Монгол Улсын Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бямбасүрэнтэй улс орны эдийн засаг, нийгэм, цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Та социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн онцгой цаг үед улсын Ерөнхий сайд байсан. Харин одоо ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд бас онцгой цаг үе ирээд байна. Тэгэхээр улсынхаа одоогийн нийгэм, эдийн засгийн байдалд та ямар дүгнэлт хэлэх вэ?
-Улс орныхоо одоогийн байдлыг түүхэн талаас нь авч үзвэл их ховор тохиолдох онцлог үе юм гэж бодогддог. Бид социалист нийгмээсээ гараад чөлөөт, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30-аад жил өнгөрлөө. 30 жил өнгөрнө гэдэг улс орны амьдралд хүн ардын нэг бүтэн үеийн амьдрал өнгөрч байна гэсэн үг. Энэ хугацаанд Монгол орон асар их өөрчлөгдлөө. Нэгдүгээрт, монголчууд энх тунх байгаад мал сүрэг нь өсөөд, нутаг орон тайван амгалан, энх тайван байлаа. Нөгөө талаас монголчууд урд өмнө нь өөрсдийнхөө хүсэж мөрөөдөж явсан гол зүйлүүд эрх чөлөөгөө, өмчөө, сэтгэж бодох, боловсрох, сонголт хийх бүх боломжоо олж авлаа.
Тэгэхээр одоогийн Монгол бол 30 жилийн өмнөх Монголоос огт өөр. Хүрсэн, олсон сайхан амжилтуудаа эргээд цуглуулаад бодоход одоогийн амьдралын түвшин зарим талаараа чамлалттай байдаг.
Эдийн засаг маань 1990 оны үетэй харьцуулахад ойролцоогоор 10 дахин өслөө. Гэтэл монгол хүний амьдрал 10 дахин дээшилсэн үү гэдэг асуудалтай.
Үүнээс гадна улс орны амьдралд хорвоогийн бүхэл зовлон, жаргал хосолж тохиодог. Хүнд сорилтын үе гэж байдаг. Монгол Улс 1990 оны үед социалист нийгэм задарч унаад гадаад ертөнцтэй харьцах харьцаа хумигдаад хүнд байдалд орж байлаа. Тэр үед Монгол орон гадаадын зээл тусламжаар голлон тэжээлгэж тэтгүүлж явсан. Тэр нь байхгүй болохоор эдийн засаг хүнд байдалд ороод, дээрээс нь тогтолцооны хямрал нэмж байсан. Одоогийн байдалд улс орон амьдрах арга чигээ оллоо ч гэсэн эдийн засаг, бусад хүчин зүйл нөлөөлж байна.
Жишээлэхэд, цар тахлын асуудал бүх дэлхийг хамарсан зовлон Монголыг нөмөрч ирлээ шүү дээ. Монгол хүний эрүүл мэнд, амьдрал ахуйгаас эхлээд ажил эрхлэлт, амьдралын эх үүсвэр зэрэг олон асуудал гарч ирж байна. Төр засаг нь ард түмнийхээ эмзэг бүлгийн амьдралыг хамгаалж, эдийн засгийнхаа үндэс жижиг, дунд үйлдвэрүүдээ хамгаалахад асар их хүчин чармайлт нөөц бололцоогоо зарцуулж байна. Ингээд бодоход одоогийн үе урьд өмнө тохиож байгаагүй. Цаашид давтагдахгүй онцлог үе тохиолоо. Энэ үед монголчууд өөрийнхөө соёл иргэншил, түүхэн замналын өв дээр тулгуурлаад асар уудам нутаг орныхоо байгалийн баялгийн үр шимийг хүртээд амьдрал бол бас ч гэж их унасан гэж хэлж болохгүй. Бусад оронтой харьцуулахад бид нөхцөл байдлыг чамгүй давж байна. Монгол орны мал өсөж байна. Энэ жилийн ургац гайгүй боллоо. Аз болоход дэлхийн зах зээл дээр Монголын экспортын барааны үнэ нэмэгдэж, эдийн засгийн хувьд ээлтэй үе тохиож байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад хүндрэл байгаа ч монголчуудын заяа түшиж хүндрэлийг давж туулах сайхан нөхцөлүүд байна гэж би дүгнэх юм.
-2022 оны улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас урьтаж батлах ёстой. Эдийн засгийн эгзэгтэй жилийн төсвийг яаж батлах ёстой вэ?
-Улсын төсвийн тухай асуудлыг ярихад хоёр хүчин зүйл чухал санагддаг. Нэг талаас нэгэнт улс оронд хүндрэл тохиолдоод хүн ардынхаа амьдралын түвшинг тэтгэх, хамгаалах чиглэлээр төр засгаас нэмүү хүчин чармайлт тавих шаардлагатай болж байгаад улсын төсвийн зардал бол мэдээж өндөр хариуцлагатай ачаа үүрнэ. Нөгөө талаас нь манайд нэг буруу ном бий болсон.
Хүндрэл тохиолдоход төсөв тэлэх ёстой. Сөрж амьдрах ёстой гэдэг.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс төсвийн тэлэх бодлого гэдгийг эхлүүлсэн. Энэ номлол явсаар байгаад сүүлдээ одоогийн төр барьж байгаа улс төрийн хүчний үзэл болоод хувирчихлаа. Чөлөөтэй хөрвөх валюттай улс орнууд төсвөө тэлж, хүндрэлийн үед чөлөөт валют, мөнгөний нийлүүлэлтээ нэмж, тэр ачааллаа дэлхий нийтэд, гадагш дотогш нь нялзайж гаргадаг болохоос биш хөрвөх чадваргүй мөнгөтэй орон төсөв тэлж байна гээд нэмэх юм бол сүүлд нь дааж давшгүй инфляцад унана. Одоо ч Монгол оронд инфляцын өсөлт нүүрлээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг 30, 40 хувиар нэмчихлээ.
-Гарц гаргалгааны хувьд?
-Нөгөө талд Монголын экспортын орлого өнгөрсөн жилээсээ 30, 40 хувиар нэмэгдсэн байхад төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг унагахгүй байх, тэр нөхцөлд зөвхөн дотоодын үйлдвэрлэл, дотоод зах зээл дээр эргэлддэг барааны үнийн зохицуулалт нийлүүлэлт дээр асуудлыг шийдэх боломжтой онцлох үе байна. Үүнийг Сангийн яам, төр, эдийн засгийн институцууд харж засаж чадах нь уу гэдэг онцлог. Ер нь Монголын төсвийг бүхэлд нь аваад удаан хугацааны туршид яаж ирэв гэдгийг харахад өнгөрсөн жилийн байдлаар гэхэд Монголын төсвийн алдагдал нь орлогынхоо 40 хувиас давсан.
Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувьд хүрчихсэн байдалтай байгаа. Энэ бол хэвийн биш төсөв. Энэ байдлаар бид удаан явж чадахгүй.
Зарим үед төсвийн алдагдлыг гадаадын зээлээр юм уу бонд гаргаад дарлаа гэж тооцоод явдаг. Гэтэл энэ чинь эргээд төлөгдөх өр болж дараагийн үедээ л ирэх учраас хүсэх зүйл биш л дээ. Тийм болохоор одоогийн төсөв батлахад бодох зүйл нь ковид-19 Монголоос салахгүй, эдийн засаг, хүн ардын амьдралд дарамт өгсөн хэвээрээ байна. Харин улам ч хүндэрч магадгүй. Үүнийг өнгөрнө гэж тооцох хэрэггүй. Харин тэмцэхдээ урдных шиг хавтгайрсан нийгмийн халамжаар ард түмнийхээ амьдралыг тэтгэх үү аль эсвэл тодорхой хаягтай нийгмийн эмзэг бүлэг рүүгээ чиглэсэн төсвийн зардал гаргах уу гэдгээ нэгт бодууштай. Нөгөө талд эдийн засгаа дэмжинэ гээд янз бүрийн арга хэмжээ авахад нэг талд үнэ нэмж, инфляц идэвхжиж банкны зээлийн хүү дарамталж байгаа нөхцөлд их бэрхшээлтэй. Гэхдээ төсвөө төлөвлөхдөө ямар ч байлаа гэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийнхээ гол нурууг нь авч үлдэх бодлого явуулах хэрэгтэй. Энэ бол татварын бодлоготой холбоотой. Миний бодоход одоогийн төсөв батлахдаа УИХ хийж чадах ч үгүй байх, амжих ч үгүй байх. Татварын бодлогоо зөв болгох юм бол нөөц бололцоо их бий.
-Цар тахлын үед ажилгүйдэл нэмэгдэж, үнийн хөөрөгдөл үүсэж байна. Энэ бүхэн ард түмний амьдралд ачаа болдог. Энэ байдал өмнөх эдийн засгийн уналтын жилүүдэд ч адил тохиолдож байв уу. Цар тахал хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байгаа энэ үед ард түмний амьдрал яах бол?
-Цар тахлын бүх дэлхийд үзүүлж байгаа нэг муу нөлөө нь ажилгүйдэл нэмэгдэж байгаа явдал. Тэрнийгээ дагаад хүмүүсийн амьдрал доройтож байна. Саяхан их сургуулийн эрдэмтэн, багш нарын судалгаагаар дунд давхаргынхны 50 хувийн амьдрал доошоо уналтад орсон байна л даа. Дунд давхарга Монголын нийт хүн амын 65 хувь юм. Үүний 50 хувь гэхээр монголчуудын 30 гаруй хувийнх нь амьдрал доошилжээ. Энэ бол бидэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлийн нэг нь. Ийм үед хуучинтайгаа адилхан хүүхдийн мөнгө өгөөд, айл өрх бүрд мөнгө тараагаад амьдралыг нь тэтгэнэ гэдэг удаан явах арга хэмжээ биш.
Цар тахлын нөхцөлд эдийн засгаа эрчимжүүлнэ гэдэг технологийн хувьд шинэчлэх тухай асуудал.
Цар тахал дэлхий нийтийг гөвсөн. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тухай асуудал ярьж байна. Гаднынхан үүнийг огт өөр утгаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, саяхан Давосын хурлын зохион байгуулагч ярихдаа дэлхийн эдийн засаг өөр технологиор сэргэнэ. Өөрөөр хэлбэл, дижитал капитализм, тоон эдийн засаг, мэдлэгийн эдийн засгийн үндсэн дээр сэргэнэ гэсэн. Үүнийг жишээ болгоод Монголд аваад үзвэл Тяньжин боомтод Монголын 6000 чингэлэг гацчихаад байна. Энэ бол асар их бараа. Тэдгээрийг хадгалах зардлаас гадна бараа эргэлтэд орохгүй байгаа учраас хүмүүсийн орлого боогдоод амьдрал нь дордоод, хомсдол үүсээд үүнээс болоод гипер инфляц руу орох байдал нүүрлэж байна. Гэтэл барааны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлыг дэлхий даяар ярьж байгаа тэр дижитал сүлжээнд оруулаад хийж чадсан бол байдал өөрөөр эргэх учиртай. Энэ чиглэлээр бодууштай юм байна л даа. Асуудлаа тодорхой барьж аваад хийх юм бол хүмүүсийнхээ амьдралыг өөд нь татах явдал байж болно.
-Цаашдаа эдийн засгийн хүндрэл, бэрхшээл тохиолдоход төрийн бодлого яаж явах ёстой вэ. Улс, эх орноо хэрхэн зөв удирдан чиглүүлбэл зохих вэ?
-Төр гэдэг чинь өөрөө улс, нийгмийнхээ амьдралыг цогцлуулдаг гол уураг тархи, төв нь юм шүү дээ. Төр ямар бодлого явуулна, ямар хандлагатай байна. Түүнээс нь улс орны хувь заяа хамаардаг. УИХ-аасаа, Засгийн газраасаа монголчууд юу хүлээж байна вэ гэхээр үр нөлөөтэй арга хэмжээ аваасай, хөрөнгө мөнгөө зөв зарцуулаасай гэж хүлээн байна. Улс орны эдийн засаг хөрөнгө оруулалтаар түлхэгдэж явдаг.
Хөрөнгө оруулалтын үр ашиг нь ямар байна, яаж өөрчлөгдөж байгаагаас тухайн орны эдийн засаг хамаардаг.
Би өөрөө бага зэргийн судалгаа хийж суудаг. Ингээд харахаар 2006 он гэхэд Монголын эдийн засаг хамгийн сайхан тэнцвэржээд төсөв алдагдалгүй, гадаад худалдаа нь ашигтай болоод бүх юм нь сайхан тэнцвэржсэн юм. Тэр үед бид жил тутмын хөрөнгө оруулалтаасаа 73 хувийн орлого олдог байсан. 15 жилийн турш энэ тоо буурсаар буурсаар 2016 он гэхэд 15 хувь, одоо 30 орчим хувьтай явж байна. Өөрөөр хэлбэл, үр ашиг өгөхгүй эсвэл удаан хугацаанд үргэлжлэх хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө түгждэг, үүнээс болоод эдийн засаг нь өсөхгүй, өгөөжгүй байдаг. Энэ бодлого өөрчлөгдөх ёстой.
Хоёрт, төр засаг зөв удирдана гэвэл эдийн засагт зөв явах хөшүүргийг нь бий болгох хэрэгтэй. Монголын эдийн засаг одоо дунджаар 43 хувийн ашигтай. Тэр 43 хувиа бид зарцуулж хэрэглэж амьдардаг. Дотор нь ялгаад харвал, уул уурхай 86 хувийн ашигтай. Боловсруулах үйлдвэрүүд 22 хувийн ашигтай. Тэгэхээр боловсруулах үйлдвэрүүд рүү хэн хөрөнгө оруулалт хийх вэ дээ.
Бүгдээрээ Оюутолгой, Тавантолгойн хувьцаа эзэмшигч болох юмсан гээд л мөнгөө бариад гүйхээс биш яг ард түмнийхээ иддэг, өмсдөг ойрын хэрэглээний зүйлс хийх үйлдвэр рүү хөрөнгө очдоггүй.
Төр энэ бодлогоо өөрчлөөсэй. Ийм арга хэмжээнүүдээ авч байж эдийн засаг сэргэнэ. Төрийн бодлого ухаалаг байх нь эдийн засгаа яаж хөдөлгөх вэ гэдгийг залж жолоодно гэсэн үг шүү дээ. Энэ жолоогоо л сайн бариасай.
-Монголд хүний хөгжил хоцрогдож байгаа шалтгаан юу юм бол. Ер нь хөгжил хаанаас эхэлдэг вэ. Нийгэм нь, төр нь өөрөө болохгүй учраас амьдралын чанар унаад, баян ядуу давхраажилт, элдэв асуудал үүсээд байна уу. Хүний хөгжилдөө асуудал байна уу?
-Хөгжил гэдэг бол бүтээх чадвар юм л даа. Баялаг бүтээх чадвар, амьдрах чадвар. Хүний амьдрал байгалийнхаа бусад амьд биетүүдээсээ ялгагддаг нь ухаанаар бүтээдэг, ухаанаар зохицуулдаг хүрээ. Тийм болохоор хүний амьдрал хөгжинө гэдэг нь хүн бүтээх чадвараа хөгжүүлнэ гэсэн үг. Үүнийг бид хүний хөгжилтэй холбож ярьдаг. Хүний хөгжил гэж тэр хүн амьдрах аргын сонголттой мэргэжилтэй байх ёстой. Сонголтгүй хүн бол яаж амьдрах ч учраа олдоггүй, юу хийхээ ч мэддэггүй. Намайг нэг албан газар бүртгэж аваад ажилчин болгоод сардаа их, бага ч баталгаатай цалин өгөөд, надад юу хийхийг минь заагаад өгвөл би зүтгэхсэн дээ гэсэн сэтгэхүйгээр л амьдрахаар бүтэхгүй дээ. Дээшээ улс, нийгмийн хөгжил гэдэг бол тэр орны технологийн хөгжилтэй холбоотойг түрүүнд ч хэлсэн. Шинжлэх ухаанаа хэчнээн өөд нь авч явж чадна, технологийн боловсруулалт хэр өндөр байна, зохион бүтээлт ямар байна, тэдгээрээс тэр орны юу үйлдвэрлэх хамаарна шүү дээ. Жишээлэхэд, Монголын нөхцөлд төрийн шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.1 хувь байгаа л даа. Гэтэл хөгжинө, хөгжлийн гал асаана гэх юм бол аль ч улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гурваас доошгүй хувийг судалгаа, боловсруулалтад зарцуулж байж, тэндээс жинхэнэ шинжлэх ухааны ололтыг шингээсэн технологи, зохион бүтээлт гардаг.
Монголд бол өнөөдөр янз бүрийн чиглэлээр эрдэмтэн, судлаач, инженерүүд оролдоод л байна. Үүнийг нь төр дэмжээд, тэтгээд, хамтарч ажилладаг бол болно.
Тэгэхээр хөгжлийн суурь гэдэг оюуныхаа хөгжилтэй, боловсролын системтэйгээ хөгждөг. Нэг жишээ хэлэхэд, Сингапур улсыг анх ядуу байхад нь Ли Куан Ю гэдэг хүн 27 жил төрийн толгойд сууж байж энэ өндөр хөгжилтэй орон болгосон юм шүү дээ. Ли Куан Ю нэг үе Ерөнхий сайд байснаа болиод Боловсролын сайд болсон. Боловсролын системээ өөрчилсний дараа эргээд Ерөнхий сайд болоод Сингапурыг өөд нь татсан. Өөрөөр хэлбэл, боловсролын систем чинь ямар байна тэр хэмжээгээр хөгжил явна. Гэтэл манайхан боловсролын системээ туршилтын талбар болгоод, үндсэндээ их уруудлаа.
Боловсролын системээ өөд нь татах хэрэгтэй. Сүүлийн үеийн хэд хэдэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаасаа би шүүмжлэлтэй ханддаг.
Шинжлэх ухааныхаа салбарыг хөгжүүлэх чиглэлээр өөдтэй юу ч хийж чадсангүй. 1986 онд Куба улс биотехнологио хөгжүүлнэ гээд эхэллээ. Тэр үед Куба улс 12 биологийн эрдэмтэнтэй байлаа. Монгол орон 84 эрдэмтэнтэй байлаа. Гэтэл Куба улс 35 жилийн дараа биотехнологиор дэлхийд тэргүүлэх орнуудын түвшинд хүрээд, коронавирусний вакцинаа өөрөө үйлдвэрлээд сууж байна. Энэ мэт олон жишээ дурдаж болохоор байхад Монголын төр өнөөдөр шинжлэх ухаандаа анхаарсангүй. Дан “махан” эдийн засаг, их хөрөнгө оруулалт, их хүч шаарддаг салбар руу анхаараад байна. Одооны эдийн засаг тоон эдийн засаг, нано түвшинд хүрсэн, компьютерын технологиудад түшиглэсэн эдийн засаг шүү. Үүнийгээ л төр засаг олж хараасай гэж бодох юм.
-Энэ Засгийн газар шинжлэх ухаандаа анхааръя, цахим үндэстэн болъё гэж яриад байна л даа?
-Одоо цахим үндэстэн гэж яриад байгаа нь цахим сүлжээг хэрэглэх тухай асуудал юм. Өнгөрсөн цагаан сараар Хятадын Алибаба нэг өдрийн дотор Монголын бүтэн жилийн таваар эргэлтээс гурав дахин их борлуулалт хийлээ. Энэ бол цахим сүлжээ ямар их хүчтэйг харуулж байна. Энэ рүү Монгол ордог нь зөв.
Гэхдээ Монголын төр засгаас одоо явуулж байгаа бодлогын хүрээ нь зөвхөн цахим сүлжээний хэрэглэгч маягаар орж байна.
Цахим сүлжээ дотор нь ажиллах, өөрийнхөө үйлдвэрлэлийг тэр дунд авч явах чиглэлд бид хүрээгүй байна. Мэдээлэл технологийн бүтээгдэхүүн гаргадаг, үйлдвэрлэдэг орон болох л хэрэгтэй.
-Өнөөдөр манай улсад хэн дуртай нь улс төрд ордог, нам дагаж амьдардаг жишиг бий болчихлоо. Яг үнэндээ төрийн хүний ёс зүй, боловсрол ямар байх ёстой вэ. Төрийн хүн гэж ямар байх ёстой юм бэ?
-Төр үүссэн цагаас эхлээд ялангуяа Дорнын гүн ухаан, төрт ёсны онолд төрийн хүн хэн бэ гэдгийг бүр хайрцаглаад, тогтоосон байдаг. Монголын төрт ёсны сургаальд ч хаан хүний 35 шинж, хатан хүний 14 эрдэм, түшмэл хүний есөн эрдэм гээд стандартжуулсан ойлголт байдаг. Төрийн хүн төрд зүтгэхийн гол утга учир нь тэр хүн нийгэмдээ үйлчилж байна, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээж байна. Нийгэмд зүтгэж, хариуцлага хүлээхийн тулд төрөө мэддэг, төрөө барьж чаддаг байх хэрэгтэй. Одоо багахан бизнес хийж мөнгөтэй болж аваад л гэр бүлийн амьдрал гайгүй боллоо гээд төрд ороод ирдэг. Гэтэл энэ хүмүүс маань төр гэж юу болохыг мэддэггүй. Сайндаа нэг компанийн захирал байсан хүн байдаг. Компанийн захирал бол дугуй унадаг хүн, төр барина гэдэг бол онгоц жолооддог хүний хийх ажил. Газар дээр дугуй унаад явдаг хүн агаарт онгоц бариад явна гэдэг сүйрлийн төгсгөлд хүрнэ биз дээ.
Бид төрдөө хүнээ сонгохдоо, сонгуульд орж байгаа хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлэхдээ намдаа хэчнээн мөнгө хандивласан байна, энэ хүн даргадаа хэчнээн үнэнч байна гэдгийг харах маягаар сонгодог болжээ.
Социализмын үед ч ийм байгаагүй. Социализмын үед төрд ажиллах хүнийг маш гүнзгий бэлтгээд, дээд түвшний эрдмийн зэрэг цол хамгаалуулж байж, түүний дараа тэр хүнийг дээш нь гаргадаг байлаа. Тэгэхээр одоо төрөө мэдэхгүй мөртлөө төр рүү зүтгэдэг. Төр рүү зүтгэж байгаа хүмүүсийн ихэнх нь төрийн албыг хамгийн ашигтай бизнес гэж хараад байна. Үгүй ядах нь ээ өөрөө амьдралаа сайжруулах бодлоор төр рүү зүтгэдэг. Үүнийг цааргалж байж төрийн хүнийг Монголд бий болгоно. Нөгөө талд нь төрийн хүнээ төр өөрөө бэлтгэх ёстой.
Манай төрийн хүнийг бэлтгэдэг гол суваг Төрийн албаны зөвлөл юм. Гэтэл энэ маань тендерийн юм уу төслийн зөвлөл болчихоод дутуу алсан могой шиг байгаа үгүй нь мэдэгдэхгүй байдалтай байна. Төрийн албаны зөвлөл төрд ажилладаг хүмүүсийг хардаг, хянадаг, боловсруулдаг, хүмүүжүүлдэг, сонгож олдог, санал болгодог төв байх ёстой. Намын харьяанаас гадна байдаг Төрийн тэргүүн төрийн албаны хүнээ бэлтгэх тогтолцоогоо гартаа авч чадах юм бол Монголд төрийн хүнийг бэлтгэж болно оо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
zssss shal hudlaa zunug\n
chini hen uhsin bee. chi yu be ulaan stereg abarsan biz dee 1921 ond medjinuu. muu esergune.
sharilaa ijil yabara. uur hurged ebguiteb
Tiim
Good