Наймдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу энэ бямба, ням гарагт “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас баруун зам хүртэлх замын автомашины хөдөлгөөнийг хааж, “Автомашингүй гудамж” болгож байгаа юм. Тиймээс автомашингүй гудамжнаас бусад замаар энэ амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, сондгойгоор 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Харин үзэсгэлэн худалдааг төв зам дагуу зургаан байршилд зохион байгуулж, сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд зохион байгуулна.
Зургаан байршилд нийт 164 асраар сурагчийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хүүхдийн гутал, хувцас, цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт, бусад хувцас, хэрэглэлийн худалдаа явагдана. Түүнчлэн явуулын зургаан цэгээр халуун кофе, зуушны үйлчилгээ гарах юм.
Сэтгэгдэл ( 0 )