Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Цаг уур орчин шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо, 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-6-нд газар тариалангийн бүс нутгаар  шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа.

Есдүгээр сарын 2-6-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top