Шатахууны үнийн өсөлт нарийн ногооны үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Намрын налгар өдрүүдэд эх орны хөрсөнд ургасан шинэхэн ногоо нийслэл хотод худалдаалагдаж эхэлдэг. Жил бүрийн энэ үед ногоочдын цагаан асар өнгө алагласан жимс ногоогоор бялхаж, ногоон өдрүүдээр өнгө нэмдэг билээ. Нийслэлийн хүн амыг шинэхэн төмс, хүнсний ногоогоор хангах үүднээс “Алтан намар” үзэсгэлэн худалдааг есөн дүүргийн 24 байршилд зохион байгуулж эхлээд удаагүй байна.  Тус үзэсгэлэн худалдаа багагүй хэл амыг дагуулж, хүнсний ногоо зарж буй асрыг түрээсэлж буй нь ногоочдыг бухимдуулаад авсан. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт байрлах Ялалтын талбай дээрх шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй ногоочид нэг асрыг өдрийн 60 мянган төгрөгөөр түрээсэлж байсныг болиулж ногоочдод түрээсгүйгээр талбай гаргаж өгөхөөр эцэслэн шийдвэрлэжээ. Тус дүүргийн Ялалтын талбай дээрх асруудаар явж ногооны үнэ сурвалжлав. Гадаа бороотой байсан ч чамлахааргүй хүнтэй байлаа.

 

ТАРИАЛАНЧДЫН ТАЛБАЙГ ТҮРЭЭСГҮЙ БОЛГОСОН Ч

АСРЫН ҮНЭ НЬ ӨДРИЙН 20-40 МЯНГАН ТӨГРӨГ БАЙВ

 

Жил бүрийн энэ үед ногооны үнэ хамгийн хямдаар зарагддаг. Шинэ ногоогоо ахиухан хэрэглэх нь маханд ч жийрэгтэй юм. Тариаланчид бүтэн жилийн хөдөлмөр хөлсөө гарган ургуулсан ургацаа хураан нийслэл хотын иргэдэд борлуулахаар машин машинаар нь авчирчээ. Ялалтын талбайн машин зогсоолд ногоочдын төмөр хүлэг эгнэжээ. Шуудай шуудайгаар нь дэлгэн тавьсан шинэхэн ногоонууд салхи шороо ханхлуулан бөндийнө. Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын дунд 55 мянган тонн төмс, 119 мянган тонн хүнсний ногооны хэрэгцээ бий гэсэн судалгаа байдаг. Сэлэнгийн Сант, Төв аймгийн Жаргалант, Ховдын Буянт зэрэг газраас ирсэн ногоо элбэг байлаа.

Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн ногоочин Т.Дэлгэрцэцэг  “Манай асар энд гараад хоёр хонож байна. Түрээс нь анх 60 мянга байсан. Хоёр хоногийн өмнө 60 мянгаар тооцоод 10 хоногийнхоо мөнгийг тушаачихаад орсон. Сая шийдвэр гараад талбайн түрээс авахгүй боллоо гэсэн сайхан мэдээ дууллаа. Харин асрыг нь хувь хүмүүс түрээсэлдэг учраас том жижгээсээ шалтгаалаад 20-40 мянган төгрөгийн түрээс өгөх юм байна гэж ойлгосон. Энэ жил хур тунадас элбэг сайхан зун болсон учраас ногоочин бидний хөдөлмөр хөнгөрч нуруу тэнэгэр, сэтгэл дүүрэн байна. Жил бүрийн намар гэдэг бидний хувьд баярын улирал шүү дээ. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлнэ гэдэг сайхан” гээд нүүр дүүрэн инээмсэглэлээ.

Өргөн хэрэглээний хүнсний ногооноос төмс шуудай нь 22 мянга, лууван 25 мянга, тарвас 40 мянга байсан бол жижиглэнгээр улаан манжин нэг кг нь 2500,  төмс 600-700 төгрөг, лууван 2800, байцаа 1300-1500, монгол сармис нэг багц нь 25 мянга, ногоон сонгино 2000, чинжүү 10 мянга, сонгино 2000-3000, юуцай 6000 төгрөгийн үнэтэй байлаа. Ааг нь үнэртсэн ногоон сонгино, болц нь гүйцсэн зүссэн тарвас, даршилсан ногоо зэргийг жирийлгэн өрсөн лангууны ард нар салхинд гандсан ногоочид зогсоно.

Худалдан авагчид нарийн ногоо, тарвас, төмс хүнсний ногоо түлхүү авах аж. Улаан лооль 8000-9000, жижиг улаан лооль 10 мянга, хулуу 2500-4500, тарвас 2000-2500, өргөст хэмх 3000-3500, брокколи 6000 төгрөг байлаа.

Лууван шороотой, шороогүй хоёр янз байв. Угаасан нь 1700 төгрөг бол угаагаагүй нь 1500 төгрөг байдаг аж. Ногоочид төмсийг шороотой нь зарах дуртай. Учир нь шороотой төмс муудах хөлдөх нь бага бөгөөд гаднын нян бактериас сэргийлдэг гэнэ. Хамгийн амархан муудах эрсдэлтэй нь нарийн ногоо байдаг аж. Жишээ нь, брокколи гурав хонохгүй л шарлачихдаг, буйцай, юуцай навч нь амархан өнгө алдаад эхэлдэг, байцай усархаг ногоо учраас халуунд ялзарчихдаг гээд асуудал их бий.

Ногоочдод байгалийн гамшигаас эхлээд хүндрэл их гарна. Жишээ нь хөрсөнд ил ургаж байгаа хулуу, тарвас гэх мэт ногоонууд мөндөрт цохиулаад цоохортчихдог бол ногоон сонгино цагаарчихдаг. Хүмүүс үүнийг өвчлөл гэж андуураад байдаг нь буруу гэж худалдаачид тайлбарлалаа. Худалдан авагч И гэх эмэгтэй “Манай гэр ойрхон болохоор Ялалтын талбайг зорьж ирлээ. 40-өөд мянган төгрөгт төмс, лууван, сонгино, тарвас, өргөст хэмх авлаа. Өмнө нь энэ хэмжээний мөнгөнд төрөл бүрийн ногоо авч хүрдэг байлаа. Заримыг нь авч хүрсэнгүй ээ. Яалт ч үгүй үнэ нь нэмэгджээ” гэв. Энэ талаар худалдаачдаас тодруулахад шатахууны үнэ нэмэгдсэн учраас нарийн ногооны үнэ 200-500 төгрөг нэмэгдсэн талаар учирлаж байв.

 

“НЭГ ТАРИАЛАНЧИЙН АРД 100 ХҮНИЙ АМЬДРАЛ ЯВЖ БАЙДАГ”

 

Гадаа бороо шивэрч буй тул ногоочид зузаан хувцаслажээ. Хавар намрын куртик өмсөж, гартаа цагаан бээлий угласан залуухан худалдаачин эмэгтэй "Өнгөрөгч бямба, ням гарагт хүн ихтэй байсан, өнөөдөр бага байна" гэж байв. Тэрбээр “Өмнө нь “Алтан намар” намрын ногоон өдрүүдийн үзэсгэлэн худалдаа хөлтэй хөөртэй, дуутай хууртай өргөн дэлгэр болдог байсан. Энэ жил цар тахал гээд иргэдийн худалдан авах чадвар муудсан нь мэдэгдэж байна.

Энэ жил тариаланчид ч бага байна уу даа гэж харж байна” хэмээж байв.  Мөн тэрбээр “Бид ногоогоо бөөний болон жижиглэнгийн гээд хоёр янзын үнээр зардаг. Иргэд нэг кг төмс яагаад зарим газар 450 төгрөг гэчихээд зарим газар 700 төгрөгөөр зараад байгаа юм гэж ундууцдаг. Бид жижиглэнгээр зарахдаа гялгар уутныхаа үнийг шингээнэ, худалдагчийнхаа хөлсийг шингээнэ. Айл өрхийн орлого харьцангуй багассан нь илт мэдэгдэж байна.

Нэг хүн хоёр кг төмс, нэг кг лууван, сонгино аваад харьж байна. Дэлгүүр юм уу гуанзныхан л шуудайгаар нь ногоо авч байна. Удахгүй найр хуримын улирал эхэлнэ, тэр үеэр шуудайгаар авах байх” гэлээ. Үзэсгэлэн худалдааг чимдэг шилтэй даршилсан ногоонууд 4000-6000 төгрөг, дарсан хөмүүл болон цуунд дарсан халиар 6000, долоогоно нэг кг нь 12 мянга, зөгийн бал 25 мянгаас 30 мянган төгрөг гэж байв.

Тариаланчид гэдэг ах дүү халуун бүлээрээ нэгдэн нийлж газар тариалангийн аж ахуй эрхэлдэг улс. Тэд дэм дэмэндээ хөдөлмөрлөж, оюутан хүүхдүүд болон сурагчдыг дайчилж өдрийн 30 мянган төгрөгөөр хоёр хоолтой ажиллуулдаг аж. Гэтэл өдрийн 30 мянган төгрөгөөр ажиллах хүн олддоггүй гэх. Нэг талбай дээр 20-30 хүн ажиллаж байж ногоогоо бүрэн хураана. Нэг ногоочин хүн ачигч, тогооч, ногоо хураагч, усалгаачин гээд багадаа 20 өрх тэжээдэг бөгөөд нэг өрхийн ард таван хүн байгаа гэж бодохоор 100-аад хүний амьжиргааг дэмждэг аж. Мөн түүнчлэн хөдөө тариалан эрхэлдэг хүмүүс нэг хагалсан газраа жил болгон тариалдаггүй бөгөөд атар газраа сэлгэж тарьдаг нь багагүй зардал, ажил ундруулдаг тухай ярьж байлаа. “Алтан намар” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд есөн дүүргийн 24 цэгт явагдаж байгаа юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top