Элсэлтийн ерөнхий шалгалт МОНГОЛЫН ТҮҮХ хичээлээр эхэллээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ орон даяар Монголын түүх хичээлээр 10:00 цагт нэгэн зэрэг эхэлж байна. 

Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулж байна. Ингэхдээ нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангасан. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байгаа талаар албаныхан мэдээлсэн. Мөн шалгалтын үеэр ажиллах есөн мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагджээ.  

Ирэх ням /2021.08.22/ гараг хүртэл үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин элсэлтийн ерөнхий шалгалтад хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулна. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болно гэдгийг салбар яамнаас мэдээлсэн билээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

-ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ШАЛГУУЛАГЧИД ДАРААХ БИЧИГ БАРИМТТАЙГАА ИРНЭ-

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/
  • Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
  • Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top