Шатахууны хомсдол ба салбарынханы БАЙР СУУРЬ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Ойрын өдрүүдэд олны анхаарлыг хамгийн их татаж буй асуудал шатахуун болоод байна. Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Монголын шатахуун хэрэглэгчийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нарын байр суурийг тодрууллаа.


Г.ЁНДОН: Шатахуун импортлогчид нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй

Үүсээд буй нөхцөл байдлын талаар салбарын сайдаас тайлбар авлаа.

 

-Шатахууны хомсдол юунаас болж үүсчих вэ?

-Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ наймдугаар сарын сүүлчээр 28 мянган тонн шатахуун өгөх үүрэгтэй байсан. Гэтэл 17 мянган тонн шатахуун өгнө гэж хэлсэн учраас бид Хятадаас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар мөнгөө төлж, гэрээгээ баталгаажуулчихсан. Холбогдох Элчин сайдын яам, албаныхан энэ асуудалд анхааран ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар шатахуун улсын хэмжээнд 16-хан хоногийн нөөцтэй байна. БНХАУ-аас авсан шатахуун яг хэзээ Монголд ирэх вэ?

-Хятадын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байна. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийж эхэлсэн.

-Шатахууны нөөцөө бүрдүү­лээгүйгээс болж өнөөдрийн хүндрэл үүссэн нь үнэн. Нөөц бүрдүүлэх үүргийг хэн хүлээх ёстой вэ?

-Нефть импортлогч компаниуд шатахууны нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй. Засгийн газраас  жил болгон бүрдүүлэх нөөцийн хэмжээг тогтоодог. Манай улсын шатахууны хэрэглээ жилээс жилд өсөж байна. Төрийн зүгээс бодлого зохицуулалт л хийдэг.

-Өнгөрсөн хугацаанд ямар бодлогын ажил хийсэн болоод өнөөдөр ийм байдалд оров. Нөөцөө бүрдүүлээгүй нь шатахуун импортлогчдын хариуцлагагүй үйлдэл байсан хэрэг үү?

-Нөөц бүрдүүлэх ажил дээр импортлогчид хангалтгүй ажилласан тал бий. Хэрвээ энэ байдал дахин давтагдвал хуучин шигээ шатахууны жижиглэнгийн худалдааг  төрийн компани зохицуулдаг байсан хувилбар руу оруулж болно. Яагаад гэвэл,  Монгол Улс урт хугацаандаа газрын тос олборлох үйлдвэртэй болох зорилготой. Бидний ойрын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил бол 30 мянган тоннын шатахууны улсын нөөц бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулсан байгаа. Улс өөрийн нөөцтэй байх ёстой. Төрд агуулах ч алга. Уг нь хувийн хэвшил Концессийн гэрээгээр агуулах барих гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүй. Энэ компани гэрээгээ биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураана. Шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах сантай болно. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хуульд энэ сангийн талаар тусгасан. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ сан зах зээлийн зарчмаар ажиллана. Төрийн хатуу зохицуулалт үйлчлэхгүй.

-ОХУ бол манай шатахууны гол импортлогч. Цаашид нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх вэ?

-Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана. ОХУ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн улмаас дотоодод хомсдол үүсэх магадлалтай гэдгээ мэдэгдсэн.

 

Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэ­баяр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

 

-БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр үү?

-Өндөр биш. Шатахууны нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомсдол үүслээ. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ буурах ёстой. "Роснефть" компани гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж буй. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Хөгжлийн банкнаас энэ онд 250-280 орчим тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Энэ мөнгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хийнэ.

-Үйлдвэрийн хүчин чадалд манай улсын одоо олборлож буй газрын тос хүрэлцэх үү. Түүхий эдээр хэрхэн хангах вэ?

-Энэ үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Түүхий эдээ Дорнод аймгийн нутаг дахь 19, 21 дүгээр талбайгаас хангана. Өөрөөр хэлбэл “Петро чайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосыг авах юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Засгийн газар өөрийн авах хувиа газрын тос болон гадаад валютаар авахаар тусгасан. Одоогоор манай улс үүнийгээ гадаад валютаар авч байгаа. Үйлдвэр ашиглалтад ороход газрын тосоор авна. Мөн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, дээрх хоёр талбайн олборлолтыг нэмэгдүүлэхээр  ажиллаж байна.

-Газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа шатахууны чанар муу байна гэсэн гомдол, шүүмжлэл сүүлийн үед нэлээн гарч байгаа. Бүтээгдэхүүний чанарт хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай улс шатахууны хэрэглээний 97 хувийг ОХУ-аас авдаг. БНХАУ-аас хоёр, үлдсэнийг нь Солонгос улсаас авдаг. Тэгэхээр чанар гайгүй. Тухайн үйлдвэрлэгчээс авч импортолж байгаа учраас ямар ч асуудалгүй гэж ойлгож болно. Харин баруун хилээр, Баян-Өлгий, Увс аймгийн боомтоор хувь хүмүүс шатахуун оруулж ирдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн орон нутгийн төрийн байгууллагтай хамтарч таслан зогсоох арга хэмжээ авч байгаа.

 

Б.Сайнбаяр: Төрийн харалган бодлогын илрэл

Монголын шатахуун хэрэглэгч­дийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас тодруулга авлаа.

 

-Шатахууны хомсдол юунаас үүдэлтэй гэж бодож байна вэ?

-Шатахуунтай холбоотой үүсээд буй хүндрэл бол төрийн харалган бодлогын илрэл. Хэрвээ 2000 онд НИК концерныг хувьчлаагүй байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Нефтийн салбар тэр чигтээ хувийн хэвшил рүү шилжсэн. Нөөц бүрдүүлэлт хангалтгүй. Яг өнөөдрийн байдлаар төр өөрөө шатахуун нөөцлөх агуулахгүй. Уг нь төр  АИ-92, дизелийн түлшээ агуулах савтай, нөөц бүрдүүлэх зохицуулалтын бодлогоо хийж явсан бол арай ч ийм байдалд хүрэхгүй байсан.

-Агуулах барих концессын гэрээ хийгдэж байсан санагдаж байна?

-2017 онд Концессын гэрээгээр шатахууны агуулах барих асуудлыг Засгийн газар ярьж байсан. Бүр гэрээг нь үзэглэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Энэхүү 150 мянган тоннын агуулахын  ажил хэдэн хувьтай явж байгааг салбарын сайдаас асуух хэрэгтэй. Ер нь төр нефтийн үйлдвэр гэж ярихаас өмнө саваа бэлдэх хэрэгтэй. Нөөц бүрдүүлэх ёстой. Яг үнэнийг хэлэхэд Ц.Эрдэнэбаярын яриад байгаа Монгол Улс шатахууны тэдэн өдрийн нөөцтэй гэж хэлдэг мэдэгдлүүд нь  баттай эх сурвалжийн мэдээлэл биш шүү.

-Яагаад?

-Учир нь нефть импортлогч хувийн компаниудаас танайд хэдэн мянган тонн шатахууны нөөц байна гэж асуугаад бүгдийг нь тоон аргаар нэмээд  Монгол Улс тэдэн хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Энэ нь үнэн бодитой мэдээлэл байж чадахгүй.

-Шатахуун импортолж оруулж ирдэг компаниудын шатахууны чанар дээр та байр сууриа илэрхийлээч?

-Манай холбоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай хамтраад энэ оны дөрөвдүгээр сард шалгалтаар явсан. Бидний хувьд дээж авах процесст нь оролцсон. Түүнээс хойш ажлын дүгнэлт гаргах явц дээр Ашигт малтмал газрын тосны газрын алба хаагчид өөрсдөө оролцоод явж байсан. Энэ шалгалтаар шатахууны чанар үнэхээр муу байгаа гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтаас тогтоочихоод байхад  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нь өөрөө “Монголд өнөөдөр хуурамч шатахуун байхгүй ээ” гээд өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэчихэж байгаа юм. Хоёрдугаарт, АМГТГ нь “Энэ ажлын хэсгийн дүгнэлт хууль бус” гээд өөрсдийнхөө  явсан ажлыг бас үгүйсгэчихэж байгаа юм. Гуравт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг хүчингүй болгуулах гээд импортлогч компаниуд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрвээ энэ акт хүчингүй болох юм бол Монгол Улсад бензин, дизелийн түлшний чанар стандарт гэж яриад хэрэггүй.

-Таны бодлоор шатахуун хомсдолын асуудлыг яаж шийдвэл зохилтой вэ?

-Шатахуун, шатах тослох материалууд нь Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн. Энэ асуудал дээр яалт ч үгүй төрийн оролцоо чухал. Гэхдээ төр оролцоно гээд ирэхээрээ үнэ ярьдаг. Үнийг барих гэж оролддог. Тэгэхээр “Үнэ дагаж чанар юм уу. Чанар дагаж үнэ юмуу” гэсэн асуудал урган гарна. Төр оролцохдоо хэрэглэгчдэдээ сонголт өгчих. Өнөөдөр Монголд нефтийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй найман үйлдвэр бий.  Тэр найман үйлдвэр дээр үйлдвэрлэл явуулаад “Монгол 92” нэртэй шатахуун гаргачих. Үнэхээр ОХУ-аас импортолж байгаа сайн чанарын түлш байвал түүнийгээ  “Роснефтийн түлш” гээд тодорхой үнэ тавьчих. Энэ зарчмаар зах зээлийн сонголт өгөх хэрэгтэй. Гэтэл өдгөө төр хэтэрхий их туйлширч үнийг нь бариад байна. Өнөөдөр Монголд нефть импортолдог 118 компани бий. Тэдний дунд томоохонд тооцогдох 14 аж ахуй нэгж байгаа. Тэдгээр компани Монгол Улсын нийт шатахуун, шатах тослох материалын  80 хувийг импортолж байна. Монгол Улсын төсвийн 15,5 хувийг  бүрдүүлж байна. Тэдний хүчинд Монгол Улс шатахуунаар тасарчихгүй байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр шатахуун импорт­логчдынхоо үйл ажиллагааг тодорхой төвшинд дэмжих, хамтарч ажиллах нь чухал.

-Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг асуудал яригддаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тэднийг үгсэн хуйвалдахаас өөр аргагүйд төр өөрөө хүргэдэг. Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнө "Роснефть" үнээ нэмээд нефть импортлогчдыг алдагдалд оруулж  байна. Төр энэ асуудал дээр эрт төлөвлөж, бодлогын зохицуулалт хийгээд явчихсан байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй. Гэтэл компаниуд аргаа бараад дампуурлын ирмэгт ирээд 600 төгрөгөөр үнээ нэмэхээр  төр тэднийг  буруушааж байгаа нь утгагүй. Ер нь төр оролцоно гэдэг сайн менежер хийхийг хэлээд байгаа юм.

-Та шатахууны үнийн огцом өсөлтийг хэрхэн дүгнэж байна?

-Импортлогчид зах зээлийн зарчмаараа л үнээ нэмсэн гэж харж байна.  Ер нь бол төгсгөлд нь дүгнээд хэлэхэд, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаярын мянган хувийн буруу. Тэр хүн дандаа худлаа ярьдаг.  Тэр хүнийг маш олон удаа би халз  мэтгэлцээнд дуудаж байсан. Долоохон хоногийн өмнө Монгол Улс шатахууны 25 хоногийн нөөц байгаа гэж байсан. Гэтэл дөрөвхэн хоногийн дараа Монгол Улсад "Роснефть" бензин нийлүүлэх боломжгүй болж байна. Монгол Улс шатахууны хомсдолд орж эхэллээ гээд ярьж сууна. Түүнтэй би шатахуун импортын асуудлаар бодлогын мэтгэлцээн хийхэд бэлэн байна. Шатахуун хэрэглэгч, төр, импортлогчийн гурвалсан холбоог бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах үүргийг төр хүлээх ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top