Төмөр зам дагасан будлиан БОГД ХАН төслөөр үргэлжлэх үү!?

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 09

-Богд хан төмөр зам төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийг тавьж буй “Бодь интернэшнл” групп тодорчээ-

 

Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-гүй, тооцоо судалгаа нь бэлэн болоогүй гэдэг утгаараа шүүмжлэл дагуулаад буй Богд хан төмөр зам төсөл өмнөх муу түүхүүдийг давтах магадлал өндөр байна. 175 орчим км баригдах учиртай уг төмөр зам Монголыг Евразийг холбосон транзит улс болгох ач холбогдолтой хэмээн тодотгож буй. Нийт санхүүжилт нь олон тэрбум ам.доллароор хэмжигдэнэ. Тиймээс мега төслийн хэмжээнд авч үзэж байгаа. Энэ утгаараа төр, засгийн түвшинд дэмжлэг авч, барихаар шийдвэрлэсэн төмөр замын төслүүдийн нэн тэргүүнд яригддаг. Гэвч алаагүй баавгайн арьсыг хуваадаг монгол зарчмаар Богд хан төмөр замын төсөлд зарцуулах хөрөнгөтэй холбоотой маргаан гараад эхэлжээ. Юун түрүүнд мега төслийн ажлыг хүчээр эхлүүлчихсэн болохоор ТЭЗҮ-ийг нь яаралтай боловсруулах шаардлага тулгарсан. Уг санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаас гаргах мэдээлэл бий. Удалгүй сонгон шалгаруулалт зарласан гэдэг мэдээлэл гарсан. Зам,тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Богд хан төмөр замын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар хийнэ” гэх мэдээлэл өгч байлаа. Одоогийн байдлаар Солонгос, Монголоос тус тус нэг, нийт хоёр компани ТЭЗҮ хийхээр тунаж үлджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сонгон шалгаруулалтын ажилд Монголын эрх мэдэлтнүүд нөлөөлж, эцсийн шатанд шалгарсан хоёр компанийг хоорондоо зохицон, санхүүжилтээ хуваагаад авчих гэх утгатай тулгалт үзүүлж буй аж. Улмаар тендерт тунаж үлдсэн  хоёр компанийн дунд зөрчилдөөн үүссэнээс Богд хан төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил удаа­ширчээ. Нийт санхүүжилтийн дүн нь 1.5 сая ам.доллароор хэмжигдэж буй. Хэдийгээр анхны хүрз шороог нь зөөж, ажлыг нь эхлүүлсэн ч ТЭЗҮ-гүй төмөр замын бүтээн байгуулалт гацсан хэвээр байна гэсэн үг. Энэ мэт Монголд баригдаж буй төмөр замын төслийг  олон жил дамнан будилах бүрд солонгос компанийн нэр холбогддог нь зүгээр нэг давхцал биш болов уу. Одоогоос арваад жилийн өмнө эхэлсэн ч  өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд мөн л солонгос компани орол­цож будлиулж байлаа. Сүүлдээ цагдаа шүүхийн хаалга татсан ч хэргийг нь тэгсхийгээд замхруул­сан түүхтэй. Тавантолгой-Гашуун­сухайт чиглэлд солонгос компанийн орол­цоотой “овоолсон шороо” байгуулсан гэгдэх хэрэг хууль шүүхийн байгууллага дээр замхарсны дараа “Бодь интер­нэшнл” ерөнхий гүйцэтгэгчээр орсон байдаг.

Засгийн газрын өнгөрсөн сарын 4-ний хуралдаанаар Богд хан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” компанид олгосон. Суурь бүтцийн барилгын ажлыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэж байв. Богд хан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Үүнээс өмнө Богд хан төмөр замыг чиглэлийг тогтоочихсон. ТЭЗҮ боловсруулах анхны судалгааны ажлыг одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2010 онд хийжээ. Мөн 2014 онд Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банк хооронд Богд хан төмөр замын төслийн талаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Тухайн үед Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар “Ман­дал-Багахангай” чиглэлийн төмөр замын чигийн судалгааны ажлыг “Ай Си Ти Интернэшнл”  компани тэргүүтэй түншлэл хийжээ. Тэр зургаар төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэхгүй чиг барь­сан. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой хэмээн тайлбар зүүх болсон нь ч үүнтэй холбоотой юм. Албаныхны тооцоогоор Богд ханы төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Хөшигийн хөндийн тэргүүтэй дагуул хотуудын бүтээн байгуулалт эрчимжиж, тээвэр логистик бүхий эдийн засгийн чөлөөт бүс бай­гуулагдах суурь нөхцөл бүрдэх гэнэ. 

Ийм нэгэн урт түүхтэй Богд хан төмөр замын төсөл ТЭЗҮ хийх шатандаа гацаад байгаа мэдээлэл байна. Хэрэгжих шатандаа урт ч гуншин үйлдвэрлэх бололтой. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Таван­толгой-Гашуунсухайт чиг­лэлийг тавьж буй “Бодь интернэшнл” компани хэдийнэ тодорчихсон гэдгийг улс төрийн хүрээнд ярих болсон.  Голомт банкны Д.Баясгалангаар овоглодог тус компани Таван­толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр мөн л учир битүүлгээр гэнэт тодорч байсан гуншинтай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдсэн гэдгээс өөр тайлбар байдаггүй юм. “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиг­лэлийн төмөр замыг ирэх 2022 оны долоодугаар сард хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Монголын төр тус компанийг энэ удаад ч гүйцэтгэгчээр шалгаруулсан нь одоогийн ажлаасаа багагүй туршлага хуримтлуулсан гэж үзсэнтэй холбоотой бололтой. Ямартай ч Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Евразийг холбох “Эдийн засгийн коридор” бий болоход дэмтэй ажил урагшлах сураг гарсан нь сайн хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ts(162.158.178.25) 2021 оны 09 сарын 10

dund shatni tsynh baridag nohoinuudin ajil

0  |  0
(172.69.252.138) 2021 оны 09 сарын 09

ТЗын бүтээн байгуулалтын төсөл овоо их унацтай ажил юм байна л даа.

0  |  0
Монгол (162.158.178.7) 2021 оны 09 сарын 09

Монгол улсад будлиангүй юм гэж маш ховор яая гэхэв бид ийм л нохдыг сонгодог

0  |  0
Тис(172.69.252.137) 2021 оны 09 сарын 10

ОЮУЭРДЭНЭ гэж нэг удаа бизнес хийж үзээгүй ганц хүнд цалин өгч үзээгүй хүн ерөнхий сайд гэж мөн хэцүү байнаа.Монголчууд яг одоо агуу их попрол солиорлын эрин үед шоу хийрхэл тархи угаалт гэж юу байдгийг биеэр амсан туулж бнда

4  |  0
Top