Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2021.09.16/ эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдлыг харгалзан үзэж Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Мөн Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг энэ оны дөрөвдүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
Энэ удаагийн шийдвэр гаргалтын өмнөхөн шинэчлэгдсэн наймдугаар сарын инфляцын үзүүлэлт Төв банкны зорилтоос давж, улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувьд хүрч өссөн байгаа. Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.
“Инфляц эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа боловч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өсөх хэдий ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар инфляцын төлөв нэмэгдэх эрсдэлтэй байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ихэнх экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч үүнээс бий болж буй эерэг нөлөө хүлээлтээс бага байлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч нүүрсний экспорт, үйлдвэрлэл улмаар тээврийн салбар, импортын саатал, өмнөх хөл хорионы нөлөөгөөр барилга, боловсруулах, үйлчилгээний салбарын идэвхжил хүлээлтээс бага байсан нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Дэлхий дахинд вирусийн шинэ хувилбарын тархалт үргэлжилж, вакцинжуулалтын үр нөлөөг бууруулж, болгоомжлолыг нэмэгдүүлж байгаа нь цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлыг эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсгэж байна.
Эдийн засагт цар тахлын учруулж буй хүндрэлийн үед Төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж байна.
Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн сэргэлт тогтворжиж, инфляц түр зуурын бус шинжтэйгээр зорилтоос давах эрсдэл үүсвэл шаардлагатай бодлогын тохируулга хийх болно гэж Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдлээ.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Сүүлийн жил гаруй хугацаанд цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн хямралаас шалтгаалсан эдийн заcгийн хүндрэлийг даван туулахын тулд дэлхий нийтээр тэмцэж байна. Монгол Улсын хүн амын 65 хувь КОВИД-19-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч цар тахлын тархалт дахин нэмэгдэж, тодорхой бус байдал төдийлөн буурахгүй байна. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.
Инфляцыг богино хугацаанд нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон тайлбарлаж байна. Цаашид эрэлтийн нөлөөгөөр инфляц алгуур сэргэх хэдий ч Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байгааг онцлон дурдъя.
Үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, нэг удаагийн буюу нийлүүлэлтийн шинжтэй болон гадаад хүчин зүйлс тайлбарлаж байна. Жишээ дурдаж хэлэхэд хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлж байна. Ийнхүү, богино хугацаанд инфляц суурь үеийн болон гадаад, дотоод нэг удаагийн шинжтэй нөлөөгөөр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас инфляц Төв банкны зорилтын орчимд тогтворжихоор байна.
Гэвч богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляц болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ огцом өсөх тохиолдолд, хүлээлтээс давсан инфляцыг үүсгэж болзошгүй байна.
Цар тахалтай нүүр тулсан 2020-2021 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байгаа билээ. Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ₮10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй холбоотойгоор зээл олголт сэргэж 2021 оны долоодугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 12.3 хувиар өслөө. Түүнчлэн, шинээр олгосон зээлийн дундаж хүү энэ оны 7 дугаар сарын байдлаар 12.8 хувь болж, нэгдүгээр сарын түвшнээс 2.4 нэгж хувиар буурсан байна. Бодлогын өнөөгийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд Төв банк эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны инфляцын зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны өмнөх хурлаас хойш дэлхийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, худалдааны гол түнш орнуудын өсөлтийн төлөв сайжирлаа. Тухайлбал, АНУ, ОХУ, Евро бүс зэрэг томоохон эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд хүлээлтээс өндөр байсны зэрэгцээ 2021, 2022 оны төсөөллөө нэмэгдүүлээд байна. Улс орнуудын цар тахлын сөрөг нөлөөг бууруулах бодлогын арга хэмжээ болон вакцинжуулалтын явц нь сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч КОВИД-19 вирусийн шинэ хувилбаруудын тархалт нэмэгдэж байгаа нь гадаад эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг бодлого боловсруулах, зохицуулалт хэрэгжүүлэх бүх шатандаа анхаарах нь зүйтэй” гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Зайлаа новшоо бөгсний алчуур байхаас ичихгүй байна уу
Монгол банкны ёрөнхийлөгчийг монгол төрөгний үнэгүйдэлд ямар арга хэмжээ авснаар ажлыг нь дүгнэмээрээ
За эрхэм Монгол Банкны ерөнхийлөгч өө. Таны л мэргэн ухаан мэдэж дээ.Ийш тийш бухаж бултах аргагүй
LXAGVASUREN CHI NAM DAGAJ BYY DALDAGNAA. INFLIATS ALI XEDIIN 20 XUVI BOLSON. CHI JAAXAN AMIDRAL DEER BUUJ IRDEE. XUDLAA IRGEDIIG XUURAX GEJ BITGIISANAARXA/ EN TEEVER, BARILGIIN MATERIAL, BENZIN SHATAXUUNIIXAA UNIIN OSOLTIIG TOOTS