Улсын Онцгой комисс "Ковид-19" цар тахлын талаар цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар өчигдөр /2021.09.28/ хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргасан.
Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэх үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр барьсан "Медипас" эмнэлгийг төр буцааж авна гэдгийг онцолсон.
Тэрбээр "Хүндрэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлтэй, хүнд нөхцөл байдалд байгаа, хүндэрч болзошгүй халдвар авсан иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах, хамгаалах чиглэлийн ажлуудыг шат шатанд хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим анхаарах асуудлууд байна.
Улсын буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр баригдаж, 2015 онд ашиглалтад орсон, өнөөдрийн ханшаар 100 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эрүүл мэндийн цогцолбор хувьд үнэ төлбөргүй шилжсэн асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлнэ. Эрүүл мэндийн салбар хүнд байгаа энэ үед тус эмнэлгийг улсын өмчид буцаан авна. Өөрөөр хэлбэл, үнэ төлбөргүй шилжсэн учраас улс өмч хөрөнгөө буцаан авна. Үүнийг Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа" гэсэн юм.
Тэгвэл Шадар сайдын хэлээд байгаа эмнэлэг нь Орхон аймагт байрлах "Медипас" оношилгоо, эмчилгээний төв бөгөөд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 100 хувийн хөрөнгөөр буюу тухайн үедээ 69 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, тоног төхөөрөмжийг нь Япон улсаас нийлүүлж байжээ.
Энэ нь Монгол-Японы хамтарсан эмнэлэг гэдгээрээ онцлог. Тиймдээ ч 2016 оны тавдугаар сарын 7-нд болсон эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд хоёр талаас ач холбогдол өгч, Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон орон нутгийн удирдлагууд оролцож байжээ.
Харин одоо тухайн эмнэлэг нь хувийн хэвшилд шилжсэн байгаа юм. Шадар сайдын хэлснээр үнэ төлбөргүйгээр хувьд шилжүүлсэн бололтой. Тиймээс тухайн эмнэлгийг төрд буцааж аван, тус аймгийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэх асуудлыг УОК-оор хэлэлцэж, Асуудлыг Засгийн газарт оруулахаар тогтсон нь энэ аж.
Дашрамд дурьдахад, 2016 оноос өмнө "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан юм. Улмаар 2016 оны зургаадугаар сард "Монголын зэс" компани уг 49 хувийг эзэмших болсныг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж байв.
Гэвч энэ нь асуудал дагуулж, "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрийн мэдэлд 100 хувь авах асуудал өрнөсөн. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гарсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайханбалаг гөлөгийг авчирч гэр бүл ах дүүсийг нь насаараа нь хорь
МАФИЙН БҮЛЭГЛЭЛ ХУУЛЬ БУСААР ДЭЭРЭМДЭЖ АВСАН БҮХ ҮЙЛДВЭР АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ АДИЛХАН ДЭЭРЭМДЭН БУЦААЖ АВ. ХУУЛЬ ЯРИАД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. !!!!
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр мэдэлдээ авах болоогүй юу