2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭШТ/ маргааш /2021.08.19/ эхэлнэ.
Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангасан. Энэ жилийн ЭЕШ-д оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагджээ.
Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг 9 сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж 1 дүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулана. Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд 2 удаа авдаг болно гэдгийг БШУЯ-аас мэдээлсэн.
ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ.
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/
- Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
- Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Сэтгэгдэл ( 0 )