Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.08.25) Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссийн хуралдаанд оролцлоо. Цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар Шадар сайд холбогдох албаныханы мэдээллийг сонсож дүгнэсэн юм.
Баянхонгор аймгийн хувьд коронавируст халдварын эхний давалгаа 3 сарын 24-өөс эхэлж нэг сарын хугацаанд эх уурхай, голомтыг цомхотгож чадсан.
Хоёр дахь давалгаа 6 сараас эхэлж одоог хүртэл үргэлжилж байгаа ч энэ бүх хугацааанд:
-Тандалт судалгааг идэвхитэй хийж илрүүлэх,
-Голомтын болон гудамж талбай, үйлчилгээний газрын ариутгалыг өргөн далайцтайгаар хэд хэдэн удаа зохион байгуулсан,
-Эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг тасралтгүй хангаж ажилласан,
-Халдвартай иргэдээ Улаанбаатар хот руу зөөвөрлөлгүй орон нутагтаа бүрэн эмчлэн эдгээж байгаа,
-Нэг өрх-Нэг шинжилгээ арга хэмжээг шаардлагатай хугацаанд нь хэрэгжүүлсэн,
-Анагаахын чиглэлээр суралцаж буй аймгийнхаа оюутнуудыг тодорхой цалин урамшуулалтайгаар оношлогооны багт дайчлан ажиллуулсан,
-Хүчилтөрөгчийн хүртээмжийг өргөтгөж, ачаалалтай үед нэг дор олон өвчтөнд үйлчлэх боломж бүрлүүлсэн зэрэг ач холбогдолтой арга хэмжээнүүдийг аймгийн Онцгой комиссоос шуурхай авч хэрэгжүүлсэн юм.
Дархлаажуулалтын тухайд аймгийн нийт 89955 иргэдээс тооцоход вакцины I тунд 63.1%, II тунд 57.6%-ийг хамруулаад байгаа юм. Түүнчлэн 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтийг даван туулахад хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав.
Ган, зудын улмаас их хэмжээний мал хорогдож малчид эдийн засгийн хүнд гарз хохирол туулахаас сэргийлж мал мах борлуулах арга хэмжээг ЗХЖШ, Ерөнхийлөгчийн тамгын газар болон хувийн аж ахуйн нэгжээр дамжуулан намар эртээс авч чадсанаар 3 сая шахам толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Мөн өвс тэжээлийн нөөцийг тасралтгүй хангаж, заримыг хөнгөлөлттэй үнээр малчдадаа нийлүүлж, онд орох боломжгүй 10 мянган төл малыг төрийн байгууллагууд худалан авч аймгийн төвдөө тэжээж бойжуулах зэрэг шуурхай ажлуудыг зохион байгуулсаар урин цагтай золгосон.
Харин сумдад хорогдсон малын сэг зэм устгалыг аймаг өөрийн нөөц боломжид тулгуурлан холбогдох зардлын 50 хувийг гаргаж шийдсэн. Гэвч тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдлийг аймгаас гаргах боломжгүй байгаад туслалцаа үзүүлэхийг Шадар сайдаас хүссэн юм. Мөн Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой бүс нутгийн малыг дархлаажуулах шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцов. Шадар сайд С.Амарсайханы зүгээс Баянхонгор аймгийн цар тахлын үе дэх зохион байгуулалтыг сайшаагаад иргэдээ дархлаажуулах явцаа түргэсгэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )