У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралд онлайнаар оролцоно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Энэ сарын 17-нд Тажикстаны нийслэл Душанбед ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүдийн хурал болно. ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан тус хуралдаанд гишүүн орнуудын төрийн тэргүүд буюу Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцохоос гадна ажиглагч гишүүн Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси нар Душанбед очихоор болжээ. Мөн Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хүндэт зочноор уригджээ.

Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Хятадын тэргүүн Ши Жиньпин, Монголын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар онлайнаар оролцоно гэж Тажикстаны ГХЯ-наас мэдээллээ.

Ойн хуралдаанаар 20 жилийн ажлаа дүгнэхээс гадна бүс нутгийн асуудлаар санал солилцож, ковидийн хямралаас эдийн засгаа хэрхэн сэргээх талаар хэлэлцэх юм. Иран улсын ШХАБ-т бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг хэлэлцэн, эцсийн шийдвэр гаргаж, Египет, Катар, Саудын Араб улсуудад яриа хэлэлцээний түншийн статус олгох юм байна.

Хуралдааны дараа ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуультай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top