Ойрын өдрүүдэд үргэлжилэн орсон их хэмжээний цаснаас үүдэн зарим аймаг, сумдад нөхцөл байдал ихээхэн хүндэрчээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрийнх ихэнх хэсэгт зузаан цасан бүрхүүл тогтож, зарим газартаа 70-80 сантиметр цас орж хунгарласан байна. тиймээс энэ асуудлаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагч А.Баттүшигтэй холбогдож тодрууллаа.
-Их хэмжээний цас орсноор одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Тосгоныхоо төв хэсэгт цас арай бага орсон. Хөвсгөл нуурынхаа урд хэсэг, Алагцар, Сагсага, Чандмань-Өндөр сумын нутаг, Ханх сум явах зам дагуу 70-80 сантиметрийн зузаан цас орж, хунгарласан байдалтай байна. Өнөөдрөөс/өчигдөр/ нар гарч, дулаарч байгаа учраас гол, нуурын усны түвшин нэмэгдэж эхэллээ. Мөн нуурынхаа хойд хэсэг буюу Жанхай чиглэлд ч гэсэн нилээд их орсон.
-Ингэж их хэмжээний цас орсноос үүдэн хүн, малд элдэв эрсдэл гарсан уу?
-Хангай газар учраас мал шуурганд уруудах нь харьцангуй гайгүй. Гэвч хонь мал бэлчээртээ гарч чадахгүй боогдох, тухайн бүс нутагт амьдарч байгаа айл өрхүүд замгүй тусгаарлагдах зэрэг бага зэрэг хүндрэлүүд үүссэн. Өнөөдөр/өчигдөр/ Чандмань-Өндөр, Ханх сум руу явдаг зам, бусад цас их унасан газар руу Зил-131 машин явсан учраас түүний мөрөөр хонь малаа бэлчээрлүүлэх, харилцаа холбоо авч эхлээд байна. Мөн малчид маань отор нүүдэл хийх санаатай байгаагаа дуулгаж байгаа. Түүнээс одоогоор мал эндэх, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон зүйл алга.
-Өдийд энэ хэмжээний цас орсон учраас өвөлжилт хүндрэх нь дээ?
-Үнэхээр тийм. Хатгал орчмын нутгаар их хэмжээний цас орсон учраас мөсөн бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх эрсдэл үүсчихээд байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангасан байсан бэ?
-Саяхан аймгийн Хөдөө аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас ирж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж үзсэн. Тодорхой шалгуур үзүүлэлтүүдээрээ шалгахад манай тосгоны бэлтгэл ажил 76.2 хувьтай байна гэж гарсан. Олон малыг он гартал өвс тэжээлээр тэжээх боломжгүй учраас бид нар хуурай, бараан газар руу малчидаа нүүлгэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Хатгал тосгоны хувьд газар нутаг бага учраас зэргэлдээ сумд руу явж отор хийдэг. Тиймээс зэргэлдээ Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ сумын удирдлагуудтай отроор очсон малчдыг хөөж туухгүй байх тал дээр яриа хэлцэл хийж байгаа. Гэвч зарим дарга нар “өөрсдийнхөө малчдыг яая гэж байна” гэсэн явцуу байдлаар хандаж байгаад харамсаж байна.
-Энэ цас Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажилд хүндрэл үүсгэх болов уу?
-ОХУ-ын Эрэн хайх, аврах бүлгийн хүмүүс ирээд манай алба хаагчдад тодорхой сургалт мэдээлэл өгөөд явсан. Батлан хамгаалах яам, ОБЕГ-ын алба хаагчид энэ сарын 03-ны өдөр ирж шумбалт хийж, одоо явж байгаа Сүхбаатар хөлөг онгоцонд тулгуурлан дүгнэлтээ хийсэн. Одоогоор энэ ажилд ямар нэгэн хүндрэл үүсээгүй, хэвийн явж байгаа. Гэсэн хэдий ч цас их орсон, хүйтэрсэн зэрэг цаг агаарын бэрхшээл байгааг хэлэх хэрэгтэй.
-Хэдэн сарын хэдэнд татаж гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ер нь ажлын явцаасаа хамаараад энэ сарын 18-ны дотор гаргахаар төлөвлөсөн. Гэсэн ч яг татаж гаргах өдрийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь цар тахлын үед сонирхох гэсэн иргэдийн хэт бөөгнөрөл үүсэх зэрэг байдлаас урьдчилан сэргийлэн нууцалж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )