Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т орлоо

2021 оны 10 сарын 05

Монголчууд ЦАХИМ ҮНДЭСТЭН болж, дижитал хөгжлөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх том зорилт Засгийн газарт бий.

 

Тодруулбал, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн.

Уг ажлын хүрээнд  дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан  төлөвлөгөөг баталсан юм.

Тэгвэл том зорилт урдаа тавьсан Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа өнөөдрийн байдлаар дэлхийд хаана явна вэ гэдгийг “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс гаргасан  “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021”-т тулгуурлан хүргэж байна.

Тодотгоход, дэлхийн 64 улс орныг үзүүлэлтүүдээр нь эрэмбэлдэг уг тайланд Монгол Улсын мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ажилладаг юм.

Судалгааны аргачлалын хувьд дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуурт суурилан 9 дэд хүчин зүйлс хуваагдаж нийтдээ 52 үзүүлэлтээр тодорхойлжээ. 52 үзүүлэлтээс 32 нь статистик судалгаанд суурилдаг бол үлдсэн 20 үзүүлэлт нь санал асуулгаас бүрддэг.

Түүнчлэн уг тайлангаас  аль улс засгийн газар, бизнес, нийгмийн орчинд аль улс дижитал технологийн нээлт хийн хөгжүүлж, шинэчилж буй цаашлаад технологид хэрхэн дасан зохицож байгааг харах боломжтой болохыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлж байна.

Тайлангийн үр дүнгээс харахад дижитал өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсээр ирсэн АНУ 100 оноотойгоор эрэмбээ хэвээр хадгалж 1 дүгээрт эрэмбэлэгдсэн бол өнгөрсөн онуудад 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан Сингапур улс 5 руу ухарчээ.

Харин 5 дугаарт  эрэмбэлэгдэж байсан Хонгконг 2-т, Швед улс өнгөрсөн жилээс нэг байр дээшилж 3 дугаарт Дани нэг байр ухарч 4 дүгээрт, Швейцарь улс 6 дугаарт, Нидерланд 7 дугаарт эрэмбэлэгдсэн хэвээр бол Тайвань 3 байр урагшилж 8 дугаарт  эрэмбэлэгдсэн байна. Норвеги улс сүүлийн гурван жил дарааллан 9 дүгээрт байгаа бол Арабын Нэгдсэн Эмирт улс 4 байр урагшилж 10 дугаарт  орсноор дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж байгаа 10 улсыг бүрдүүлж байна.

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвараараа 64 орноос өмнөх онтой харьцуулахад эрэмбийн хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй 62-д эрэмбэлэгдсэн хэвээр байна.

Хэдий тийм ч ерөнхий оноогоороо өнгөрсөн жилийн 43,68 онооноосоо 40,69 болж буурчээ.  Манай улсын ард энэ жил тайланд шинээр орж ирсэн Ботсвана, Венесуэл улсууд орсон байна.

Дижитал өрсөлдөх чадварын үндсэн гурван бүлгийн эрэмбэ

  Үндсэн гурван шалгуур үзүүлэлтээр нь харвал бид мэдлэг гэсэн бүлгээр өнгөрсөн жилтэй адилхан 58 дугаарт  эрэмбэлэгдсэн бол технологиор нэг байр, ирээдүйд бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр гурван байр тус тус ухарчээ.

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэ

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Боловсрол ба сургалт”, “Дасан зохицох чадвар” гэсэн дэд бүлгүүд хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн бол “Бизнесийн овсгоо”, “Мэдээлэл технологийн байгууллагуудын төвлөрөл” “ШУ-ы байгууллагуудын төвлөрөл”зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 9 дэд бүлгээс капитал, бизнесийн орлого, технологийн орчин гэсэн 3 дэд бүлгээс бусад бүлгүүд өссөн дүнтэй байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын болон Дижитал өрсөлдөх чадварын эрэмбэ

Өнгөрсөн жилүүдийн судалгаануудад ч  эмэгтэй судлаачдын тоо, ажилчдаа сургалтанд хамруулах, боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо гэсэн үзүүлэлтүүдээрээ манай улс дээгүүр жагсдаг.

2021 оны тайланд ч мөн адил эдгээр үзүүлэлтүүдээр хамгийн дээгүүр жагссан байна. Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал, олон улсын туршлага, оюуны өмчийн зохицуулалт, судалгаа шинжилгээнд зарцуулсан хөрөнгө зэрэг үзүүлэлтүүдээрээ сүүл мушгиж байгаа нь нөлөөлжээ.

 

МОНГОЛ УЛСЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top