайн шалгуулагч шалгалтад орохдоо халуунтай байвал тусгай ангид оруулж шалгалтыг авна. Дараа нь шалгуулагчийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгнө. өөрөөр хэлбэл, халдварын шинж тэмдэг илэрсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтад оруулна гэсэн үг.
-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирж байгаа хүүхдүүд ямар бичиг баримттай байх шаардлагатай вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад ирэхдээ дөрвөн бичиг баримттай ирнэ. Иргэний үнэмлэх. Хэрвээ хаяж гээсэн бол иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт болон орлох бичиг баримт, бүртгэлийн хуудас, шалгуулагч булангаар орж хэвлэж авна. Суудлын хуваарь, шинэчлэгдсэн суудлын хувиараа шалгуулагчийн булангаар заавал хэвлэж авна. Шалгалтын суудлын хуваарь дээр тухайн шалгалтын байр, анги танхим, ирэх цаг, орох хэсэг гээд бүх зүйлийг заагаад өгсөн байгаа учраас энэ нь маш чухал бичиг баримт. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, хэрвээ тухайн шалгуулагч бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гээсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын лавлагаа байж болно. Цар тахалтай энэ үед хичээл сургууль завсардсан хэдий ч нийт шалгуулагч нар дор бүрнээ бэлтгэлээ сайн хангаж, амжилттай оролцохыг хүсэж байна.
Бэлтгэсэн: Б.Цэлмүүн
Сэтгэгдэл ( 0 )