Мөнгөн хонхны дуу цангинаж, хичээлийн шинэ жил эхэллээ. Хүүхэд багачууд зуны амралтаараа сурсан сонирхолтой зүйлс, аялал, зугаалгынхаа талаар хоорондоо халуун яриа өрнүүлж, баяр баяслыг мэдрэхээр сэтгэл догдлон хүлээдэг өдөр бол есдүгээр сарын 1.
Цар тахлын улмаас боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагаа хоёр жил орчмын турш тасалдсан. Сурагчдын удаан хүлээсэн танхимын хичээлийн эхний өдөр хэрхэн өнгөрч байгааг сурвалжлахаар нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн зорилоо.
Цар тахлын улмаас хичээлийн шинэ жилийн нээлт хийхийг хориглосон. Тиймээс сургуулийн гадна талбайд өмнөх жилүүдийнх шиг хүүхэд, багачуудын цангинасан дуу чимээ байхгүй байв.
Сургуулийн хаалгаар ороход “Халуунаа хэмжүүлж, гараа ариутгаарай” гэсээр жижүүр багш угтав. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, жижүүр багшийн шаардлагыг биелүүлээд хоёр давхарт байрлах 1В ангийн хаалгыг татлаа.
Нэг ширээнд нэг сурагч суусан байх бөгөөд хүүхэд бүр амны хаалт зүүж, гар ариутгагч бэлджээ. Боловсролын салбарт 25 жил ажиллаж байгаа ангийн багш Ц.Дэлгэрмаа сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Би энэ жил нэгдүгээр анги авч байгаа. Өмнө нь зургаан анги төгсгөсөн. Бяцхан шавь нараа угтан авсандаа баяртай байна. Хүүхдийн цовоо сэргэлэн дуу, сайхан энергээр тэтгэгдэж явдаг. Үргэлж залуу сэтгэлгээтэй, цоглог байдаг маань багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл. Хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ хичээлийн жилд эрүүл байж, эрдэм ном ихийг сурахыг хүсье.
Ахлах ангийн сургалтын менежер А.Болдмаа
-Хоёр ээлжээр хичээллэж байгаа. Нэг ангийн сурагчдыг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваасан. Боловсролын сайдын тушаалаар 20+5, 20-5 гэсэн журмаар дэд бүлэгт хувааж, нэг анги 25 хүүхдээс хэтрэхгүйгээр хичээллэж байна. Хүүхдүүд хоорондоо 1-1.5 метрийн зай барих ёстой.
Цар тахлын хүнд үед байгаа учраас хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй байгаа. Хүүхдүүддээ энэ талаар мэдээлсэн байсан учраас нөхцөл байдалд дасан зохицоод хүүхдүүд хичээлдээ суухаар ирсэн байна. Хэрэв сурагчаас халдвар илэрвэл тухайн сурагчийн ангийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ.
Сургуулийн эрхлэгчтэй ийн ярилцаад гарахад шилжин ирж буй сурагч эрхлэгчтэй уулзахаар хүлээж байлаа. Түүнийг Э.Болор гэх бөгөөд 104 дүгээр сургуульд сурч байжээ. Охин энэ жил наймдугаар ангид орох аж. Түүний хувьд хичээлийн шинэ жил эхлэхийг сэтгэл догдлон хүлээсэн гэнэ. Шинэ найзуудтай болох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )