"Тв8" телевизийн А.Азжаргал, зураглаач М.Чинзориг нар Найман жил өсгөсөн хүүгээ асрамжийн газар өгөхөд хүрсэн талаарх сурвалжлагыг Тв8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөр бэлтгэн хүргэлээ.
Иргэн Ц.Гэрэлцэцэг найман жил өсгөсөн хүүгээ асрамжийн газар өгөхөд хүрээд байна. Тэрээр таван сартайд нь өргөж авсан энэ хүүгээ өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй явсаар хүүгээсээ хагацаж ч мэдэх нөхцөл байдал үүсжээ. Ц.Гэрэлцэцэг өөрөө хоёдугаар ангидаа өнчирч асрамжийн газар өссөн байна. Иймдээ ч тэрбээр таван хүүхэд төрүүлж, өсгөсөн хэдий ч дахин хоёр хүүхэд өргөж авчээ. Хамгийн сүүлд буюу 2013 онд түүний танил нь нэгэн хүүг хүрдэн дээр тавих гэж байгааг мэдээд өргөж авахаар шийджээ. Түүнээс хойш өдийг хүртэл ээж, хүү ижилдэн дасаж нэг нэгнээ л гэх болж. Харамсалтай нь хүүг өгрүүлсэн гэр бүл одоог хүртэл бичиг баримтын зөрүүгээ гаргаагүй байна. Тодруулбал хүүг төрсөн эмээ нь өргүүлсэн боловч өргөж авсан ээжид нь мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлж алдарт эхийн хоёрдугаар одон авчээ. Бяцхан хүүг өсгөхөөс татгалзсан хэр нь өсгөсөн ээжийнх нь нэр дээр одоог хүртэл шилжүүлэхгүй байгаад иргэн Ц.Гэрэлцэцэг гомдолтой байгаагаа илэрхийллээ.

Ц.Гэрэлцэцэг хүүгээ өөрийн нэр дээр болгохоор хөөцөлдөхөд ЧД-ийн 19-р хорооны бүртгэлийн ажилтан хүүгээ асрамжийн газар өгөхийг хүссэн өргөдөл бич гэжээ. Учир нь түүнийг ходоодны хорт хавдартай тул эрүүл мэндийн асуудалтай гэх шалтгаанаар ийм шаардлага тавьсан байна. Харин Ц.Гэрэлцэцэгийн хувьд өөрөө хүүтэйгээ олон жил байж чадахгүй юм гэхэд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүст буцаахаас илүү ах, эгч нараар нь ч болтугай өсгүүлэхийг хүсэж байсан юм.
Манай сурвалжлах баг ээж, хүүгийн асуудлаар тэдний оршин суух Чингэлтэй дүүрэгтэй холбогдож, тодрууллаа. Тус дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ээж, хүүгийн асуудал ирээгүй, гэхдээ зөвлөгөө мэдээлэл өгөхөд нээлттэй гэдгээ хэлж байлаа.

Үүрэг хариуцлагаас зугтдаг, хийсэн хийж байгаа үйлдлийнхээ үр дагаврыг тооцоолдоггүй хүмүүсээс шалтгаалж бяцхан хүү асуудлыг анзаарч, сэтгэлийн шархтай үлдэж ч болзошгүй байдал үүсжээ. Ж.Амин-Эрдэнэ хүүгээ ямар ч үед төрсөн хүү шигээ хайрлан өсгөсөн тэрээр хүүг нь өөрт нь үлдээхийг холбогдох хүмүүсээс хүсэж байсныг уламжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Үхэр мрнголчуудын үйллжл харилцаа нэг иймэрхүү байдаг. Яг сонгосон коммунист засаглал шигээ мулгуу.