ЧИНГЭЛТЭЙ: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг дэмжих төв нээгдлээ

2021 оны 09 сарын 10
 
Нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийг дэмжих төвийг Чингэлтэй дүүргийн Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа. Уг төвийн нээлт өнөөдөр болж нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан оролцлоо.
Улаанбаатар хотод 1.5 сая гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэдний 70 хувь буюу 700 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгч байдаг. Уг төв нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах дагуул хотын үндсэн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг бүх бэрхшээлийг шийддэг болж байгаагаараа анхдагч, шинэлэг. Сүүлийн 2 жилд “Ковид-19” жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн хүнд туссан. 90 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа зогсоосон, ажлын байраа алдсан, орлого буурсан, өр зээлд орсон судалгаа бий. Тиймээс энэ төвөөр дамжуулж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн асуудлыг шийдэх болно гэж Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэллээ.
Уг төвийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ хамтран ашиглалтад оруулж, бизнес эрхлэгч нарт зориулан олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс нийслэлийн бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, мэдээлэл технологи, инновацыг хөгжүүлэх, хөдөлмөр зуучлалын зэрэг зөвлөх үйлчилгээг авахаас гадна төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Үүний зэрэгцээ Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь олон улсын байгууллагууд, банк, банк бус санхүүгийн байгууллага, дотоодын топ аж ахуйн нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох олон талт үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтийн нэг ДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг. Тус салбарт нийт 62.3 мянган жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, 906.5 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байна. Үүнээс 43.2 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нийслэлд төвлөрч, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг бүрдүүлдэг онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top