“Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууг олон жилийн дараа дуучин Э.Дашням дуулж, дүрсжүүлсэн билээ. Клип нь үзэгчдийн таашаалд тун их нийцэж цацагдсан цагаас хойш гурван сая хүн үзээд байгаа. Клипний гол дүрд жүжигчин Б.Хулан, С.Баасанжаргал нар тоглосон бөгөөд эрэгтэй дүрийг нь шинэлэг, содон дүр төрх гарч ирлээ хэмээн хүмүүс онцолж, байв. Жүжигчин, найруулагч С.Баасанжаргал буюу Энкүүштэй ярилцлаа.
-Таныг “Бүсгүй” дууны клипэнд тоглосноор хүмүүс илүү таньдаг болсон. Ийм сайхан жүжигчин хаанаас гараад ирэв ээ гээд л байна. Ямар учралаар энэхүү дуунд тоглох болов?
-“Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууг бага байхаасаа л сонсож өссөн. Дуучин Э.Дашням дахин дуулж энэ сайхан дууг үзэгч, сонсогчдын хүртээл болголоо шүү дээ. Нэг өглөө танил дүү маань утасдаж “Таныг Дашнямын дуулсан “Бүсгүй” дууны клипэнд тоглуулах гэсэн юм” гэж байна. Тэгэхээр нь би зохиолын дуу л юм байх гэж бодсон чинь хит болж буй “Voice” тэмцээнээс гарч ирсэн Э.Дашням дуулсан дуу гэхээр нь шууд зөвшөөрсөн. Клипний зохиолыг нь уншаад, зохиол дээр нь санаа оноогоо хэлж нэгтгээд гаргасан. Өнгөрөгч тавдугаар сард Партизаны сангийн аж ахуйн Ногоон толгой зөрлөгт зураг авалт хийсэн. Тэр орчин “Хурд” хамтлагийнхны бага насаа өнгөрүүлсэн газар болохоор сэтгэлд нь маш дотно, ойр санагдсан байх.
-Зураг авалтын шийдэл, зохиол нь өвөрмөц бөгөөд яг л кино шиг болжээ гэж хүмүүс хэлж байсан. Бас тэр гэрэлт цохыг их асууж сонирхож байна лээ...?
-Гэрэлт цох нууц аа. Найруулагч битгий хэлээрэй гэсэн /инээв/. Гэхдээ гэрэлт цох Монголд байдаггүй. Энэ бол зураачийн шийдэл л дээ...
-Эффект ашигласан гэж үү?
-Үгүй ээ, н.Энхчулуун гэдэг зураач залуу байдаг юм. Зураач хүн их бүтээлч сэтгэдэг юм байна лээ. Тамхины асаагуурыг задалж доторх гэрлийг нь аваад гэрлэнд нь далавч урлаж мяндсан утсанд дүүжилчихсэн юм. Хүмүүс гэрэлт цох хаана байдаг юм бол гэж их асуусан байна лээ, гэрэлт цох байдаг гэдэгт итгэсэн нь сайхан. Нууц яриулчих юм аа.
-Таныг Энкүүш гэж дуудах болсон түүхээс яриагаа үргэлжлүүлбэл...?
-Албан ёсны нэрийг маань Баасанжаргал гэдэг. Би багадаа бөөрөнхий мяраалаг хүүхэд байж л дээ. Өвөө өхөөрдөөд Өнхрүүш гэж дууддаг байж. Би ухаан ороод нэрнээсээ ичээд өөрийгөө Өнхрүүш гэж дуудуулах дургүй болчихсон. Нэрийг маань арай аятайхан дууддаг болсон нь Өнхрүүшээс Энкүүш болж хувирсан гэдэг.
-Хүүхэд байхдаа зураг зурах дуртай байсан гэсэн. Яагаад гэнэт жүжигчин мэргэжлийг сонгох болов?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Манайх Бага тойрогт байдаг байлаа. Нийслэлийн 50 дугаар сургуулийг төгссөн. 10 жилдээ зургийн уралдаанд алгасахгүй орж тэргүүн, дэд байруудыг эзэлдэг байв. Түүнээсээ их урам авдаг байсан болоод ч тэр үү, өөрийгөө Монголын Пикассо болно л гэж мөрөөддөг байлаа. Конкурсээ дүрслэх урлагаар өгөх гээд очтол гэнэт сургуулийн орчин нь дүнсгэр, нам гүм байсан болоод ч тэр үү таалагдаагүй. Дүрслэхийн сургуулиас буцаад явж байхдаа СУИС-ийн байраар орсон чинь энд тэнд дуу хөгжим хангинаад, хүмүүс шуугилдаад л их сонирхолтой санагдсан. Тэгээд л 14 хоног бэлдэж байгаад СУИС-ийн шалгаруулалтад тэнцсэн дээ. Зургийн тухайд өөрийн гэсэн байр сууриа олоод ирэхээрээ зургийн үзэсгэлэнгээ гаргана даа л гэж боддог.
-Жүжигчний ангид ороод өөртөө эргэлзэх, халшрах тохиолдол гарч байв уу?
-Нэгдүгээр курстээ ороод өөрийгөө бараг Ардын жүжигчин гээд бодчихсон явна шүү дээ. Тэр үед багш нар ар дагз руу алгадаж ухаан оруулна. Ухаан ороод л өөрийгөө ирээдүйд хэн болох вэ гэдгээ бодож эхэлнэ. Үнэхээр сайн жүжигчин болж чадах уу, үгүй юу, зургаараа ч явдаг байж уу гэж нэг бус удаа бодож байсан. Нэг өдөр даалгавраа шалгуулаад этюд хийж байтал найруулагч Б.Мөнхдорж багш “Чиний тоглолт амьд, үнэн байж чаддаг” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод маш том урам авч, эргэлт буцалтгүйгээр уран бүтээлч, жүжигчин, яваандаа найруулагч болно гэж шийдсэн дээ.
-Жүжигчний ангиар төгсөөд ямар дүр анх бүтээж байв?
-СУИС-ийг төгсөөд шууд Драмын театрт орсон. Студи ангийн жүжигчнээр ороод гурав дахь жилдээ гол дүрээ авч байлаа. Намайг гол дүрээр сонгосон Ч.Найдандорж найруулагчдаа талархаж явдаг. Мүрасаки Шикибү гэдэг япон эмэгтэй зохиолчийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэж Б.Галааридын бичсэн “Эсрэг дурлал” гээд жүжгийн гол дүр Гэнжид тоглосон. Гэнжигийн дүр бол үнэнч хайрын бэлгэдэл. У.Шекспир “Ромео. Жульетта” жүжгээ Мүрасаки Шикибүгийн зохиолоос сэдэвлэсэн ч байж магадгүй гэж үздэг юм байна лээ. Эргээд харахад гол болон туслах дүрүүдээ бодохоор жижигхэн сэтгэж илэрхийлж байсан юм шиг санагддаг. Одоо тогловол арай өөр сэтгэхүйгээр илүү далайцтай тоглоно доо. Театртаа 2008-2013 он хүртэл ажиллажээ.
2013-2018 он хүртэл “Black box” театрт орчин үеийн постмодернист, авангарьд төрлийн жүжигт тоглож байсан. Бид Өвөрмонголын “Улаан театр”-ын залуу уран бүтээлчидтэй хамтраад “Толин хул” жүжгийг тавьж байлаа. Манай театр орчин үеийн сонгодгуудыг тоглодог бөгөөд жүжигчин, үзэгчтэйгээ зэрэгцэн оршиж байдгаараа онцлогтой. Бүх үзэгдэл, дүрүүд яг л бодит амьдралд таны дэргэд, магадгүй таны дотоод ертөнцөд зэрэгцэн оршиж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Миний хувьд “Хүн хүний хайр”, “Ширэнгэнд”, “Сандлууд”, “Хирс”, “Хатагтайн айлчлал” зэрэг жүжигт тоглож байсан. Мөн В.Н.Левановын “Ялаа” хэмээх моно жүжигт тоглож 2017 онд “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байлаа. Мөн 2018 онд “Гамлет” жүжгийг моно хэлбэрт оруулан найруулж, Л.Эрдэнэ-Очир жүжигчинээр тоглуулж, Корпорэйтын тайзнаа толилуулахад үзэгчид маш сайхан хүлээж авсан шүү.
-Эмэгтэй Гамлет гэхээр сонин байна шүү...?
-Л.Эрдэнэ-Очир бол маш авьяаслаг жүжигчин. Очироо эгч нэг удаа “Яагаад Гамлетад эмэгтэй хүн тоглож болохгүй гэж” хэлэхэд нь содон санагдсан. Бид хоёр номыг нь барьж уншаад хоёр сарын дотор моно жүжиг болгосон. Гамлет эмэгтэй хүнд маш гоё наалдаж суусан. Очироо эгч маш чадалтай хоолойтой, дотортой жүжигчин шүү дээ. Дахиж тоглоё гэхээр цар тахлаас болоод чадахгүй л байна.
-Нийгэм дунд хутгалдаж явахдаа хүнийг их анзаардаг байх. Онцолж хэн нэгнээс өөрийнхөө тоглох дүрийг олж харж байсан уу?
-Байлгүй яах вэ. “Ялаа” моно жүжигт тоглож байсан үе. Зохиолын дүр нь хилс хэргээр шоронд ороод цаазын ял авах гэж буй хүн юм. Маргааш нь цаазаар авахуулах учир урьд шөнө нь тэр хүний сэтгэл зүй ямар байх уу гэдгийг илэрхийлэх байлаа. Өөртөө бол би хиймэл жүжиглээд байсан л даа. Нэг удаа Бөмбөгөрийн бөс барааны тасгаас жүжигтээ өмсөх хувцасны тааран материал хайгаад явж байлаа. Гэтэл үс нь ширэлдэж, тамтаг болсон хувцас өмссөн ядруу зүдүүхэн эр явж байв. Хүмүүс түүнээс сэжиглэн дайжиж байхад тэр хүн юу ч болоогүй юм шиг чигээрээ л алхаад байсан. Яг тэр хүнтэй харц тулгарахад амьдралын бүх зүйлийг таньчихсан зовлон жаргал, эрээн бараан, сайн мууг мэдэрчихсэн нүд байсан. Тэр харц надад ухаарсан, гэгээрсэн юм шиг л харагдсан. Тэгээд л “Аан, миний дүрийн характер энэ юм байна. Би ингэж харах юм байна” гэж ойлгоод жүжгээ тоглоход л яг амьд, үнэн болж чадаж байгаа юм. Найруулагч С.Мягмар ах маань “Битгий жүжиглэ, мэдэр, мэдэр” гэж дандаа хэлдэг. Намайг тэр үед “Болж байна, мэдэр, мэдэр” гэж л хэлсэн.
-Танд кинонд тоглох санал ирж байна уу?
-Театрт байхад олон санал ирж байсан. Киногоо сонгох уу, театраа сонгох уу гэдэг сонголт тулгардаг. 2010 онд “Өдөр, өдрийн нар” цуврал кинонд тоглож байсан. Сүүлийн зураг авалт нь дуусаагүй байхад театраас дуудагдаж байх жишээний. 2016 онд “Эхнэрийн эзгүйд” гээд инээдмийн кинонд тоглож үзсэн. Надад хошин төрөл тохирохгүй юм байна гэдгээ мэдсэн шүү. 2018 онд Наро Банчин хувилгааны IV дүр Бирваагийн дүрийг бүтээсэн. Манж Чин улсын эрхшээлд 200 жил дарлагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн тухай кино л доо. Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн юм билээ.
-Та өөрийн гэсэн уран бүтээлийн студи, продакшн байгуулсан уу, гэрэл зураг авах хоббитой юм билээ?
-2014 онд “Green entertainment” студиэ байгуулсан. Кино, клип, дүрсний ажил гүйцэтгэдэг. Тоглолт шоу, арга хэмжээ зохион байгуулна. Студидээ богино хэмжээний киног өөрөө бичиж, найруулж хийж байлаа. “Гамлет” моно жүжгээ өөрийн студийн нэр дээр хийж байлаа. Ирээдүйд Монголдоо маш том кино компанитай болохыг мөрөөддөг.
Гэрэл зургийн тухайд 2008 оноос хойш Туул гол, Тэрэлж тийш явж байгалийн зураг дарж эхэлсэн. 2014 оноос моделтой зураг авдаг болов. Ялангуяа хөрөг зураг сонирхож, хүмүүсээ уран сайхны зохиомжтойгоор зургаа авдаг. Эмэгтэй хүний хөрөг зургийн цуглуулгатай болоод 2025 он гэхэд сэтгүүл гаргая гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэрэл зургаар би мөнгө олдоггүй, зүгээр л сонирхлоороо авдаг. Зураг авна гэдэг их цаг ордог ажил шүү. Баримтат зураг гэхээсээ илүү моделоо хувиргана, жижиг хэрэглэл, орчин гээд бүгдийг бодож боловсруулж зохиомжилж авах дуртай. Зургийн үзэсгэлэнгээ 2030 онд гаргана даа.
-Та жүжигчин гэхээсээ илүү найруулагч тал руугаа хэлбийгээд байх шиг...?
-Оюутан байхын мөрөөдлөө биелүүлж яваа. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн “Хотулун гүнж - Алтан судрын эрэлд” киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа. Зураг авалт нь дуусаад эвлүүлгийн ажилдаа орсон. Кинонд нийтдээ 100-аад хүн ажилласан. Арваннэгдүгээр сарын 26-нд киноны нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Анхны бие даасан томоохон хэмжээний кино гэдэг утгаараа алдаа гаргахгүйн тулд маш их хичээлээ. Киногоо түүхэн бодит дүрээс сэдэвлэж уран сайхны фантаз оруулж, домог туульсын хэв шинжээр хийсэн. Манай оронд түүхэн дүр баялаг учраас энэ дүрүүдээ яаж “Мулан” шиг үлгэр домгийн шинж рүү хөврүүлж сонирхолтой болгох вэ гэдгийг харуулахыг эрмэлзсэн.
-Та тэгвэл цаашид кино найруулагчаараа явах нь ээ. Ямар ямар төрлийн кино найруулах бодолтой явдаг вэ?
-Инээдмийн л биш бол бусад төрөлд нь өөрийгөө сорино гэж боддог. Бас эротик кинонд тоглохыг хүсэхгүй байна. Харин найруулж болох юм. Бас эсрэг дүрийг бүтээх сонирхол байдаг шүү. Эсрэг дүрд хүний таашгүй зан чанарууд шингэсэн байдаг болохоор жүжигчнээс их чадвар шаарддаг. Эсрэг дүрийг сайн бүтээвэл тамгалагдаж чаддаг.
-“Бүсгүй” дууны клипний дараа хүмүүсийн хандлага, сэтгэгдэл ямар байна вэ. Танд юу мэдрэгдэв?
-Таарсан, зөрсөн, уулзсан хүмүүс яриад л байгаа. Их сайхан дуун дээр их сайхан залуугийн дүр бүтээсэн байна гэж баяр хүргэж байна. Эмэгтэй хүний тухай дуу учраас гол дүрийн жүжигчин Б.Хуланг маань их магтаж сайшааж байгаа. Монголын Моника Блючи гэж байна. Үнэхээр Маша маань монгол Моника Блючи шүү дээ. Түүнтэй хамтарч нэг уран бүтээлд тоглосондоо баяртай байна.
-Дурлалт залуугийн дүрд тоглоход ямар санагдсан бэ?
-Жүжигчин хүн өөрөө дүрээ бодоод дотоод тээш хүнээ авчих юм бол цаанаасаа л гараад ирдэг. Жүжигчин Хулан маань хамтран тоглоход өгөлт, авалт маш сайтай. Дурласан бүсгүйн харц нь өгүүлэмжтэй, яалт ч үгүй эр хүн татагдахаар шүү. Хүмүүс бид хоёрыг хамтарч кинонд тогловол тохирох юм байна гэж байна лээ.
-“Бүсгүй” дууны клипний дор бичсэн олон зуун сэтгэгдэл дунд таныг хувь хүн талаас нь сонирхож байх шиг байсан. Залуу хүний хувьд хайр дурлалын яриа өрнүүлвэл?
-Би олон жил ганц бие явсан. Зүрхээ хайрцагт хийж цоожилчихоод түлхүүрийг нь хаа ч юм хаячихсан байсан. Театраас гардаг жил шүү дээ. Зүрх шархлах хэцүү, хамаг л ажил, амьдралаа умартчихдаг. Тэгээд л “За Энкүүш минь эмэгтэй хүнд битгий сэтгэл алдар, зүгээр л урдах ажлаа хий” гэж өөртөө хэлсэн. Гэтэл гэнэт л нэг өдөр нэгэн бүсгүй миний гээгдсэн түлхүүрийг олоод зүрхийг минь эзэмдчихсэн. Анх бие биенээ олж харсан мөчид өмнө нь дотно танил байсан юм шиг мэдрэмж төрсөн шүү. Миний мэргэжлийг их сайн ойлгодог.
-Танай өвөөг урлагийн хүн байсан гэдэг юм билээ?
-Тийм ээ. Миний өвөө Г.Дашдондог гэж хүн байсан. Өвөө маань жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. 18 настайдаа Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчнээр орж байжээ. Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, Л.Лхасүрэн, Л.Цогзолмаа гуай гээд тухайн үеийн алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байсан юм билээ. Улмаар гурван жилийн цэрэг татлагад яваад цэрэгт армийн театрт уран сайханч, найруулагч, хөгжимчин гээд урлагийн талын бүх л үзүүлбэрийг нь хийдэг байж. Тэгээд цэргийн хүн болж үлдээд хурандаа болтлоо армийн албанд зүтгэсэн. Өвөө минь “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны олны хэсэгт, “Мандухай сэцэн хатан” киноны торгон жанжин Чинбатын дүрд тоглосон. Мөн театрт хэд хэдэн жүжигт дүрээ мөнхөлсөн.
-Өвөө нь таныг жүжигчин болоход хэрхэн хүлээж авсан бэ?
-Өвөө маань маш их баярласан. Өөрийнхөө биелүүлж чадаагүй хүслийг үр минь биелүүлдэг хорвоо гэж баярласан байх. Манайхан бүгд урлагийн мэдрэмж өндөртэй, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс байдаг. Анх театрт ороод гол дүрийнхээ жүжгийн нээлтийг үзүүлэхэд өвөө маань уйлаад л үзэж билээ. Би өвөөгийнхөө хүслийг үргэлжлүүлж яваа учраас энэ мэргэжилдээ хайртай, би сайн явахгүй бол болохгүй.
-Жүжигчин хүний хувьд таны шунасан, ассан, ханасан ямар дүр байдаг вэ?
-/бодолхийлэв/ Шекспирийн жүжгүүдийг сайшаадаг. Гамлет бол миний чин эрмэлзэл. С.Болд-Эрдэнэ гэдэг жүжигчин Гамлетийг өөрөөрөө тамгалчихсан болохоор би өөр байдлаар гаргах хэрэгтэй л дээ. Дотогшоо, драмтай, моно төрөлд өөрийгөө сорих дуртай. Би өөрөө дотогшоо талын хүн л дээ.
-Хааяа дүрсхийтмээр үе гарвал та яах уу?
-Бухимдмаар үе гарвал залгиад өнгөрдөг, эсвэл үнэхээр уур хүрээд байвал гараад явчихдаг зантай. Ганцаараа голын эрэг дээр очоод өөрөө өөртэйгөө ярина шүү дээ. Тэр үед гаргалгаа, тайвшрал олдог. Бас хувийн асуудлаа хүнд хэлэх, зовлонгоо тоочих дургүй. “Хотулун гүнж” кинон дээр найруулагчаар ажиллаж байхад манай жүжигчид “Уургүй найруулагч анх удаа л харлаа” гээд гайхаж байсан. Найруулагч гэхээр л заавал орилж хашхирч, хүнийг янз бүрээр хэлж байх ёстой биш шүү дээ. Жүжигчинтэйгээ ойлголцож харьцах нь л чухал. Жүжигчин бүр янз бүрийн ааш араншинтай. Хэрэв би уурлаад байвал хамт олны уур амьсгал таагүй болно. Таагүй сэтгэлтэй байгаа хүнээс таатай зүйл гарахгүй шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Үнэхээр гоё клип болсон. Гоё хүмүүс тоглосон\n
дотортой өгүүлэмжтэй үнэн тогложээ,харц нь маш гоё
дотортой өгүүлэмжтэй үнэн тогложээ,харц нь маш гоё
Гурилийг нь дутуу нухсан гамбир шиг төрхтэй хүнийг яасан гэж эротик кинонд тоглуулах билээ дээ
Busgui duunii clipend togolsnoor tanudag bolson gej yu gej bgam be ugaasaa olnii tanil bolson bsan zaluu setguulch n uuruu l busgui duunaas anh harsan yum bishuu hhe yun ch uurtuu itgeltei jijuuriin asuult asuudag yum lol