Б.Энхболд: Иргэндээ ээлтэй орчныг бүтээхийг зорьж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Нийслэлийн төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүрэг өдрөөс өдөрт өнгө нэмж, өргөжин тэлж байна. Нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй, хуучны орон сууц олонтой, төр захиргаа, бизнес үйлчилгээний салбар төвлөрсөн энэ дүүрэгт иргэдийн амьдрах орчныг сайжруулах бүтээн байгуулалтаас эхлээд эдийн засгийн идэвхжилийг дэмжсэн ажлууд өрнөсөөр байна.

Vip76.mn сайт тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой дүүрэгт хийгдэж буй болон хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.


-Сүүлийн үед Сүхбаатар дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулна уу? Юун түрүүнд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгнө үү? 

-2021-2022 оны хичээлийн жилийн урьдчилсан дүнгээр төрийн болон хувийн өмчийн нийт 63 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхлээд байна. 2021 онд нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар дүүрэг нь өөрийн хөрөнгөөр цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд 150 хүүхдийн суудалтай шинэ цэцэрлэгийг дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө 8 айлын газрыг чөлөөлж, бүтээн байгууллаа. 12 дугаар хороо нь цэцэрлэгийн насны 600 орчим хүүхэдтэйгээс 400 гаруй нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй цэцэрлэг нэн эрэлттэй байсан юм. Мөн 1 дүгээр хорооны 143-р цэцэрлэгт 100 хүүхдийн ортой өргөтгөлийг тус тус барьж, ашиглалтад оруулсанаар нэмж 100 хүүхэд хүлээн авах боломж бүрдлээ. 

СБД-ийн 12-р хороонд ашиглалтад орсон 150 хүүхдийн цэцэрлэг

2022 онд ашиглалтад орох цэцэрлэг цөөнгүй бий. Энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд урьдчилсан дүнгээр төрийн өмчийн 24, хувийн өмчийн 22, нийт 46 ерөнхий боловсролын сургууль 9 дүгээр сарын 1-ний өдөр суралцагчдаа хүлээн аваад байна. 

СҮХБААТАР ДҮҮРЭГ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХ УДАА ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

Сүхбаатар дүүрэг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэг барихаар шавийг нь тавиад, бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байна. Энэхүү эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар бүхий, давхар бүр нь 3000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг байхаар төлөвлөсөн бөгөөд туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана. Барилгын ажлыг 2 үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. 

-Сүхбаатар дүүрэг энэ жил авто замын хувьд ямар шинэчлэл, засвар хийсэн бэ? 

-Нийслэлийн автозамын хөгжлийн газар төв замын засвар, үйлчилгээг хариуцаж, төсөв, санхүүгээ баталдаг онцлогтой. Харин дүүргүүдийн хувьд туслах зам буюу гэр хороолол дундах замыг засахад голчлон анхаарч ажилладаг. Хороолол дундах эвдэрсэн, засвар шаардлагатай замуудыг чулуун болон хайрган зам болгох чиглэлээр төсөв батлагддаг. Энэ чиглэлийн дагуу нэлээн ажил хийгдэж байгаа. 

Тухайлбал, Цэргийн бага баян амралтын төвөөс Санзай зуслангийн чиглэлийн дагуух зам засварын ажил дуусаад ашиглалтад орж байна. Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэн авто машины зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Сүхбаатар дүүргийн 13-р хорооны гэр хорооллын дунд хатуу хучилттай авто замын ажил хийгдэж дууслаа. 

Баянбүрдийн тойргийн зам

Хороолол дундах зам

Хороолол дундах зам

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ, ГАЗАР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, газар ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан гарашыг буулгасан 6 байршилд тохижилт хийлээ. Үүний нэг дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн газрын зүүн талд байрлах 300м2 талбайд асфальтан хучилт хийж, автомашины зогсоол, явган хүний зам, эко хавтан бүхий тохижилт хийлээ.

Өмнө

Одоо

-Хот, хөдөөгүй намрын их ажил өрнөж эхэллээ. Өвөлдөө агаарын бохирдол танай дүүргийн тодорхой хэсэгт үүсдэг. Энэ тал дээр танай дүүргийн зүгээс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх вэ? 

-Сүхбаатар дүүрэг нийт хорин хороотой. 1-10 дугаар хороонд орон сууцанд амьдардаг өрхүүд хамаардаг бол 11-20 дугаар хороо 32-ын тойргоос цааших зуслангийн бүсийн айлууд ордог. Бусад дүүргүүдтэй харьцуулбал агаарын бохирдлын хувьд харьцангуй бага. Агаарын бохирдлыг байхгүй болгох туйлын арга бол яндангүй болох, орон сууцжуулах ажил юм. Сүхбаатарын дүүргийн хороодын хувьд зам дагуу байрладаг учир гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах зэрэг төслүүд сайн хэрэгжиж байгаа. 

Нийслэлийн хэмжээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр баригдах зургаан дэд төвийн нэг болох “Сэлбэ дэд төв” манай дүүрэгт ашиглалтад орсон. Тус төвд 6000 өрхийн дулааны асуудлыг шийдэх станц баригдсан. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цахилгааны шөнийн тарифыг тэглэх, сайжруулсан түлш хэрэглэх чиглэлийн ажлуудыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. 

-УИХ-д Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 

Манай дүүргээс Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд УИХ-д сонгогдон ажиллаж байна. Төрийн ажил учраас ард иргэдийнхээ төлөө уялдаа холбоотой хамтран зүтгэж байна. Улсын Их Хурлын гишүүд маань шаардлагатай асуудлыг улсын төсөвт тусгуулсан. Тухайлбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс камер суурилуулах, ерөнхий боловсролын сургуулиудын цахим хэрэгслийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн. Нэг тэрбум гаруй төгрөгийн техник хэрэгслийг дүүргийнхээ 25 сургуульд хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуучны барилгуудын дээвэр, фасад янзлах санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. 

Өмнө

Одоо

Өмнө

Одоо

Түүнчлэн НИТХ-д сонгогдсон дөрвөн төлөөлөгчийн хамтаар хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны дундах зам янзлахад гол анхаарлаа хандуулан, үр дүнтэй ажиллаж байна. 

-Дүүргийн иргэдээс ямар асуудлаар голлон санал хүсэлт ирж байна вэ?

-Манай дүүргийн байршлын онцлогоос шалтгаалан хотын төвийн бүсэд газрын маргаан их гардаг. 10, 20 жилийн өмнө олгосон газрын асуудал дийлэнх хувийг нь эзэлдэг. Түүнчлэн зуслангийн бүс нутгийн газрын маргаан, автозамын орц гарцын асуудлууд их байна. Бид ч иргэдээс ирсэн дээрх санал, хүсэлтүүдийг тухай бүрт нь шийдвэрлэхээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БҮТЭЭХИЙН ТУЛД ХИЧЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА

-Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан өөрийн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхээр ямар ажлуудыг хийж байна вэ?

-Миний хувьд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооноос сонгогдсон төлөөлөгч. Нарны замын Үйлдвэрчин хорооллоос Нэгдүгээр хорооллын Модун хүртэлх хэсгийг уг тойрогт хамааруулдаг. Мөн хотын төв хэсгийг томоохон үйлчилгээний газрууд орно. Хүн ам ихтэй, эдийн засаг, нийгмийн идэвхжилтэй том дүүрэг учир хүндээ ээлтэй орчинг бүтээхийн тулд хичээн ажиллаж байна. Энэ чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалтын ажлууд ч хийгдэж байгаа. 

Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны фасад, дээвэр засаж янзлах, гадна тохижилтыг сайжруулах, замын дундах тусгаарлах хаалт хийх зэрэг чиглэлээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Түүнчлэн шүүхийн маргаантай газрын асуудлууд байна. Зарим тохиолдолд газрын асуудалд хүч хүрдэггүй. Иргэдийн зүгээс бол шинээр барилга байгууламж барихыг шаарддаггүй. Гол нь бидний газрыг битгий булаагаач ээ л гэж хүсдэг.

Төвийн дүүрэг учраас барилгажилт, үйлчилгээ, албан байгууллага ихтэй тул энэ дунд иргэдийнхээ тавтай, тухтай, аюулгүй амьдрах орчныг зөв менежмент хийж бүтээх нь манай дүүргийн гол зорилт юм. Түүнийхээ төлөө ч төрийн түшээд, нийслэлийн удирдлага, засаг даргын тамгын газартайгаа нягт хамтран ажиллаж байна. 

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан танд баярлалаа. 

Эх сурвалж: vip76.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top