Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан гэх асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Д.Болдсайхан тодруулга өглөө.
Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалт нь Боловсрол шинжлэх ухааны яамны албаны нууцын зэрэглэлд багтаж явдаг. Бид шалгалтын материалаа хотоос зайдуу, сүлжээгүй орчинд боловсруулдаг. Нийслэлийн хэв журам хамгаалах цагдаа нартай хамтран хаалттай бүсэд даалгаврыг боловсруулан тухайн газартаа хэвлэн, ууталж битүүмжлээд Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албанд хүлээлгэж өгдөг. Тусгай шуудангийн алба нь аймаг дүүргийн боловсролын газруудад хүргэнэ. Тухайн постод ажиллаж байгаа нийт 70 орчим хүний гар утас болон мэдээлэл задруулах боломжтой зүйлсийг нь цагдаагийн ажилчид хурааж авдаг. Иймд элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв задрах ямар ч боломжгүй.
Ойрын үед цахим орчинд яваад байгаа асуудал нь тухайн шалгалтын байран дээр гар утас авч орсонтой холбоотой гэж үзэхээс илүүтэй шалгалтын журам зөрчсөн асуудал юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зааснаар мэдээлэл задруулж болзошгүй гар утас, чихэвч мөн бусдад саад болох эд зүйлсийг авч орохыг хориглодог. Хэрвээ дээрх дурдсан эд зүйлсийг нууж авч орсон тохиолдолд тухайн хүүхдийн шалгалтын дүн хүчингүй болно.
Наймдугаар сарын 22-нд Химийн хичээлийн шалгалтын үеэр 39-р сургуулийн шалгалтын байранд гар утас авч орсон, ашиглахыг завдсан хэрэг гарсан. Үүнийг тухайн шалгалтын анги танхимд ажиллаж байсан хянагч багш таслан зогсоож, баримтжуулан, утсыг нь хурааж аваад протоколд тэмдэглэн ирүүлсэн байгаа.
Хоёрдугаарт, н.Бямбадаш гэх багшийн шалгалтын материалыг бусдад задруулж байгаа зураг цахим сүлжээгээр тарж иргэдийг бухимдалд хүргэлээ. Шалгалтын битүүмжлэл нууцлалыг боловсролын үнэлгээний төв хууль хүчний байгууллагатай хамтраад нууцалсаар байтал тухайн шалгалтын байранд ажиллаж байсан, эсвэл шалгалт өгч байгаа хүүхдүүдийн тоомжиргүй байдлаас болж иргэдэд шалгалтын агуулга задарсан мэтээр ойлгогдож байгаа нь маш харамсалтай байна. Үүний хор уршиг нь дараагийн шалгалтад орж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйд тогтворгүй байдлыг үзүүлнэ. Энэ асуудлаар Бямбадаш гэх багштай холбогдож тухайн шалгалттай холбоотой хэзээ, хэнээс авсан, аль цэгээс хэдэн цагт дамжуулагдсан гэх зэрэг асуудлыг тодруулахаар Нийслэлийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандахаар төлөвлөж байна. Асуудлыг тодорхой болмогц тухайн үед нь хэвлэл мэдээллээр дамжуулж иргэддээ мэдээлэх болно" гэлээ.
Б.ЦЭЛМҮҮН
Сэтгэгдэл ( 0 )