Мөнгөн хонх жингэнэж мөрөөдлийн өдөр ирлээ. Алдрай хүүхдүүд маань хоёр жил цахимаар хичээллэж, ангийн нөхөд, ачит багшаа мөн ч их санасан. Саруул танхимд хүүхдийн дуу цангинаж, эрдэм номын гэгээ цацран буй энэ өдөр хүн бүхний хүүхэд насыг эрхгүй санагдуулан догдлуулдаг. Сургууль бүрд шинэхэн дүрэмт хувцас, шинэхэн цүнх, шинэхэн дэвтэр гээд өөрөө ч цагаахан цаас шиг сэтгэлтэй шинэхэн сурагчид хөөр баяр дүүрэн цэцэг шиг ургажээ.
Энэ хичээлийн шинэ жилээр орон даяар ерөнхий боловсролын нэгдүгээр ангид 81 мянган хүүхэд элсэн орж байна. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ. Үүнээс бага ангид 378 мянга гаруй, дунд ангид 236 мянга гаруй, ахлах ангид 103 мянга гаруй хүүхэд суралцах юм.
Хичээлийн шинэ жилийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр үндэсний хэмжээнд радио, телевизээр цахим хичээл заадаг билээ. Харин энэ жил Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заахгүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хичээл, сургуулийг танхим болон цахим хэлбэрээр орох төлөвлөгөө гарсан. Тиймээс аль ч сургуульд хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа болохгүй” гэсэн хариу өгсөн.
Өмнө нь цар тахалгүй цаг сайхан байх үед жил бүрийн энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авч, дуу хууранд умбадаг уламжлалтай байсан. Гэсэн ч өнөөдөр удаан уулзаагүй багш, сурагчид баяр хөөр дүүрэн уулзаж, цэцгийн анхилам үнэр түгж, сэтгэл баяраар бялхаж байгаа биз ээ. Ирээдүйг тодорхойлох, эх орноо хөгжүүлэх эрхэм зорилго, үүрэгтэй мянга мянган сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
МӨНГӨН ХОНХ Я ЯАХАВ ВИРУС 4 МЯНГА ХҮРЭЭД БАЙНА. ХАРАНГА ЦОХИОД БАЙХАД МӨНГӨН ХОНХ ГЭЭД БИЧЭЭД МӨРӨӨДӨЛ ЧИНЬ ХҮҮХДҮҮДЭЭ ӨВЧИН ТУСГАХ ЮМ УУ?
Монголын ирээдүй хойч энэ хүүхдүүдээс ирээдүйд авилгач, хулгайч, аудалч, шуналтай, эх орноо зарчихдаг, нутаг усаа хайрладаггүй, газар шороогоо онгичдог одоогийн эрх баригчид шиг бузар булай хмүшс бүү төрөн гарах болтугай. Хөөрхөн шүү хүүхдүүд.